“Эмнэлгийн засвар дуусаагүй байхад ашиглалтад оруулсан”

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

“Эмнэлгийн засвар дуусаагүй байхад ашиглалтад оруулсан”

“Эмнэлгийн засвар дуусаагүй байхад ашиглалтад оруулсан”

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт 50 ортой хүүхдийн эмнэлэг одоогоос хоёр жилийн өмнө ашиглалтад оржээ. Улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт авсан барилгын өнөөдрийн төрх олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Тиймээс нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээлэл үнэн эсэхийг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Тус эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мотоблок” компани гүйцэтгэсэн аж. Улмаар холбогдох мэргэжлийн байгууллагад стандартын дагуу барьсан гэх барилгыг 2020 оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгсөн байна. Гэвч тус эмнэлэг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн борооны ус нэвтэрч, зоорийн давхарт үер бууж, шал нь хууларч, дээвэр нь эвдэрсэн учир өвчтөн хүлээж авах боломжгүй болжээ.

АЛБАН ЁСООР НЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ, ШААРДЛАГЫН ДАГУУ COVID-19-ТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙСАН

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:

-Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зурагт албан ёсны тайлбар хийнэ. Тэр зураг бол одоогийн нөхцөл байдал биш. Хүүхдийн 50 ортой эмнэлгийн засварын ажил үргэлжилж байгаа. Энэ сардаа багтаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Шинэ эмнэлэг яагаад чанаргүй баригдсан гэдэг асуудалд ЗДТГ-аас мөн тайлбар өгөх нь зүйтэй.

2020 онд ашиглалтад орох ёстой эмнэлгийг барихад шаардлагатай зарим материал тасалдсан шалтгаанаар эмнэлгийн барилгын ажлын хугацаанд өөрчлөлт орсон.

Гэвч тухайн үед дотоодод халдварын тохиолдол батлагдаж, эерэг гарсан хүмүүсийг хэвтүүлэх эмнэлгийн орны нөөц бага байсан. Тиймээс эмнэлгийн нээлтийг хийгээгүй ч дээрээс өгсөн үүрэг, шаардлагын дагуу тусгаарлалтын хүмүүсийг хэвтүүлэн эмчилсэн.

-Улсын комисс тэгвэл яагаад ашиглалтад ороогүй барилгыг хүлээж авсан бэ?

-Үүнийг би хэлж мэдэхгүй байна. Ямартай ч өвчтөн хүлээж авч байсан учраас эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдах учиртай. Тиймээс гэрээнд заасан хугацааны дагуу тухайн үед барилгыг хүлээж авсан гэж бодож байна.

-Эмнэлгийн барилгад асуудал байгааг нутгийн удирдлага мэдэхгүй байна гэж байх уу?

-Эмнэлгийн барилгын ажил дутуу байсныг бид бүгд мэдэж байсан. Covid-19-тэй хүмүүсийг авч байсан учир гаргаад, засвар үргэлжлүүлэх ямар ч боломж байгаагүй. Тус эмнэлэг зориулалтын дагуу нээлт хийгээгүй байсан учраас хүүхдийн тасгууд ажиллаагүй. Энэ сардаа багтаад эмнэлгийн барилгыг засварлаж дуусах талаар барилгын компаниас мэдэгдсэн.

2018 ОНЫ НАЙМДУГААР САРД БАРИЛГЫН ГЭРЭЭ ХИЙГДЭЖ, БИ АЖИЛДАА 10 ДУГААР САРД ТОМИЛОГДСОН УЧИР МОТОБЛОК КОМПАНИТАЙ ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛГҮЙ

Жаргалант суманд баригдсан эмнэлгийн барилгын ажлыг тус аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий компани барьжээ. Тодруулбал, түүний ах Т.Бямбажаргалын “Мотоблок” компани эмнэлгийг барьсан байна. Дүү нь өөрийн төрсөн ах буюу хамаарал бүхий компанитайгаа гэрээ хийж, улсын төсвийн мөнгийг шилжүүлжээ. Тэр ч бүү хэл хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрөө томилж, шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад оруулсан байна. Үүнд ямар тайлбарыг өгөхийг бид Т.Жаргалсайхантай утсаар холбогдож асуусан юм.

-Таны хамаарал бүхий компанийн барьсан эмнэлэг стандарт хангаагүй байж, улсын комиссын шалгалтад тэнцсэн. Та нөлөөлсөн үү?

-“Мотоблок” компани бол миний ахынх. Надад ямар нэгэн хамааралгүй. Энэ эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл, гэрээ намайг одоогийн албан тушаалд томилогдохоос өмнө нь болсон. Эмнэлгийн ажлын гэрээ 2018 оны наймдугаар сард хийгдсэн. Харин миний хувьд аравдугаар сард нь аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсон. Тэгэхлээр хэдийгээр манай ахын компани мөн ч эмнэлгийн ажилд ямар ч эрх ашгийн зөрчил байхгүй.

-Тэгвэл та яагаад улсын комиссын бүрэлдэхүүнийг томилсон бэ?

-Засаг даргын орлогчийн хувьд гарын үсэг зурсан.

-Одоо эмнэлгийн барилгад хийж байгаа засварын мөнгийг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа юу?

-Мэдээж үгүй. Улсын төсвөөр баригдсан барилга учраас хариуцагч компани засварыг дуусгана. Одоо засварын ажил хэвийн л үргэлжилж байна.

-2020 онд эмнэлгийн нээлт болж байгааг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичсэн байна. Гэвч та бүхэн нээлт хийгээгүй гээд байгаа нь ямар учиртай вэ?

-Тууз хайчилж, албан ёсны нээлт хийгээгүй. Зөвхөн Covid-19-тэй хүмүүсийг эмчлэх зорилгоор түр нээсэн.

50 ОРТОЙ ЭМНЭЛЭГ БАРИХ АЖЛЫГ ТАВАН ЖИЛ БОЛГОЖ СУНГАСАН УЧИР

Ховд аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасаг 39 ортой. Жилд дунджаар 1700-2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэх судалгаа бий аж. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих боломж бүрдэнэ гэж зорьж байжээ.

Харамсалтай нь тус ажил хэрэг улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авсан ч зорилтот бүлэгтээ хүрч чадсангүй. Засвар үйлчилгээ хийх, хяналт хэн тавих талаар нутгийн удирдлагууд нь ч мэдэхгүй царайлав. Орон нутагт нь бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь сайшаалтай. Даан ч хяналт тавьж, хариуцлага хүлээж чадахгүй бол удирдагч байх нь утгагүй.

Тиймээс Ховд аймгийн иргэдийн зүгээс энэхүү эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, дараагийн шаардлага тавина гэдгийг цахим хуудастаа илэрхийлжээ. Үүнд холбогдох удирдлагууд “Нэр хүнд харлуулах үйлдэлд анхаарахгүйгээр, бодит нөхцөл байдалтай танилцаж болно. Засварын ажлыг энэ сарын 01-нээс эхэлсэн” гэх хариултыг хээв нэг өглөө. Угтаа бол барилгын ажлыг одоо биш хоёр жилийн өмнө дуусгах ёстой байсан. Үүнд аль ч шатны удирдлага нь өөрөөсөө бурууг түлхэж байгаа нь гайхшил төрүүлэв. Эмнэлгийн үйл ажиллагааг хугацаандаа эхэлсэн бол Ховд аймагт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн орны хүрэлцээ нэмэгдэж, орчин үеийн чанар, стандарт бүхий тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болох байсан. Гэвч тус ажил ийнхүү тав дахь жилдээ үргэлжилж буй юм.

Гэрэл зургийг нийгмийн сүлжээнээс ашигласан болно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж