Орхонд бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

Орхонд бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Орхонд бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Орхон аймгийн онцгой комисс өнөөдөр (2022.03.13) шуурхай хуралдаж, ханиад томуугийн тархалт их байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Учир нь улсын хэмжээнд томуугийн өвчлөл 24 хувь, орон нутгийн хэмжээнд 21 хувьтай байгаа бол Орхон аймагт 37 хувь болж өсчээ.

Агаар дуслын замаар халдвар авч, эмнэлэгт хэвтсэн нийт хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа учраас эрсдэлийг тооцоолж, энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус аймгийн онцгой комиссын хуралдаанаас маргаашаас эхлэн 14 хоног хувийн болон төрийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

Орхон аймгийн эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй аж. Эдгээр хүүхдүүдийн 20 нь коридорт хэвтэж байгаа бөгөөд зарим хүүхдийн биеийн байдал хүндэрсэн учир яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж байгаа талаар АОК-оос мэдээллээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл ихэссэн учир сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хаахаас өөр аргагүй болсныг онцлов.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад, ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа аж. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанаас түр хугацаанд тусгаарлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

ХАНИАД, ТОМУУГААС ГАДНА МЕНИНГИТИЙН ТАРХАЛТ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхдүүдийн дунд менингококкт буюу менингит өвчний халдвар бүртгэгдэж буйг анхааруулж, эцэг эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхааруулсан. Энэхүү өвчин маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй бөгөөд агаар дуслын зам болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг.

Хамгийн ноцтой нь, бага насын хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг ажээ. Эрүүл мэндийн яамнаас "0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандаарай" гэж зөвлөж буй юм. Гэвч эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхэд бүрт хүрч ажиллахад учир дутагдалтай байгаа нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж