Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм. Хэрэв шаардлага хангаагүй өмсгөлтэй бол барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, бөхийн өмсгөл нь:
- Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
- Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
- Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
- Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
- Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
- Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
- Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
- Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
- Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
- Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Дээрх шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох аж.
Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс "Монгол бөхийн өргөө" болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүйг МҮБХ-ноос анхаарууллаа.
Холбоотой мэдээ