"Хүннү-2222" хороолол орчим баригдаж байгаа барилга дээр өчигдөр (2022.03.12) гал гарсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад "Хүннү" хороолол орчимд 21:46 цагт баригдаж байгаа барилгад гал гарсан гэх дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан.
Дуудлагын дагуу Гал унтраах 14 дүгээр анги ажиллаж, галыг бүрэн унтраасан. Гэхдээ гал барилгад гараагүй. Барилгын цутгалтыг хатаах гэж шахмал түлш түлээд хучсан хучлага шатсан" гэсэн тайлбар өглөө.
Сүүлийн үед орон сууцны баригдаж буй барилгад гал гарах эрсдэл ихэссэн. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын шинээр баригдаж байгаа барилгад энэ сарын 3-нд мөн гал гарсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход баригдаж байгаа 8 давхар барилгын 6, 7, 8 дугаар давхарын хамгаалалтын дулаалгын хучлага шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан билээ.
Галын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Мөн өнгөрсөн долоо хоногт Нисэхийн тойрогт шинээр баригдаж байсан 16 давхар барилгын гадна фасад шатсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраасан. Галын шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа ажээ.
Холбоотой мэдээ