АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт "Newsmax" телевизийн сувгаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр энэ үеэр Флоренс (Өмнөд Каролина) хотын дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ “Украины эргэн тойронд үүссэн хямрал дэлхийн III дайн болон хувирч болзошгүй” гэжээ.
Түүний бодлоор АНУ-ын одоогийн засаг захиргаанаас хэн ч Оросын удирдлага, тэр дундаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй “ярьж чадахгүй” байгаа тул Орос зорилгодоо хүрэхээс нааш "зогсохгүй" бололтой.
Трамп "АНУ Путинд хоёрхон сонголт байгааг ойлгуулах ёстой. Энхийн хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, эсвэл Оросын эрчим хүчнээс хараат байдлаас гарах зэрэг аянга шиг үр дагавартай тулгарахыг ойлгуулах хэрэгтэй” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп 2024 онд Бүгд найрамдах намын төлөөлөгчид ерөнхийлөгчийн сонгуулиар эрх мэдлээ эргүүлэн авна гэж үзэж буй аж. Тэрбээр "Энэ жил бид Конгрессын Төлөөлөгчдийн танхим, Сенатыг, 2024 онд үзэсгэлэнт Цагаан ордноо эргүүлэн авахыг зорьж байна" гэж хэлжээ. Трамп өөрийн биеэр нэр дэвшинэ гэж шууд хэлээгүй ч “Хоёр удаа ялсан, одоо бид дахин нэр дэвших шаардлагатай болж магадгүй” гэж хэлсэн байна.
АНУ-ын дунд шатны сонгууль ирэх арваннэгдүгээр сард болж, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 34 сенаторыг сонгох юм. Одоогийн байдлаар Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд олонх байгаа бол Сенатад паритет тогтсон буюу хоёр нам тус бүр 50 суудал эзэлдэг.
Трамп өмнө нь 2022 оны сонгуульд Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосноор Ардчилсан намынхан, тэр дундаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены улс төр дуусна гэсэн байр суурь илэрхийлж байв.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ