Саудын Араб өнгөрсөн Бямба гаригт 81 хүнийг цаазаар авсны дотор Йемений долоон иргэн байжээ. Цаазын ял сонссон хүмүүсийг аюулгүй байдлын хүчнийхэнд халдаж, гадаадын дэмжлэгтэйгээр террорист бүлэглэл байгуулсан хэрэгт буруутган шийтгэсэн талаар Вант улсын Дотоод хэргийн яам твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тус яам мэдэгдэлдээ “Нийт 81 хүнд цаазаар авах ял оногдуулсан шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хэвээр үлдээж, ялыг биелүүлэх тогтоол өнгөрсөн Бямба гаригт хэрэгжиж эхэлсэн” гэж дурджээ.
Мөн тус яамнаас “Цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн дунд долоон Йемен иргэн, Аль Саудын гэр бүлийн дэглэмийг эсэргүүцдэг, тус улсын шийт шашинтнуудын амьдардаг Саудын Арабын зүүн нутгийн олон залуу байсан” гэж мэдэгдсэн байна.
Саудын Арабын Дотоод хэргийн яам мэдэгдэлдээ “Аюулгүй байдлын хүчнийхэн рүү зохион байгуулалттайгаар халдсан, гадаадаас дэмжлэг авч террорист бүлэглэл байгуулсан хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдэд цаазаар авах ял оноолоо" гэж дурджээ.
“Al Jazeera” мэдээндээ “Саудын Араб сүүлийн 24 цагийн дотор 81 эрэгтэй, түүний дотор Йемений долоо, Сирийн нэг иргэнийг "гадаадын террорист байгууллагад үнэнч байсан" болон "гаднын итгэл үнэмшилтэй" гэсэн хэргээр цаазалсан" гэж Саудын Арабын төрийн мэдээллийн агентлаг мэдээлснийг иш татжээ.
Мөн энэ нь вант улсын орчин үеийн түүхэнд хамгийн олон хүнийг нэг өдрийн дотор цаазалсан явдал болсныг тэмдэглэв.
Эх сурвалж: AL JAZEERA, RIA NOVOSTI
Холбоотой мэдээ