Тойм: Ардчилалтай байвал Монгол тусгаар, бие даасан байна

Хуучирсан мэдээ: 2022.03.13-нд нийтлэгдсэн

Тойм: Ардчилалтай байвал Монгол тусгаар, бие даасан байна

Тойм: Ардчилалтай байвал Монгол тусгаар, бие даасан байна

Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны V их хурал өнгөрч буй долоо хоногт олны анхаарал татсан, онцлох үйл явдлын нэг байлаа. Энэхүү хуралд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч, МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар оролцож, үг хэлэв.

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ц.ЭЛБЭГДОРЖ: АРДЧИЛАЛД НААЛДСАН БУРУУ ЗҮЙЛИЙГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны хуралд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Эрх чөлөө, ардчилал гэдэг хэзээ ч төгс байдаггүйг бид харж байна. Өдөр бүр л эрх чөлөө, ардчиллынхаа тухай санаа зовж, бодож явахгүй бол болохгүй. Ардчилалд наалдсан буруу зүйлийг арилгах хэрэгтэй. Тиймээс эрх чөлөө хэзээ ч насанд хүрдэггүй. Ардчилал хэзээ ч хөгширдөггүй. Үүний илэрхийлэл нь МоАХ байх ёстой" гэв.

Мөн тэрбээр "Өөрсдийн эрхээ хамгаалдаг шигээ ардчиллаа хамгаалах ёстой. Ардчилалтай байвал Монгол тусгаар, бие даасан байна. Энэ замаасаа бид ухарч болохгүй. Гэвч энэ замаас ухрах оролдлого үргэлж болдог. Би газрын зураг хараад үргэлж бахархдаг. Хоёр том улаан дунд ганц хөх, цагаан өнгө буюу Монголын ардчилал үргэлж ялгарч харагддаг. Ардчиллыг хадгалж явдаг МоАХ амьд байна. Залгамж халаа нь ч байна. Үеийн үед МоАХ байх болно. Монголын ардчилал, эрх чөлөө байх болно. Тиймдээ ч ардчилалд тулгамдаж буй  хүндрэлтэй асуудлуудыг байнга ярилцаж, шийдвэрлэх ёстой.

МоАХ ажиллахгүй байвал чи өөрөө ардчилал, эрх чөлөөний гал байх ёстой. Үүний үр дүнд Монголын ардчилал газар бүрт тархана. Төр засгаас гаргаж буй буруу шийдвэрүүдийг шүүмжилж гарч ирж байгаа хүмүүсийг би үргэлж дотроо дэмжинэ. Тиймдээ ч энэ хүний ард Ц.Элбэгдорж байна гэж харддаг байх. Эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа хүн бүрийн ард Ц.Элбэгдорж байх болно. Үүнийг цээжилж явах хэрэгтэй. Бид нэг л өдөр энэ орчлонгоос явлаа гэхэд эрх чөлөөний үзэл санаа болж үлдэх ёстой.

Эх орон, эрх чөлөө бүтэн байх нь чухал. Монголын ардчилал, эрх чөлөөний цэнхэр туг хазайсан байна. Үүнийг бид тэгшлэх хэрэгтэй. Хонхныхоо дууг дуулах шаардлагатай газар нь дахин дахин дуулах хэрэгтэй" гэсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МоАХ туйлын эмгэнэлтэй байдалд ороод байгааг тэмдэглэв. Тэрбээр “МоАХ-ны дарга байсан хүний хувьд өнөөдөр эргээд харахад миний мэддэг МоАХ байхгүй болсон. Өдөр бүр тордох ёстой ардчилал өнөөдөр хаана байна вэ? Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн энд алга. УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, МоАХ яагаад дуугарахгүй байгаа юм бэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ардчиллын тугийг атгуулаад босгож өгсөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дөрвөн жил дуугарсангүй вэ. Тэр яагаад МоАХ-ны амыг барив аа. МоАХ-ны дарга байсан, АН-ын даргын хувьд бусармаг, хариуцлагагүй этгээдийг Ерөнхийлөгчөөр сонгох үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр харамсч байна. Би үүндээ дахин уучлалт гуйя.

Бид өнөөдөр коммунистуудаас айгаагүй байж МоАХ-нд шургалж орсон бэртэгчнүүдээс айх хэрэг үү. Тийм зүйл байхгүй. МоАХ дотор үнэхээр шан харамж харж, үзэл санаагаа уландаа гишгэсэн Х.Баттулгыг дагасан бүхэл бүтэн хүн сүрэг бий болчхоод байна.

Тэд Монголын төлөө ганц ч үг дуугараагүй. 1990 онд бидэнтэй мөр зэрэгцэж явсан зарим нөхдүүд хүртэл урваж шарваад, тэдэн дунд явж байна. Хийсэн бүтээсэн гавьяаг төр нь өөрөө үнэлдэг юм. Түүнээс биш хэн нэгэн этгээд МоАХ-ноос шагнал өгсөн нэрээр хүн бүрийг шагнаад суудаг зүйл биш. МоАХ-ны шагнал бол бэртэгчнүүдэд тараадаг цаас биш. Үүнийг маш сайн ойлгоорой” гэв.

Д.МОНГОЛХҮҮГ МОАХ-НЫ ДАРГААР СОНГОВ

МоАХ-ны Үндэсний зөвлөгөөн өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд болсон. Энэ үеэр МоАХ-ны даргад Д.Монголхүүг заалнаас нэр дэвшүүлсэн билээ. Уг зөвлөгөөнөөр МоАХ-д тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, тус холбооны тавдугаар их хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

МоАХ-ны тавдугаар их хуралд оролцогчдын саналаар МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулж, МоАХ-ны даргаар Д.Монголхүүг сонгов. Дашрамд дурдахад, МоАХ-ны Ерөнхийлөгчид заалнаас Ц.Элбэгдорж, Д.Монголхүү, А.Цэрэнбат, Д.Сосорбарам, Ц.Сүхбаатар нарын нэрийг нэр дэвшүүлсэн ч Д.Монголхүүгээс бусад нь нэрээ татсан юм.

“С.ЭРДЭНЭД БАЙГАА ТАМГА, ТЭМДЭГ ХҮЧИНТЭЙ”

Энэ долоо хоногт Ардчилсан намын их хурал ирэх дөрөвдүгээр сарын 7-нд болох тов тодров. Тус хурлаар Ардчилсан намынхан шинэ даргаа сонгох аж. О.Цогтгэрэл АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Ардчилсан нам УИХ-ын хоёр ч сонгуульд үнэмлэхүй ялагдаж, намынхаа бодлогыг төрийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх боломжгүй явсаар ирлээ. Мөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх боломжгүй болж, дотоодын хагарал нь хэм хэмжээг давлаа. Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа хийж, шинээр сонгогдсон даргаа ёсчлон батламжилна. Өнгөрсөн хугацаанд АН-ын 200 мянган гишүүн нэг талд байсан тул даргаас бусад асуудалд ямар нэг маргаан байхгүй болж, эцэслэгдсэнийг онцолмоор байна.

Энэ удаад зарлаж буй дотоод сонгууль АН-ын хувьд дотоод асуудлаа шийдэхэд чухал үйл явц. Одоо шинэ дарга хурдан батлагдаж, АН-ын асуудал нэг мөр цэгцрээсэй гэж миний бие энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшихгүй байх хувь хүний шийдвэрийг гаргаж байна. Ардчилсан намыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно. Шинээр сонгогдох даргаа бүрэн дэмжиж ажиллах болно” гэв.

АН-ын удирдлагууд өнгөрсөн Пүрэв гариг (2022.03.10)-т Улсын дээд шүүхэд Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн юм.

АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “АН сая ээлжит бус их хурлаа хуралдуулж, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэсэн. Энэ дагуу УДШ-д АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг өргөн барьж байна. Дүрмийн өөрчлөлтийн хувьд нэлээн удаан “хийсэн”. Аймаг, дүүргийн намуудаар хэлэлцүүлсэн. Монголд хууль эрх зүйн хувьд сөрөг хүчин ганцхан АН байгаа. АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй" гээд, С.Эрдэнэд байгаа тамга тэмдэг хүчинтэйг дахин мэдэгдэв.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар орох нь тодорхой болов.

ТӨР ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ХӨШИГИЙН ХӨНДИЙ РҮҮ ҮЕ ШАТТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ “Монгол Улс Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Хөшигийн хөндийн байр зүйн зураг буюу уул жалгыг судлах, барих барилгын даацын стандартыг тогтоох зэрэг ажлыг хийж байна.

“Хөшигийн хөндийд эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлснээр тухайн газарт төвлөрөл бий болох юм. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ямар байгууллагуудыг гаргах вэ гэдгийг судална. Мөн Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нисэх буудлын ойролцоох дулааны станц ямар хүчин чадалтай байх, цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах, дулааны шугамыг хэрхэн татах зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургийг гаргана. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох юм. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дэд бүтцийг тавьснаар хувийн хэвшлийн байгууллагууд барилга байшин барих боломж бүрдэнэ” гэв.

Тус хуралдаанаар 2016 онд Хөгжлийн банкинд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын багийн дүгнэлтийг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэсэн. Дээрх материалыг ил болгох саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газарт тавьжээ. Тэрбээр тухайн үед ажлын багийг ахалж ажилласан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийт 130 хуудас бүхий материалыг бүхэлд нь ил болгосноор өнгөрсөн хугацаанд ажлын багийн дүгнэлтийн дагуу Засгийн газар, хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, ямар ажил замхарсан нь ил тод болно гэж онцлов.

Тэрбээр "Тодорхой эх үүсвэрээс мөнгө татан төвлөрүүлж, ямар байдлаар зээл болгож гаргасан, тухайн үед аль эх үүсвэр нь ноцтой гэдгийг анхааруулж байсан тухай дүгнэлт гарсан. Зарим зээлдэгчдийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Зургаан жилийн хугацаанд хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүн гарсан бэ. Энэ дүгнэлтийн дагуу тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яам, холбогдох байгууллага арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэх байсан эсэх нь тодорхой болно" гэж мэдээлэв.

Мөн тэрбээр нийтэд ил болгосон 130 хуудас бүхий материалыг ХЗДХЯ-нд хандан хэвлүүлж авах боломжтойг тодотгосон юм. Мөн “Тухайн үед Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох хэлэлцээ явагдаж байсан тул ажлын багийн дүгнэлтийг нууцалсан” гэж тайлбарлав.

ЭКСПОРТ, ИМПОРТЫН ШИНЭ ГАРЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛЭВ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ долоо хоногт эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалт эхлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож,  хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бид “Оюутолгой”-н гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг саяхан эхлүүлсэн. Хоёр дахь том төсөл Зүүнбаян-Хангийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өнөөдөр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж байгааг онцлов.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэж Ерөнхий сайд хэлээд, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёр дахь Гашуунсухайт, хоёр дахь Замын-Үүд бий болох юм” гэв.

Зүүнбаян-Хангийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.

Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн 50 хувь нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 ам.доллароор буурна гэж тооцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, “Оюутолгой”-н зэсийн баяжмал, “Тавантолгой”-н нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсч, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх ажээ.

"БИДЭНД БАЯРЛАХ ШАЛТГААН АЛГА"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар одон, медалийн хур буусны зэрэгцээ нийгмийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас дурдвал, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр (2022.03.08) Сүхбаатарын талбайд "Бидэнд баярлах шалтгаан алга" нэртэй жагсаал зохион байгуулав.

Жагсагчдын төлөөлөл худалдаа эрхлэгчид бүгд өдрийн зээлд дарлуулж байгаагаа учирлаж байлаа. Тэд хэлэхдээ “Өнөөдөр бид хүнд зүйл өргөөд явж байгаа шиг дарамтад амьдарч байгаагаа харуулахыг зорилоо. Худалдаа, үйлчилгээний салбарынхнаас татвар, түрээс, торгууль гээд төр авахаа л мэддэг. Бидэнд хууль, худалдаачдыг дэмжих сан хэрэгтэй байна" гэв.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, энэ долоо хоногт бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгджээ. 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн харъяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2363 орон дээр 2522 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7 хувьтай байгаа нь өмнөх долоон хоногийн мөн үеэс 11 хувиар

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкийн халдвар бүртгэгдэв. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан менингит хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм. Гэхдээ шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэрдгийг эмч нар мэдээлэв.

САЙН МЭДЭЭ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨРӨХ БОЛОН ТӨРСНИЙ ДАРААХ БҮХ ОРЫГ ШИНЭЧЛЭВ

Энэ долоо хоногийн сайн мэдээ. Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн хуучирч муудсан 496 орыг 100 хувь шинэчилсэн байна. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг болов. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засч тохижуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж