БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд "Covid-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосноор Замын-Үүд, Эрээний боомт хаагдаж өнөөдрийг хүртэл хилийн боомт хэвийн горимдоо ороогүй байна. Эрээн хот зөвхөн дотоод хөдөлгөөнөө арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс нээж эхэлмэгц Монголын талаас хоёр улсын хилийн ачаа тээврийг хэвийн явуулах хүсэлтийг удаа дараа Хятадын талд илэрхийлсэн. Улмаар Хятадын талаас манайд тавьсан ганц шаардлага нь “Жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихийг” мэдэгдсэн юм.Тиймээс Монгол Улсын Засгийн газар импортын ачаа барааг тасалдуулахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээн авсан. Улмаар туршилтын тээврийг явуулж энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ачаа барааг хоёр улсын хилийн 0 цэг дээр үдээс өмнө Хятадын тал авчирч, манай талаас тухайн чингэлэг тээврийг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлээд, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар, орон нутгууд руу жолооч нар тээврээ хийх ийм зохицуулалтад орсон. Өдөрт 0 цэгээс 60 чингэлэг ачааг оруулж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг 54415 тонн ачааг татжээ. Мөн импортоор 482 шинэ машин орж ирсэн байна.
Засгийн газрын 2022 нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар 04 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нь дээрх зохицуулалттай холбоотой юм. Жолооч нарын зүгээс уг онцгой дэглэмийг цуцлахыг шаардаж “Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна” гэдгийг мэдэгдсэн.
Гэвч Монголын талаас жолооч нарын тээврлэлтийг хориглоогүй бөгөөд Хятадын талаас тавьсан шаардлагад нийцүүлэн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгөөр импортын ачаа барааг татан авч байгаа юм.
Хэрэв жолооч нарын дээрх шаардлагыг хүлээн авч Замын-Үүд сумын онцгой дэглэмийг цуцалбал, Эрээний хил хаагдсан хугацаанд нэг ч импортын ачаа бараа Монгол руу орж ирээгүй тэр нөхцөл байдалдаа буцаад очно гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар ч онцолсон. Өөрөөр хэлбэл, импортын ачаа бараа өнгөрсөн өвлийнх шиг хил дээр гацна гэсэн үг.
Хятадын тал хил, боомтоо хэзээ хэвийн явуулж эхэлнэ тэр үед Монголын жолооч нар урьдын адил тээвэрлэлтээ явуулах нөхцөл бүрдэнэ.
Холбоотой мэдээ