“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өчигдөр/2022.03.11/ эхлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон холбогдох албаныхан нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гэдгийг дурдав. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёр дахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өнөөдөр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж байна хэмээн хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “2019 онд эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил дуусаж, өнгөрсөн долоо хоногт зэсийн баяжмалыг туршилтаар тээвэрлэсэн. Дараагийн бүтээн байгуулалт бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Энэ нь хэчнээн хүнд болохыг коронавирусийн цар тахал бидэнд ойлгуулсан билээ. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт болон Замын-Үүд бий болно. Түүнчлэн төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх юм. Байгаль, экологид сөрөг нөлөөгүй тээвэрлэж эхэлнэ" гэв.
Ташрамд дурдахад, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.