ТОЙМ: "Нүүрсний үнэ өссөн ч монголчууд ашиглаж чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

ТОЙМ: "Нүүрсний үнэ өссөн ч монголчууд ашиглаж чадахгүй"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"УЛС ТӨРИЙН НАМД ХАНДИВ ӨГЧ ТӨРИЙН БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ НЬ БИЙ"

Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хаврын чуулганаар өргөн барих аж. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.  Энэ хуулийг шинэчилснээр намын санхүүжилт, хандивын мэдээлэл ил тод болох гэнэ.  Ингэснээр нам доторх авлигын асуудал цэгцэрч, нам “эрүүл” болно гэж хууль боловсруулагчид хэлж буй.


-Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан юм байна. Та уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тиймээс хуулийн төслийн онцлох гол өөрчлөлтүүд нь юу байв. Энэ хууль шинэчлэгдсэнээр улс төр, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?

-Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд дотооддоо ардчилсан зохион байгуулалттай, улсын хэмжээний бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын орлого, зарлага ил тод байх ёстой. Мөн намд үзүүлэх төсвөөс олгох санхүүжилтийг хуулиар зохицуулах эрх зүйн үндсийг тавьсан. Эндээс үзэхэд улс төрийн намууд зөвхөн сонгуульд чиглэсэн цаг зуурын шинжтэй популист бодлого явуулахгүй, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлдөнө. Үүний тулд бодлогын нам байх ёстой. Намууд бодлогын судалгааны байгууллагатай, намаас гарах бүх шийдвэр хөтөлбөр нь шинжлэх ухааны судалгаанд үндэслэнэ. Мөн гишүүдийн улс төрийн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.

-Намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх ёстой гэдгийг тайлбарлахгүй юу?

-Намууд эрх барих дээд хурлаа хийдэг, гишүүдийн саналыг сонсдог, намын үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийг тэгш оролцуулдаг, намын дарга удирдлагууд тогтоосон хугацаанд тайлангаа тавьж, хурлаа хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад бүртгэгдсэн зарим намууд их хурлаа хийгээгүй, дарга нь үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, эсвэл нэг компани байгуулаад, тухайн компанийн хэмжээнд үйл явуулдаг гэх мэт улс орон, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг шүүмжлэл нийгэмд байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХҮН АМЫН ДУНД СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТСОН"

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхантай цар тахлын тархалтын талаар ярилцлаа. 


-Цагаан сарын баярын дараа хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд хоногт халдварын тохиолдлын тоо 50-60 мянгад хүрнэ гэж ЭМЯ анхааруулж байсан. Гэвч эсрэгээрээ халдварын тоо буурч эхэллээ. Шалтгаан нь юу байв. Эсвэл эрдэмтэд алдаж тооцов уу?

-ХӨСҮТ-өөс гаргаж буй долоо хоногийн тойм статистик мэдээлэл бий. Үүнд долоо хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо, PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь, хүндрэлийн зэрэг, нас баралтын индекс гэх мэт хэд хэдэн шалгуураар тархалт, эх уурхай, хүндрэл гэдэг үзүүлэлтийг гаргадаг. Одоо энэ бүх үзүүлэлт тогтвортой буурч байгаа учраас омикроны давалгаа дуусч байна гэж ойлгож болно.

Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлсэн. Бид таван тохиолдлоос дээш кластерыг бүртгэдэг. Энэ кластерт цэцэрлэг, сургуулийн халдвар бүртгэгдсэн. Гэхдээ их биш.

Бид тандалт, хариу арга хэмжээ авахдаа тухайн ангид хүүхэд өвдвөл гэрт нь тусгаарлаж, цахимаар хичээллэх боломж олгож байна. Нийт дүнгээрээ харахад бид дархлаажуулалтын хувь өндөр байгаа учраас тархалт буурч байна.

-Иргэд цар тахлыг тоохоо больсон байна. Халдварын тохиолдол ч буурлаа. Одоо амны хаалтаа тайлчихвал яасан юм бэ?

-Иргэдийн хувьд тайвшрах цаг болоогүй. Зарим өдөр 500-гаас доош тохиолдол бүртгэгдэж байгаа нь омикроны халдвар бидний дунд байна гэсэн үг. Мэргэжлийн байгууллагууд бүх эрсдэлээ тооцоолж, цар тахлын шинэ хувилбарын эсрэг хариу арга хэмжээ авах нөөцтэй гэдэг үндэслэлээр хязгаарлалтыг цуцалсан. Тэглээ гээд хувь хүн амны хаалтаа тогтмол зүүж, аль болох олон нийтийн газраар шаардлагагүй бол очихгүй байх шаардлагатай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨН АЛТАН БОЛОМЖИЙГ МОНГОЛЧУУД АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ"

"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Дэлхийн зах зээлд коксжих нүүрс тонн тутамдаа 400 ам.доллар давчихлаа. Харамсалтай нь, монголчууд энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Энэ нь гадаад хүчин зүйлстэй холбоотой юу, аль эсвэл дотоодын хүчин зүйлсээс болов уу?

-Нүүрсний эрэлт өндөр байна. Гадаад хүчин зүйлсийг Австрали улс БНХАУ-тай худалдааны хоригтой, дээр нь үер боллоо. Энэ нь олон улсын нүүрсний зах зээлд нөлөөлж байна. Мөн ОХУ нүүрсний хориг арга хэмжээнд орж, Монголын нүүрсний экспортын хэмжээ буурсан зэргээс шалтгаалан эрэлтээ дагаж үнэ өсөхөд нөлөөлж байна.

Харамсалтай нь үнийн өсөлтөөс Монгол Улс ямар нэгэн ашиг хүртэж чадахгүй. Үр ашгийг нь хүртэх ч боломжгүй. Шалтгаан нь хилээр нүүрсээ нэвтрүүлж буй хэмжээ нь хязгаарлагдмал.

Хятадын тал цар тахал, цагаан сар, өвлийн олимп, пара-олимп, Хятадын коммунист намын хурал зэрэг шил дараалсан арга хэмжээнээс үүдэн хилийн хяналтыг  чангаруулсантай холбоотой. Улмаар нүүрсний эрэлт өсч байна. Учир нь, Хятадын талд нүүрсний нөөц буюу худалдан авсан бэлэн овоолго багассантай холбоотой. Хэдийгээр тус улсын зүгээс аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авахад бэлэн байгаа ч Монголын талаас цар тахлын үед зохион байгуулалт хангалтгүй, шуурхай биш байгаа нь нүүрс гарахгүй байгаа нэг шалтгаан.

Монгол Улсын хувьд Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр гол том боомт “тэг” зогсч, нүүрсийг маш бага хэмжээгээр экспортолж байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 1000-2000 автомашин гарах боломжтой атал 150 автомашин болж буурсан. Мөн Шивээ хүрэн боомт 2021 оны аравдугаар сараас хойш зогссон.

-Цаашид нүүрсний үнэ буурах уу өсөх үү. Төлөв ямар байна?

-Нүүрсний үнэ буурна гэж харахгүй байна. Үнэ буурахад их хэмжээгээр савлах үзэгдэл гарахгүй болов уу. Бага зэргийн бууралт гарах байх. Хилийн хязгаарлалт, нүүрс олборлолтын овоолгын хэмжээ буурсантай холбоотой үнэ богино хугацаанд өсдөг ч эргээд буурна. Мөн сезоны үе буюу ирэх долдугаар сар хүртэл нүүрсний эрэлт нэмэгдэх учраас үнийн өсөлт буурахгүй болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН ГЭХ НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхонтой ярилцлаа.


-Э.Бат-Үүл давж заалдах шүүхийн гомдлоо гаргасан гэсэн. Шүүхээс албажсан шийдвэрээ өгөх гэж бас багагүй цаг авсан. Яагаад тэгж удсан юм бол?

-Бид давж заалдах гомдол гаргасан. Одоо тухайн гомдлын дагуу давж заалдах шатны шүүхэд хэргийг шилжүүлж, шүүх хурлаа зарлах ёстой. Шүүхийн шийдвэр гарах гэж хоёр сар орчим хугацаа болсон. Хуулийн хугацаа нь хоёр долоо хоног байдаг атал хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтрүүлэх нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх тул бид шүүхэд зохих журмаар шаардлага хүсэлтээ гаргасан. Харамсалтай нь, хугацаа нь хэтэрч, битүүний орой /2022.02.01/ шүүхийн шийдвэрийг гардуулсан.

-Биеийнх нь байдал хэр байна вэ?

-Цагдан хорих байрны орчин биеийнх нь байдалд сөргөөр нөлөөлж байна. Бидэнд өөрөө ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр “Миний хувьд энд бие муудлаа гэж гоншигнохгүй. Тийм учраас ийм асуудал битгий тавь” гэсэн.

Гэр бүлийнхэн нь Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Тэднийгээ аль болох зоригжуулж байсан. Би 2017 оноос хойш хэрэг дээр нь ажиллаж байгаа юм. Өөрөө сэтгэл санааны хувьд хатуужилтай, итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсдог хүн гэдэг нь мэдрэгддэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж