Ерөнхийлөгч спорт холбоодын асуудалд оролцож, онигоо болох вий

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч спорт холбоодын асуудалд оролцож, онигоо болох вий

Ерөнхийлөгч спорт холбоодын асуудалд оролцож, онигоо болох вий

Спорт холбоодын хагарал, дотоодын тэмцэлд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцдог жишиг тогтох нь. Саяхан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд мөн үндэсний өв соёл гэдэг утгаар нь үндэсний бөхийн холбооны асуудалд оролцож, тэргүүлэгчдийг нь хүлээн авч уулзсан. Уулзалт ч үр дүнгээ өгч, бид хэрүүл маргаангүй цагаан сарын барилдаан үзсэн. Тэгвэл энэ удаад Монголын сагсан бөмбөгийн холбооны хагарал, хуваагдмал байдалд төрийн тэргүүнийг оролцооч гэж дээд лигийн комиссар Б.Ялалт хүсэв.

Тэрбээр ярихдаа “Лигийн тэмцээн дуусаад эв нэгдэл дуусах болгоомж байгаа учир монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргамаар байна. Бөхийн холбоонд эвлэрлийг авчирсан шиг сагсан бөмбөгийн холбоонд эвлэрэл авчраасай гэж хүсмээр байна. Мэдээж спорт улс төрөөс ангид байх ёстой ч 10 гаруй жил үргэлжилсэн энэ маргаанд Ерөнхийлөгч оролцох ёстой гэж би харж байна. Энэ хагарлаас болж үзэгчид, сагсчид, Монголын сагс хохирно” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэдий ч спорт холбоодын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй санагдах. Монголд дотооддоо асуудалгүй спорт холбоод тун цөөхөн. Энэ бүх холбоодын тэмцэлд төрийн тэргүүн оролцоод байвал сүүлдээ утгаа алдана. Ёстой л ялихгүй юмнаас ямааны гарз. Тэгэхээр спорт холбоод бие даасан, төрийн бус байгууллага гэдгээ харуулж, асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй.

Угтаа холбоод маань дотооддоо хурал, зөвлөгөөнөө хийж, асуудлаа шийдвэл зохимжтой.

Удахгүй Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган болно. Энэхүү чуулганы дараагаар спорт холбоод мөн тус тусын ээлжит их хурлаа хийх дүрэмтэй. Сагсан бөмбөгийн олон холбоод ч нэгдэн их хурлаа хийж, дундаасаа нэгдсэн, шинэ тэргүүнээ сонгож, үйл ажиллагаа нь жигдрэх биз. Ядаж л хоёр талын хүмүүс нь ширээ тойрч суугаад ярилцаж, өөрсдөөсөө шалтгаалах боломжтой бүхнийг хийж үзээсэй. Ингэвэл үнэн хэрэгтээ төрийн тэргүүний хайр, тусламж хэрэггүй мэт.

Я.Болд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж