Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрөгч Мягмар гаригт тохиож, эмэгтэйчүүд эрхээ “утгаар” нь эдлэв. Угаасаа ч эрхийн өдрүүдээ баярын арга хэмжээ болгож хувиргадаг нь бидний хувьд бараг уламжлал шахуу болчихсон. Талбай дээр хэдэн хүүхэн нүцгэн алхасныг, Төрийн ордонд эмэгтэйчүүд чуулсныг эс тооцвол үйлчилгээний газрууд овоо ч орлоготой ажилласан байх. Харамсалтай нь, тэр өдөр эрүүжүүлэхийн дуудлага эрс нэмэгдсэн гэх. Удахгүй цэргийн баяр болно. Улсаараа эрчүүдээ баярлуулна. Баярын өдөр олон, баярлах шалтгаан ч мундахгүй. Эрэгтэйчүүд нь цэрэгт явсан, явна гээд баярлана. Эмэгтэйчүүд нь цэрэг төрүүлсэн гээд бас давхар баярлачихна.
Гэхдээ баярлахаас гадна бид нийгмийн асуудлаа ч бас ярилцах ёстой юм. Учир нь, эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчүүдийн эрх гэж тусдаа ойлголт байхгүй. Хүний эрх л гэж ганц ойлголт бий. Хүний эрхэнд эр, эм хэн байлаа ч халдаж болохгүй гэдгийг хүүхэд байхаас нь ойлгуулах ёстой байх. Атал Монголд зөвхөн охидын эрх, эмэгтэйчүүдийн жендер, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцооны тухай л ярьцгаах. Хөвгүүдээ хэзээ, хаана мартчихсан нь бүү мэд. Хөвгүүдэд бас хайрлах, хайрлуулах шалтгаан байдгийг яагаад ч бас ярьдаггүй юм бол. Охид, хөвгүүд хоёр чинь хүйсийн ялгаатай болохоос хүний эрхийн ялгаатай биш шүү дээ. Адилхан амьдрах, сурах, эрүүл байх, эрдэм боловсрол эзэмших эрхтэй. Энэ нь бидний эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголтоо толгойноосоо авч хаяхаас л эхэлнэ. Товчхондоо, хөвгүүдээ “үл тоож” өсгөчхөөд дараа нь охидоо нуух тухай ярих нь зөв биш юм.
Үндэсний статистикийн газраас гаргасан тоон мэдээллийг эхлээд сонирхуулъя.
1.Монголд Улсын нийт хүн амын 1.5 эрэгтэй. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөөд амьдардаг.
Тэдний дундаж наслалт 66 агаад 1.1 хувь нь өрх толгойлдог. Эрчүүдийн 24.7 хувь нь дээд боловсролтой, зургаан хувь нь огт боловсрол эзэмшээгүй байна.
Уул уурхай, тээврийн салбарын 87.9 хувь нь эрчүүд ба их дээд сургуульд 64 мянга нь эрэгтэй оюутан суралцаж байна. Улс төрийн албан тушаалтны 72 хувийг эрчүүд эзэлдэг бол төрийн захиргааны 40.4, төрийн үйлчилгээн албаны 29.8- хувь нь эрэгтэй албан хаагчид.
2.Тэгвэл Монгол Улсын нийт хүн амын 1.6 сая нь эмэгтэй. Эмэгтэйчүүдийн 38.7 хувь нь дээд боловсролтой бол 3.5 хувь нь огт боловсролгүй. Дундаж наслалт 76. Тэдний 69.6 хувь нь хотод, 30.4 хувь нь хөдөөд амьдардаг.
Төрийн захиргааны 59.6, төрийн үйлчилгээний 71.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд их дээд сургуульд суралцагчдын 93 мянга нь эмэгтэй оюутан. Нэн ялангуяа анагаахын салбарт суралцагчдын 80 гаруй хувь нь эмэгтэй оюутан байна.
Дээрх статистикаас харахад эрүүл мэнд, боловсролоороо Монголын эрэгтэйчүүд хэдийнэ эмэгтэйчүүдийнхээ ард орхигджээ. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 10 жилээр урт насалж байна. Энэ хэрээр бэлэвсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Нийгмийн нэг том асуудал болчихоод байгаа л даа.
Их дээд сургуульд суралцаж байгаа эрэгтэй, эмэгтэй оюутны тооны зөрүү 30 мянга гаруй. Гучин мянган эмэгтэй хүн энэ хэрийн боловсролгүй эр хүнтэй гэрлэх болно гэсэн үг. Боловсрол, орлого, үзэл бодлын ялгаа гарна. Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй хүний тоо нэмэгдэнэ. Нийгэмд тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг. Боловсрол муутай эрэгтэй хүн яаж эрүүл мэндээ хамгаалахаа мэдэхгүй. Боловсролын ялгаа томрох тусам эргээд эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх магадлал өндөр, өнөө маргаашдаа биш юм аа гэхнээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, нийгмийн хамгааллыг хэлэлцэх юм байна.
Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү хөвгүүд өртдөг болохыг мэргэжлийнхэн хэлдэг. Хар багаасаа хайрлуулж өсөөгүй хүүхэд хүчирхийлэгч болно. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ. Тиймээс хөвгүүдийг хатуу чанга гараар өсгөж, хатуу чанга хүн болгох ёстой гэсэн хүчирхийлэгч ойлголтоосоо салах цаг болсон гэсэн үг.
Амиа хорлосон тохиолдлын 84 хувь нь эрчүүд гэхээд Монголын нийгэмд харин ч эрчүүдийн оролцоо, эрүүл мэнд боловсролын тухай ярих цаг болжээ. Хөвгүүд бүгд цэргийн дарга болохгүй ч хөвгүүд бүгд аав болох учраас. Зөв хүн, сайн аав, халамжтай хань болгож хөвгүүдээ хүмүүжүүлэхгүй бол хатуу чангаар өссөн хүүхдүүд чинь хүчирхийлэгч болчхоод байна шүү дээ. Охид, хөвгүүдийн эрхийг тусад нь авч үзээд нэгийг тээр дээр тахин шүтэж, нөгөөг нь тээр доор тавих тусам нийгмийн ялгаа ихсэнэ. Энэ нь гэрийн төдийгүй улсын зовлон болж хувирна.
Тэгэхээр эрчүүдийн хааяа хайрлах биш. Тэр тусмаа ганцхан охин үрээ хайрлаад хөвгүүн үрээ хөсөр хаях биш. Ердөө охид, хөвгүүд адилхан хүн, адилхан хүний эрхтэй болохыг ойлгуулахаас хүн, хүнээ хайрлах, хүндлэх тухай л ярихаас хүчирхийлэлтэй тэмцэнэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ