Хөгжлийн банкнаас зээл авсан ч төлөөгүй компаниудыг хуулийн байгууллага шалгаж, эрх баригч МАН тус банкнаас авсан зээлээ төлөөгүй гишүүдээ хөөж, нэг хэсэгтээ л дуулиан дэгдээв. Мэдээж энэ удаагийн дуулиан улс төрийн зорилго, агуулгатайгаас гадна үүргээ ч биелүүлэв. Зээл аваад нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, хугацаанд төлөөгүй гээд олон шалтгаан учрыг хуулийн байгууллага тогтооно. Харин энэ бүх дуулиантай зэрэгцээд зээлээ авч бүтээн байгуулалт хийсэн, зээлээ хугацаанд нь төлж байгаа аж ахуй нэгжүүд буруутан болох учиргүй. Тиймээс бид УИХ-ын гишүүнтэй холбогдож, асуудал дагуулаад буй нэгэн бүтээн байгуулалттай танилцсан юм.
Улаанбаатараас 1500 км-ийн цаана баруун бүсийг цементээр хангах “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтад ороход тун дөхсөн талаар хэвлэлийн хуудаснаас уншив. Бүтээн байгуулалтыг өөрийн нүдээр харахаар Ховд аймгийг зорив.
Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд шохойн чулууны орд болох Шохойт уулыг түшиглэн 2019 оны тавдугаар сард шаваа тавьжээ. Шав тавих ёслолд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа оролцож, нээлтийг хийсэн гэдгээрээ онцлог.
Гурван жилийн өмнө шаваа тавьсан ч энэ гурван жилийг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ covid-19-ийн цар тахлыг даван туулахын тулд тэмцэж, юун бүтээн байгуулалт манатай байсан жилүүд. Тиймээс бүтээн байгуулалтын ажил хэр яваа бол, хүндхэн байгаа болов уу гэсэн бодолтой бид үйлдвэрийг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ажил зогсоогүй, барилгын ажлыг монголчууд барьж, 90 гаруй хувьтай болжээ. Урин цаг наашилсан учир тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байгаа хэмээн “Ховд эко цемент”-ийн ерөнхий инженер Д.Батсүрэн угтсан юм.
“БАРУУН АЙМГИЙНХАН ЦЕМЕНТИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР АВДАГ”
Ховд аймагт бүтээн байгуулалт, орон сууц барих өртгөд хамгийн их хэрэгцээтэй нь цемент. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цемент тасрах, үнэ нэмэгдэх олон бэрхшээл ховдчуудыг тойроогүй гэнэ. Биднийг тус аймагт очиход барилгын захад нь цемент байсангүй. Цемент тасраад хоёр хонож байгаа гэнэ. Тус аймагт орон сууцны метр квадратын үнэ 1,4 сая төгрөг. Хэрэв цементийн үйлдвэр ашиглалтад орвол 880 мянга хүртэл өртгийг нь бууруулах боломжтой гэдгийг Ховд аймагт үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа. “Барилгын талх” гэгддэг цементийг 1500 км-ийн цаанаас цемент зөөдөг баруун бүсийнхэн удахгүй “талх”-тайгаа золгоод авбал байрны үнэ буурч, олон бүтээн байгуулалтууд өрнөн хэмээн бахархалтайгаар ярина.
“Тэгш стандарт” ХХК-ийн менежер Ц.БОЛДБААТАР:
-Барилгын гол хэрэглээ бол цемент арматур хоёр. Бид бүтээн байгуулалт хийхийн тулд цементээ 1500 км-ийн цаанаас худалдаж аваад, түүн дээрээ тээврийн зардал төлж, цаг хугацаа алдаж авч ирдэг. Улаанбаатарын үнэ 20-30 хувийн нэмэгдэлтэй худалдаж авч байсан. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлаас шалтгаалан бүр цемент ховордож, тасрахад хүрсэн. Үүнээс болж олон ажил зогссон. Цемент ховордож, тасрахын хэрээр үнэ нэмэгдэж, ажил хийхэд хүндрэлтэй байсан. Харин удахгүй бид 1500 км-ийн цаанаас ачаа, тээврийн хөлс нэмэхгүйгээр дэргэдээсээ цементээ авах боломж бүрдэж байна. Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор барилгын үнэ буурах, бүтээн байгуулалт хийхэд зардал буурах гээд олон давуу тал бий болно.
“Баян зам” ХХК-ийн захирал З.НАРАНТУЯА:
-Бид 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөт хавтан, явган хүний замын хавтан, хашлага, барилгын гадна, дотно замаск гээд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд цемент бол хамгийн хэрэгцээтэй буюу 70 орчим хувийг нь цемент эзэлдэг. Манай байгууллагын бүх үйл ажиллагааны талх нь цемент ч бид хотоос өндөр тээврийн зардалтайгаар бүтээгдэхүүнээ авдаг. Хэрэв цемент ховордвол бүр олдохгүй, тээврийн зардал өсөх гээд олон бэрхшээлтэй зүйл тулгардаг.
Баруун 5 аймаг зайнаасаа хамаараад нэг тонн цемент 380-450 мянган төгрөг байгаа аж.
№ | Аймаг | Улаанбаатараас аймаг хүрэх зай | Жилийн цементийн Хэрэгцээ |
1 | Говь-Алтай аймаг | 1001 км | 28,800 тонн |
2 | Завхан аймаг | 984 км | 32,250 тонн |
3 | Увс аймаг | 1336 км | 48,900 тонн |
4 | Баян-Өлгий аймаг | 1636 км | 46,050 тонн |
5 | Ховд аймаг | 1425 км | 61,050 тонн |
Сонирхуулахад, биднийг Улаанбаатараас хөдлөхөд цемент хомсдолтой тонн нь 230-280 мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ үнэ бол зөвхөн Улаанбаатарт зарагдаж байгаа үнэ бөгөөд Ховд аймгийн төвд очиход цемент дууссан учраас барилгын материалын зарим лангуу хаалттай байсан юм. Үнийн хувьд нэг тонн цемент 450 мянган төгрөгөөр зарагдаж байсныг худалдаачид хэлж байв.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАНЫ МӨРӨӨР…
“Ховд эко цемент” төслийн нийт санхүүжилт 70 сая ам.доллар. Үүнээс “Вестернхолд” ХХК 60 хувь буюу 41,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин үлдсэн 40 хувийн санхүүжилт буюу 28,2 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээлж, тус бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэхдээ 146,2 тэрбум төгрөгийн бие барьцааг Хөгжлийн банкинд тавьж, тус зээлийг авсныг “Ховд эко цемент” төслийн удирдагч С.Жавхланбаатар онцолсон юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас тавигдах шаардлагуудыг бүгдийг нь хангаж, 28 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 76 тэрбум төгрөг зээлжээ.
Харин Хөгжлийн банкнаас тавьсан шаардлагын дагуу авах зээлээс хоёр дахин их буюу 144,6 тэрбум төгрөгийн барьцааг банкинд байргуулж, зээлийн хүүгээ авсан цагаасаа эхлээд төлж байгаа гэв. Зээлийн хүүг маш бага, бараг хүүгүй гэдэг мэдээллийг тодруулахад арилжааны банкны зээлийн хүүтэй ижил гэдгийг тодотгож байсан юм. Мөн Хөгжлийн банкны тогтмол шалгалтад хамрагдаж, холбогдох албаныханд зээлээ хэвийн төлж байгаа талаарх мэдээллүүдээ цаг тухайд нь өгөөд явж байгааг онцлов.
Тэрбээр “УИХ 2012 онд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлогын баримт бичиг баталж, барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ цементийн үйлдвэрүүдийг төв, баруун, зүүн бүсэд байгуулахаар тусгасан. Бүс бүсэд байгуулахгүй бол тээврийн зардал, өртөг өндөр байдаг. Бид гэхэд үйлдвэрээ барих гэж Улаанбаатараас 10 мянга гаруй тонн цементийг маш өндөр зардлаар зөөсөн. УИХ-ын тогтоолын дагуу 2015 онд Засгийн газар Ховд аймагт баруун бүсийг цементээр хангах үйлдвэр байгуулахыг дэмжсэн бол 2017 онд ТЭЗҮ-ийг шинэчилж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. 2016 оны УИХ-ын баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын суурь материалуудын үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж, бүсчилж хөгжүүлэх замаар импортыг орлох зорилттой энэ төсөл уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид үе үеийн Засгийн газар, УИХ-ын тогтоолуудад тусгасан төрийн бодлогыг хэрэгжүүлж байна гэсэн үг” гэдгийг онцолсон юм.
ҮЙЛДВЭР БАРУУН ТАВАН АЙМГИЙГ ЦЕМЕНТЭЭР ХАНГАЖ, ОХУ-Д ЭКСПОРТЛОХ АМБИЦТАЙ
Баруун бүсийн цементийн хэрэгцээг бүрэн хангаж, ОХУ-д экспортлох амбицтай “Ховд эко цемент”-ийн үйлдвэр зөвлөх инженерээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Цоодол ажиллаж буй. Т.Цоодол гуай өмнө нь Хөтөл, Монполимент гээд олон цементийн төслүүдийг эхлүүлсэн, Монголдоо цементийг түүхийг хамгийн сайн мэдэх хүн.
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ”-ИЙН ТӨСӨЛ:
-Ховд аймгийн Буянт сумын нутагт байрлах 24,3 сая тоннын нөөцтэй Шохойт уулыг түшиглэн цемент үйлдвэрлэнэ. Ингэхдээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи болох хуурай арга /агаарт хүлэмжийн хий ялгаруулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй/-ыг ашиглахаар бүтээн байгуулалтаа хийжээ.
Шохойт уулын бэлд сүндэрлэсэн үйлдвэрийн барилгуудын хамгийн өндөр нь 30 давхар байшинтай тэнцэхүйц халаах цамхаг. Энэ цамхаг нь үйлдвэрийн хувьд хамгийн чухал хэсэг нь. Мөн найман силос /үйрмэг нунтаг массыг хадгалахад зориулсан битүү, босоо цилиндр хэлбэрийн агуулах/-той. Газар хөдлөлийн есөн баллын идэвхтэй бүсэд байдаг учир доошоо 4-9 метрийн гүнд сууриа цутгажээ. Тэр хэрээр газар шорооны маш их ажил өрнөсөн байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн цар тахлын улмаас тоног төхөөрөмжийн 10 хувь нь гаалийн цаана хүлээгдэж байгаа нь зардал өсгөж байгааг үйлдвэрийнхэн онцолж байлаа.
Төсөл хэрэгжих хугацаанд 250-300 шууд ажлын байр бий болно. Үйлдвэрийг дагаж тээвэр, жижиг бизнес эрхлэгч, малчдын мах, сүү худалдан авах гээд 3000 орчим иргэний орлого нэмэгдэж гэж тооцоолжээ.
Түүгээр зогсохгүй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” ашиглалтад ороход цементээр хангах бүрэн боломжтойгоо ч төслийнхөн хэлсэн юм.
Цар тахалтай хоёр жилийг үдсэн ч үйлдвэрийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлсэн “Ховд эко цемент” төслийнхөн үйлдвэрээ энэ онд нээхээр төлөвлөөд буй. Гэвч хил дээр гацсан тоног төхөөрөмж, мэргэжлийн инженерийн дутагдалтай байгаа зэрэг олон шалтгаанд санаа зовж буйгаа үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Баруун таван аймаг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цементээр хангах, цаашлаад ОХУ-д экспортлох том амбицыг нь хил гаалын саатал, хэт их улстөржилт зогсоочихгүй бол энэ жилдээ үйлдвэрээ ашиглалтад оруулах том хүлээлттэй “Ховд эко цемент” төслийнхөн цаг нартай уралдан ажилласаар байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ