Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарласан нь!

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарласан нь!

Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарласан нь!

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  өчигдөр гэнэтхэн АН-ын даргын сунгаанаас татгалзсан нь тодорхой зорилготой, товчхондоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгад “зам тавьж” өгсөн хэрэг байжээ. Үүгээр тэрбээр Х.Баттулгын утсан хүүхэлдэй байснаа, төдийгөөс өдий хүртэл түүний үгээр АН-ыг хагалж, талцуулж байснаа “хүлээн зөвшөөрсөн” гэсэн үг. Ингээд О.Цогтгэрэл намтартаа ядаж л АН-ын дарга байсан гэх үггүйгээр үлдэж байна.

УИХ-ын чуулганаас хойш хоёр тамга, хоёр толгойтой явж ирсэн АН хагарлын ард Х.Баттулгын нэр байнга бичигддэг, энэ удаад “муур багш” ил гарч ирсэн нь хоёр шалтгаантай. Нэгд, тэрбээр хувийн компани шигээ болгосон МоАХ-ыг Д.Монголхүүд алдахгүй гэсэн дээ.  Хоёрт, 2024 оны сонгуулийн улс төр нь эхлэж байна. Тэрбээр  Женко Ардчилсан намын  /олон нийт ингэж дуудах болсон/  Дотоод сонгуулийн хорооноос зарласан дөрөвдүгээр сард болох намын  сунгаанд оролцохоор болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ыг тараах захирамж гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийг нь дахин нэр дэвших боломжийг нь хязгаарлаж өгсөн  У.Хүрэлсүхтэй “дайсагнаж”, УИХ-ын чуулганы өмнө бараг зодолдох дөхөж явсан зураг нь ч түүх болон үлдсэн. Гэвч тэрбээр 2021 оны зургадугаар сарын 25-нд У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тамгыг шилжүүлж өгснөөс хойш Л.Оюун-Эрдэнэ албан бусаар зөвлөж явсан агаад ийнхүү хөшигний араас ил гарч ирсэн ганц зорилго нь дараагийн Ерөнхий сайд болох. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгын Ерөнхийлөгч болох хүсэл хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болж болно, хэрэвзээ нам нь ирэх 2024 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх барих юм бол шүү дээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад том эрх мэдэл олгосон. Танхимаа томилох, чөлөөлөхөөс эхлээд АТГ-ыг атгах болсон. Цаашлаад Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болбол Ерөнхий сайд улс төрийн номер нэг болно гэсэн үг. Тиймээс Х.Баттулгын эхний зорилго нь Л.Оюун-Эрдэнийн суудлыг авах дараагийн хүсэл нь Монголын Путин болох.  Түүний эргэн ирэлтээс ийм л хоёр улс төр харагдаж, хардагдаж байна.

АН-ыг албан ёсоор “худалдан авч” албан тушаалын гишгүүр болох гэсэн Х.Баттулгын холын шуналд ганцхан хүн тээг болж буй нь С.Эрдэнэ.  Ямар сайндаа л “Х.Баттулга шиг улсаа сүйрүүлсэн лидер АН-д байгаагүй. Түүнийг нэр дэвшүүлсэндээ харамсч байна” гэх хүлцэл өчилт аргаа барсан үг болох нь ойлгомжтой.

 Үнэндээ, Х.Баттулга Монголыг ялуулсан биш Орост ялагдуулсан болохыг олон  хүн  одоо л ойлгож эхэлсэн олзуурхууштай ч өнгөрсөн  хугацааны Монголын хөгжил, эдийн засгийн боломжуудаа тооцох юм бол илүү харамсалтай санагдах биз. Эрээний хилийн хориг, эдийн засгийн хямрал, инфляцийг өсөлт, үнийн өсөлт үнэндээ Х.Баттулгын өнгөрсөн цагийн улс төрийн төлбөр. Тэгвэл ирээдүйд бид үүнээс илүү их үнэт зүйлээрээ түүний улс төрийн төлбөр хийвэл яана. Энэ л түүний эргэн ирэлтээс айх том шалтгаан юм. Олон нийтийн сүлжээг харахад түүнийг дэмждэг бүхэл бүтэн “сүрэг” байгааг бас бодолцох юм бол.

Түүнтэй хамт нэр дэвшихээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ бүртгүүлжээ. Эндээс харвал Х.Баттулга хүүгээ татаж, өөрөө ил гарах, Н.Алтанхуяг хүүгээ түлхэж, өөрөө ард нь үлдэх нүүдэл хийж байна.

Аль ч талаас нь харсан Х.Баттулгад ашигтай. Харин Н.Алтанхуягийн хувьд түүний засгийг заналтайгаар огцруулсныг нь, өдөр болгон өөрийг нь огцруулах кноп дарсан хүмүүсийн нэрийг хадсан хананаасаа аваад хогийн савандаа хаячихаагүй бол Х.Баттулгатай үүрдийн нөхөр явах нь үгүй. Угаасаа ч тэдэнд нэгдэх эрх ашиг байсан болохоос үүрдийн дайсан ч, нөхөр ч байгаагүй юм.

Харин Л.Оюун-Эрдэнийн улс төрийн ард нуугдаж, улс төрийн карьераа дуусгах хүн Х.Баттулга лав биш. Амбиц, араншин, нас зүсийг нь бодоход Х.Баттулга хэрэгтэй үедээ хэнийг ч ашиглаж чаддаг, хэрэггүй үедээ хэнээс яаж салж чаддаг болохыг нь өнгөрсөн улс төрийн намтар нь харуулдаг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ түүний өнөөдрийн нөхөр боловч ирээдүйн хамгийн том дайсан болно. Ердөө хоёр жилийн дараа. Рейтингийн хувьд Л.Оюун-Эрдэнээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Энэ тохиолдолд МАН жинхэнээсээ тарж Х.Баттулгын дарангуйлал утгаараа ирнэ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН-ынхан Х.Баттулгыг улс төрөөс явуулсан ч Х.Баттулга Монголын улс төрөөс явсангүй.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж