"Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форум өнөөдөр (2022.03.11) Орхон аймагт эхэллээ. Энэхүү форумыг нээж, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн үг хэллээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулан, 576.6 мянган тонн зэсийн баяжмал, 6.3 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн нь 43 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд өнгөрсөн 2021 он онцлох жил болж, Монгол Улсын Баатар цолоор шагнагдсаныг онцлоод, нэг хоногт 90 мянган тонн хүдэр олборлож, 89.5 мянган хүдэр боловсруулсныг тэмдэглэв. Мөн тус үйлдвэр нэг хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Энэхүү форумд УИХ-ын гишүүн Д.Батлут, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зорилгын талаар илтгэл тавив. Тэрбээр долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаар бодлогын хэрэгжилтийн явцыг тайлагнаж ажиллаж байгааг онцлоод, бодлогын хэрэгжилтэд Засгийн газар онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглэлээ. Мөн тэрбээр эдийн засгаа солонгоруулах, түгжрэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, төр хөгжлийн чөдөр тушаа болохгүй байх, хүнд суртлыг арилгах гэх мэтчилэн олон асуудал шийдлээ хүлээж байгааг хэлээд, эдгээр асуудлуудыг "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд шийдвэрлэхийг зорьж буйг онцоллоо. Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд найман шинэчлэл хийхээр төлөвлөснөөс төрийн өмчит компаниудын шинэчлэл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хийх шинэчлэлийг онцлон дурдав.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, түүний дотор аж үйлдвэрийн төслүүдийг бодит ажил болгох санаачилга "Эрдэнэт үйлдвэр", Эрдэнэт хотоос эхэлж байна. Төлөвлөж байгаа 100 гаруй төслийг өнөөдөр төр дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Хувийн хэвшилд илүү боломж олгох замаар хамтарч хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүсчлэн хөгжүүлэх, кластерын зохион байгуулалтад орох нь цар тахлын үеийн эдийн засгийг сэргээхэд бодит нөлөө үзүүлнэ" гэв.