100-айлын хяналтгүй худалдаачид үнээ 2 дахин нэмжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

100-айлын хяналтгүй худалдаачид үнээ 2 дахин нэмжээ

100-айлын хяналтгүй худалдаачид үнээ 2 дахин нэмжээ

Барилга барих улирлыг андаж үнээ нэмдэг худалдаачдын шалтаг мундахгүй. Хомсдож, тасалдсан нэрийдлээр үнийг нэг нэмнэ. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй шалтгаар дахин нэмүү өртөг тусгана. Одоогоос зургаан сарын өмнөхтэй харьцуулахад зарим туслах барилгын материалын үнэ буурч, олдоцтой болжээ. Харин орон сууц, нийтийн эзэмшлийн обьект барихад шаардлагатай гол нэрийн бараанууд тасалдаж, үнэ нь дахин өссөн байна.

Гурвалжингийн гүүр, таван шарын барилгын материалын зах, 100 айл төв гээд иргэдийн зорьж очдог том худалдааны төвүүд. Энд зарим жижиглэнгийн лангуунаас ч хавь илүү үнэ хэлэх нь олонтоо таарна.

Шинэ, хуучин хэлбэр хийц нь жаахан зөрүүтэй материалаа 10-20 мянган төгрөгийн ялгаатай зарна. Тухайлбал, орос, хятад, солонгос будаг чанар болоод үнийн хувьд зөрүүтэй байх нь маргаангүй. Гэтэл гадна үзэмж нь элэгдсэн хөөсөнцөр, будаг, шилэн хөвөн зэргээ лангууны үнэ, гудамжны үнэ гэж ялгасан нь сонин. Дэлгүүрийн гадаа дэлгэсэн бараа нь хямд. Босго давахад энэ үнэ дээр доод тал нь 10 мянган төгрөг нэмж хэлж байв. Нэг талаар худалдаачдыг буруутгах аргагүй. Гэхдээ иргэдийн эрх ашиг зах зээлийн өрсөлдөөн дунд арчигдаж байгаа юм.

ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ИРГЭД ХУЛХИДУУЛЖ БАЙНА УУ?

100 айлын худалдаачид зурагт үзэж, хоорондоо хууч хөөрч, хөзөр тоглоод их л жаргалтай өдрийг өнгөрүүлнэ. Тэдний ажлын байрны эрэлт хэрэгцээ, орлого ч сүүлийн хоёр жилд огт буураагүй. Тиймээс томоохон наймаа өдөртөө нэг хийчихвэл болоод явчихдаг гэдгийг худалдаачид хэлсэн юм. Иргэдийн хэлж байгаагаар 45 метр квадрат байранд иж бүрэн засвар хийх гэж зөвхөн материал авахад л 3.5 сая төгрөг багадаж буй аж. Дахин нэмэхээс өөр сонголтгүй, үнийг нь сонсоод л буцаж байна гэж халагдах иргэд. Барилгын материалын үнэ өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулалтгүй улам л өссөн. Хил гааль нээгдэж хэвийн болоод дээрдсэн зүйл юу ч алга гэцгээнэ.

Харин худалдаачид үүний эсрэг хариулт өгөх юм. Барааны үнэ оны өмнө гурав нугларч байсан. Одоо бол бас харьцангуй буурч байна. Өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас дээрдсэн учраас буурсан. Өнөөдрийн үнэ бол 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн үнэ гэх хариултыг хээв нэг өгнө.

Худалдан авагчдын хувьд хувь хүмүүсээс илүү компаниуд болжээ. Компанийн ажилчид барилгын материалыг нэг дороос хямд өртгөөр авахаар гэрээ хийдэг ч энэ жил боломжгүй болсон байна. Учир нь гэрээ хийсэн ч дотоодод үйлдвэрлэдэг барааны гол нэрийн бүтээгдэхүүн гааль дээр гацсан учраас их хэмжээгээр нийлүүлт хийхээс ихэнх газар татгалзжээ. Тиймээс шаардлагатай барилгын материалаа утас цохиж, олноор байгаа газраас нь өөрсдийн унаагаар очиж авдаг болсон аж. Чанарын хувьд компаниуд хэр чухалчилдаг болохыг асуухад анхаардаг. Эхний ээлжид үнэ боломжийн байх нь чухал гэсэн юм. Тэгэхлээр орон сууц худалдан авах иргэд байршлаас гадна барилгын материалын чанар дээр анхаарах нь чухал. Худалдан авч байгаа хувь хүмүүсийн хувьд ч шинэ өнгө үзэмжид нь хууртаж чанаргүй бараанд хулхидуулах тохиолдол их байгаа гэсэн юм.

БАРИГДАЖ БАЙСАН БАЙР ШАТСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДУЛААЛГЫН ШАХДАГ ХӨӨСИЙГ ХАТУУ ХОРЬСОН

Барилгын материалын зах дээр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь дулаалгын хөөс, шилэн хөвөн, цемент, хөөсний тор, булан тор байна. Үнийн хувьд одоогоос нэг сарын өмнөхтэй харьцуулахад нэмэгджээ. Дулаалгын хөөсөнцрийн хувьд гадна болон дотор дулаалга гэсэн хоёр төрөл байв. Гадна дулаалгын хөөсний үнэ 3-5 см нь ширхэг нь 25-35, долоон см нь 35-60, 10 см зузаан нь 45-75 мянган төгрөгийн хооронд байлаа. Зузаан болох тусам шаталт удаан байдаг гэдгийг худалдаачид хэлсэн юм.

Баригдаж байсан барилга шатахад гал хурдан тархах гол нөхцөл нь дулаалгын материал буруу сонгох алдаа гардаг. Тухайлбал, дулаалгын шахдаг хөөсийг ашиглах нь гал хурдан тархах нөхцөл болдог байна. Гэхдээ барилгын компаниуд ихэвчлэн ажиллагаа бага үзэмж сайтааг нь бодож энэ хөөсийг ашигладаг.

Шахдаг хөөсний үнэ куб нь 250-280 мянган төгрөг. Гэхдээ 100 айлд энэ хөөсийг худалдаалахыг мэргэжлийн байгууллагаас хориглож буй аж. Дараагийн эрэлттэй бараа бол хөөсний тор метрээс шалтгаалж 25-30 мянган төгрөг. Мөн замаска, эмульс, будаг гээд л эрэлттэй барааны жагсаалт урт. Үнийг нь асуувал лангуу бүр дээр адил бараа өөр, өөр үнээр худалдаалж байлаа. Гол нэрийн барааг авч үзвэл:

  • Хар, цагаан замаска- 20 кг савлагаатай нь 14-23 мянга, задгайгаар 8-12 мянган төгрөг
  • Будаг- Литрийн савлагаатай нь улсаас шалтгаалж 5-18 мянган төгрөг
  • Хар цаас- Нимгэн, зузуун чулуутай эсэхээс  хамаарч 50-65 мянга
  • Шилэн хөвөн- Хятад 40-48, Орос 95-110 мянган төгрөг
  • Цемент- Тонн нь 220-310 мянган төгрөг
  • Шахдаг хөөс- Куб нь 240-320 мянга
  • Булан тор-28-32 мянган төгрөг байна.

Барилгын материалын бараа, бүтээгдэхүүн авахаар нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийн зорьдог газар бол 100 айлын барилгын материалын зах. Өнөөдөр ч ялгаагүй томоохон компаниудын эздээс эхлээд байшингаа засварлах иргэд тус захыг элээж үл барна.

БАРИЛГЫН САЛБАРЫН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ШӨХТГ, МХЕГ ХАРИУЦАХГҮЙ

Энэ салбарт хяналт дутагдаж байгаа нь барааны үнийн хэт өсөлтөөс харагдаж байна. Иймд хэрэглэгчийн эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын  мэргэжилтэнтэй холбогдож тодрууллаа. Тухайн байгууллагын зүгээс барилгын салбарт манайх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулдаггүй. Барилгын бараа, материалын үнийн өсөлтөд холбогдох яамнаас хяналт тавьдаг. 2020-2021 онд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх салбарын бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон. ШӨХТГ, МХЕГ тогтмол хяналт тавьж байгаа. Хятадын чанарын шаардлага хангаагүй барилгын зарим материал борлуулах асуудал зарим компанид гарсан. Тиймээс 100 айл болон барилгын материалын бусад захын үйлдвэрлэлд тодорхой хяналт шалгалтыг хийж, холбогдох зөрчлийг оногдуулахаар болсон байгаа гэх тайлбар өгөв.

Ямартай ч хил гааль нээгдэж байхад  хомсдол арилахгүй байгаа нь сонин. Хомсдол бий болгож, эрэлт ихтэй энэ үед хэрэгцээт барааны үнийг нэмж байж магадгүйг иргэд хэлж байна. Хардах эрх мэдээж хүн бүрт бий. Гэхдээ шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж, үнийг тогтвортой байлгах нь чухал байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж