Та нарт нэг бяцхан нууц хэлэхэд Австралийн батлан хамгаалах хүчин хэтэрхий жижиг шүү дээ. Мэдээж батлан хамгаалах хүчинг зузаатгах ёстой боловч ингэхийн тулд мөнгө, улс төрийн ашиг сонирхол, далайцтай сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай. Даанч энэ бүхэн батлан хамгаалах салбараас биш улс төрийн удирдагчдаас хамаарна.
БИЕ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМТОЙ
Австралийн батлан хамгаалах хүчинд байнгын ажиллагаатай 61468 албан хаагч байдаг. Тэд 16695 төрийн албан хаагчтай хамтран батлан хамгаалахын салбарт ажилладаг. Улсын хүн ам 26,068,792 гээд бодохоор статистикийн хувьд батлан хамгаалах салбарын албан хаагчдын тоо нэн дутагдалтай гэсэн үг. Эдний дээрээс гал сөнөөгчид, эмнэлэгийн ажилтнууд гээд 21 мянга гаруй хүн нэмэгдэнэ.
Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд тэднийг цөөхөн гэж чамлалтгүй маш олон гайхалтай зүйлсийг хийж бүтээжээ. Тухайлбал, 2019-2020 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил, маск үйлдвэрлэл, зочид буудлын хорио цээрийн менежмент, цар тахлын хяналт шалгалт гэх мэт бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээний олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн, ахмад настны асрамжийн системийн сайжруулалт, Тонга галт уулыг сэргээх ажил, Номхон далайн өмнөд хэсэгт үзүүлсэн вакцинжуулалтын тусламж гэх мэт ажлууд бий. Хамгийн сүүлд хийсэн ажлаас дурдвал Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужуудад үерийн гамшгийг даван туулахад туслахаар батлан хамгаалахын ажилтнууд зүтгэж байна. Дээр дурдсан зүйлс нь олон нийтийн анхаарлын төвд байсан онцлох үйл явдлууд юм. Энд дурдагдаагүй олон ажлууд ч бий.
Мэдээж бүх дэлхийн анхаарлыг татаж буй Орос, Украины дайны халуун цэгт ч Австрали гар сунган тусламжаа илгээсэн. Тэд АНУ, НАТО-гийн түншүүдтэй хамтран логистик болон материаллаг тусламжаа үзүүлж буй. Үүнээс гадна Хятадын Ардын чөлөөлөх армийн аюул заналхийлэл дунд байгаа нөөц бололцоогоо ашиглан шаардлагатай ажлуудыг хийсээр байна. Өнгөрсөн сард л гэхэд Австралийн хатан хааны агаарын цэргийн хүчний эргүүлийн нисэх онгоц руу Хятадын удирдлагатай пуужин лазер тусгасан явдал гарсан.
ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН
Чадварлаг хүн хүч, үнэтэй техник төхөөрөмж, систем зэрэг нэн шаардлагатай хүчин зүйлсийг шийдвэрлэхэд Австралийн батлан хамгаалах хүчин хэтэрхий жижигдэж буй. Байгаа нөөц бололцоогоо тултал нь ашигласны улмаас тэд нь зэвэрч элэгдэх болов. Энэ салбарыг авч яваа удирдагчид байдлыг улам хурцатгаж буй нь нууц биш.
Цар тахал, гал түймэр, үер, бүс нутгийн тогтворгүй байдал зэрэг үндэстнийг хамарсан гамшиг, үйл явдлууд ар араасаа давтагдсаар байна. Аливаа хямрал тохиолдоход Австралийн аль ч ерөнхий сайд бэлтгэл ажил хэр хангагдсан бэ гэдгийг бус Батлан хамгаалах хүчний үүргийг нэн тэргүүнд тавьдаг. Харамсалтай нь цэргийн болон цэргийн бус үүрэг даалгаврыг биелүүлэхэд батлан хамгаалах хүчний бүтэц, тоног төхөөрөмж, бэлтгэл сургуулилалт аль аль нь хангалтгүй атал үүнийг нь улс төрийн удирдагчид ойшоож үздэггүй аж. Засгийн газар 2020 оны Батлан хамгаалах стратегийн шинэчлэлдээ хүртэл дээрх зүйлсийг Батлан хамгаалахын салбарын өөрийнх нь хариуцах ажил гэж үзэж буйгаа тодорхой тусгажээ. Эрүүл мэндийн онцгой байдал, ойн түймэр, үер болон бусад бүс нутгийн гамшгийн үед эх орон, ард иргэдэд шаардлагатай зүйлсийг хийхэд хүчин чадал хангалттай хүрэлцдэггүй гэдгээ батлан хамгаалах хүчин баталсаар байна.
“Иргэний гамшгаас хамгаалах байгууллага” нь батлан хамгаалахын үйл ажиллагаа явуулахын оронд сургалт, гэрээ хэлцэл, тэтгэлэг, барилга байгууламж, ложистикийн зохицуулалт зэрэг асуудлыг хариуцдаг. Энэ нь зардал мөнгө өндөртэй хэрнээ үзүүлэх үр дүн төдийлөн сайнгүй. Тиймээс сэтгэлгээний эрс өөрчлөлт хийж, батлан хамгаалахын салбарын нөөц, цар хүрээ, бүтэц зохион байгуулалт зэрэгт анхаарах шаардлагатай ажээ.
ОЛАФ ШОЛЬЦИЙН ЖИШЭЭ
Эндээс жишээ авч, Австралийн эрх баригчид батлан хамгаалахын салбараа хөгжүүлж, санхүүжүүлэх нэн шаардлагатай болжээ. Дотоодын болон гадаадын олон тооны хямрал биднийг хүлээж байна гэж Австралийн стратегийн улс төрийн хүрээлэн онцоллоо.
Эх сурвалж: REUTERS, ASPISTRATEGIST