МоАХ-ны хоёрдугаар сарын 18-ны өдөр болсон Үндэсний зөвлөгөөнийг хууль бус гэж үзэн, холбооныхон нь Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гаргажээ.Тодруулбал, МоАХ-ны дүрмийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилсан гэх үндэслэлээр Д.Монголхүүг шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн Даваа гаригт /2022.03.07/ болсон МоАХ-ны тавдугаар их хурлаар Д.Монголхүүг МоАХ-ны даргаар сонгосон юм.
Түүнээс энэ талаар тодруулахад " МоАХ-ны тамга тэмдгийг ашиглаж намайг залилан хийсэн гэх гомдол гаргасан юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага надаас мэдүүлэг авахаар холбогдсон. Угтаа бол гомдол гаргах эрхгүй субъектийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Гомдол гаргасан хүмүүсийхээр бол би МоАХ-ны даргын шүүгээнд байгаа тамгыг нууцаар авч баахан бичиг баримтан дээр тамаг дарснаа шүүгээнд нь буцааж хийсэн болж таарах нь. Тэд ийм л утгагүй зүйл яриад байна" гэв.
Түүнээс үргэлжлүүлэн МоАХ-ны даргын хувьд цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа талаар лавлахад "МоАХ-ны 2000 оноос өмнөх архивыг устгасан гэх мэдээлэл бий. Тэрхүү архивыг устгасан эсэхийг баталгаатай болгоно. Хэрэв устгасан бол нөхөн сэргээж, хэрэг үүсгээд явна. МоАХ анх нэг намын тогтолцоог халж дарангуйллыг эсэргүүцэж, олон намын тогтолцоог оруулж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрүүлж, хүний эрхийн түгээмэл тунхаглалд суурилсан Үндсэн хуулийг батлуулсан түүхтэй төрийн бус байгууллага. Тиймээс МоАХ-ны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх идэвхжүүлэхэд илүүтэй анхаарна. Хэдийгээр гишүүдийн хооронд ойлголтын зөрүү бол байгаа ч эвлэлдэн нэгдэх бүрэн боломжтой. МоАХ хүний эрхийг хамгаалах ёстой. Иргэдэд хамгаалалт хэрэгтэй" гэдгийг онцлов.
Х.БАТТУЛГЫГ ДАГАСАН БҮХЭЛ БҮТЭН ХҮН СҮРЭГ БИЙ БОЛСОН
МоАХ-ны тавдугаар их хурлын үеэр МоАХ-ны дарга асан, АН-ын дарга С.Эрдэнэ " МоАХ-ны дарга байсан хүний хувьд өнөөдөр эргээд харахад миний мэддэг МоАХ байхгүй болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ардчиллын тугийг атгуулаад босгож өгсөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дөрвөн жил дуугарсангүй вэ. Тэр яагаад МоАХ-ны амыг барив аа. МоАХ-ны дарга байсан, АН-ын даргын хувьд бусармаг, хариуцлагагүй этгээдийг Ерөнхийлөгчөөр сонгох үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр харамсч байна. Би үүндээ дахин уучлалт гуйя.
Холбоотой мэдээ