АН-ын даргын сунгаа хоёр талд болж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хоёр даргатай болсон. Гэсэн ч Улсын дээд шүүхийн бүртгэлээр С.Эрдэнэ албан ёсны дарга хэвээр гэсэн мэдээлэл гарсан. Ардчилсан намынхан ирэх дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа зарлаж, шинэ даргаа сонгохоор зарлаад байна. Харин энэ сонгуульд О.Цогтгэрэл нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “Ардчилсан нам УИХ-ын хоёр ч сонгуульд үнэмлэхүй ялагдаж, намынхаа бодлогыг төрийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх боломжгүй явсаар ирлээ. Мөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх боломжгүй болж, дотоодын хагарал нь хэм хэмжээг давлаа. Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа хийж, шинээр сонгогдсон даргаа ёсчлон батламжилна. Өнгөрсөн хугацаанд АН-ын 200 мянган гишүүн нэг талд байсан тул даргаас бусад асуудалд ямар нэг маргаан байхгүй болж, эцэслэгдсэнийг онцолмоор байна.
Энэ удаад зарлаж буй дотоод сонгууль АН-ын хувьд дотоод асуудлаа шийдэхэд чухал үйл явц. Одоо шинэ дарга хурдан батлагдаж, АН-ын асуудал нэг мөр цэгцрээсэй гэж миний бие энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшихгүй байх хувь хүний шийдвэрийг гаргаж байна. Ардчилсан намыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно. Шинээр сонгогдох даргаа бүрэн дэмжиж ажиллах болно” гэв.
Холбоотой мэдээ