Санхүүгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой ТоС холбооноос ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяатай ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн тухай ярьж буй энэ цагт банкны салбар ч мөр зэрэгцэн яваа нь гарцаагүй. Танай банкны хувьд хүн төрөлхтний “гэрийн даалгавар” тогтвортой хөгжлийн зорилго зорилтуудыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахгүй юу?
-2015 онд НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн 17 зорилгод дэлхий нийтээрээ нэгдэж, улс орны Засгийн газрууд төдийгүй бизнесийн байгууллага, хувь хүний түвшинд ч гэсэн эдгээр зорилгод хувь нэмрээ оруулах, тодорхой ахиц гаргахаар хичээж байна. Үүний нэгэн адил, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулдаг, ТОП аж ахуйн нэгжийн хувьд бид Тогтвортой хөгжлийн асуудалд ул суурьтай, системтэй хандахыг зорьж байна. Зуу зуун жил тогтвортой үйл ажиллагаа явуулах, нийтийн эрх ашгийг эрхэмлэж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд хариуцлагатай байхыг Тогтвортой хөгжил гэж хэлж буй гэж ойлгодог. Санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд бид тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч гол оролцогч тал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зээл санхүүжилт олгохдоо тухайн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчин, нийгэмд ямар нэгэн хор нөлөөгүй, эрсдэл багатай байхыг үнэлэх, эрсдэлийн түвшингээс хамааран тухайн учруулах хор нөлөөг багасгахад анхаарч ажиллах үүрэг хүлээж байна. ХААН Банкны хувьд саяхан 30 жилийн түүхтэй брэндээ шинэчлэн, дараагийн шатанд буюу олон улсын бизнесүүдтэй хөл нийлүүлэн алхахаар, алсын хараа, эрхэм зорилго, уриа үг болон үнэт зүйлсээ шинэчилсэн. Бид үнэт зүйлсдээ Тогтвортой хөгжлөөр манлайлагч байх хэмээн тусгасан. Угтаа бид нэг байрандаа зогсохгүй харилцагчидтайгаа хамт өсөн дэвжих, урагшлах, тогтвортой, хариуцлагатай байхад хамтдаа түүчээлж ажиллахыг зорьж байна.
-Монголын банк, санхүүгийн салбарт жендэрийн эрх тэгш байдал хэрхэн хөндөгдөж байгаа вэ?
-Банк нь үйлчилгээний салбарт хамаардаг учраас харилцагчтай өдөр тутам тулж ажилладаг салбар нэгжийн ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байх хандлага олон жилийн турш байсаар ирсэн. Энэ утгаараа бид дотооддоо хүйсийн тэнцвэртэй байдал, ажилтнуудын сургалт хөгжил, өсөж дэвших тэгш эрх, шийдвэр гаргах түвшинд зохистой харьцааг баримтлан ажиллахыг зорьдог. Нөгөө талаар харилцагчийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломж нь ямар нэг байдлаар хүйсийн ялгаварлалгүй, ижил тэнцүү байх нь чухал. Манай арилжааны банкууд 2010 оноос Тогтвортой санхүүжилт буюу ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлэн, зээлийн эрсдэлээ удирдахад голлон анхаарч ажиллаж эхэлсэн. Харин өдгөө энэ хөтөлбөр санхүүгийн салбараас хальж, бизнесийн бүх салбарт хамаарах төдийгүй, зөвхөн эрсдэлийн удирдлага бус байгаль орчин, нийгэм, засаглалын хувьд тэнцвэртэй, хариуцлагатай бизнесийн модель руу хөгжиж байна. Энэ ч утгаараа банк зөвхөн хариуцлагатай бизнесийг дэмжих зээл, санхүүжилт олгодог, олгосон зээлдээ эрсдэлээ бууруулах арга замыг зааж өгөх төдий байх биш, бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цогцоор нь анхаарч, бодитой хувь нэмрээ оруулахыг зорих болсон.
-Яагаад бид жендэрийн талаар илүү анхаарч үзэх хэрэгтэй вэ? ХААН Банкны хувьд байгууллага доторх болон гадагш чиглэсэн үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжийн асуудлыг хэрхэн авч үзэж байна вэ?
-Манай банкны хувьд нийт ажилтны 67 хувь, удирдах түвшний ажилтны 56 хувь, гүйцэтгэх удирдлагын багийн 45 хувь нь эмэгтэйчүүд байна. Гүйцэтгэх удирдлагын хувьд жендэрийн тэгш байдал гэдгийг аль ч хүйсийн хүн бай, тэгш эрх, тэгш боломж олгох бодлого баримталдаг. Өөрөө хэлбэл, ур чадвартай, зөв хандлагатай, үнэхээр өөрөө хичээл зүтгэлтэй бол ямар ч хүн удирдах түвшний албан тушаал хаших, сургалт хөгжлийн арга хэмжээнд хамрагдах боломжууд нээлттэй. Харилцагч талаас харвал, манай нийт зээлийн багцын 48 хувийг эмэгтэйчүүд, ЖДБ-ийн зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон байна. Иргэдийн банкны нийт зээлийн 47 хувь, хадгаламж эзэмшигчдийн 48.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь монгол эмэгтэйчүүд санхүүгийн хувьд харьцангуй чадавх сайн байгааг харуулж байна. Харин эсрэгээрээ бизнесийг удирдаж байгаа нөхцөлөөр нь ангилан харвал, нийт зээлийн багцын 70 хувь, ЖДБ-ийг удирдаж буй хүмүүсийн 72 хувийг эрчүүд эзэлж байгаа нь гүйцэтгэл, менежмент талдаа эрчүүд давамгай байгааг харж болно. Ийм ч учраас манай ЖДБ-ийг дэмжих төвөөс өнгөрсөн онд Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 400 харилцагчийг Дэлхийн түвшний менежер, сегментийн зэрэглэл ахиулах хөтөлбөр, Бизнесийн менежментийн цогц сургалтад хамрууллаа. Энэ хүрээнд мөн туршлага солилцох 2 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, тэднийг чадавхжуулах шат дараатай алхмуудыг хийж ажиллалаа. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэн 120 асрагч, сувилагчдыг хамруулсан бол “Охидын код бичих хөтөлбөр”-ийн 4 оролцогчид тэтгэлэг олгон, нэг оюутныг ажлын байранд дадлага хийлгээд байна. Мөн өрх толгойлсон 20 эмэгтэйг “Өрх гэр-Ногоо” төсөлд хамруулан хашаандаа ногоо тарьж борлуулах боломж олгосон гэхчилэн цөөнгүй ажлыг дурдаж болно.
-2021 оны “Шилдэг Тос банк”-аар ХААН Банк тодорсон. Тогтвортой хөгжлийн чиглэлээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал?
-ХААН Банк ТоС холбооны 2020 оны “Манлай банк”-аар шалгарч, тухайн жилдээ “Шилдэг ТоС оффис”, “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагатай шилдэг банк”-аар шалгарч байсан. 2018 оноос хойш Тогтвортой хөгжлийн чиглэлд анхаарч ажиллаж ирсний үр дүнд бид дотооддоо дагаж мөрдөх анхны Тогтвортой хөгжлийн бодлогоо 2018 онд баталсан. Уг бодлогын хүрээнд бид тогтвортой санхүүжилт, тогтвортой үйл ажиллагаа, тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт, тогтвортой хамтын ажиллагаа ба тайлагнал гэсэн хэсгүүдэд бүлэглэн бодитой олон ажлуудыг хийсэн нь нөлөөлсөн болов уу. Тухайлбал, бид олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн банкуудаас том дүнтэй хөрөнгө оруулалт татаж чадсан. Олон улсаас эх үүсвэр татна гэдэг тийм ч амар биш. Олон улсын байгууллагууд сүүлийн жилүүдэд үндсэн бизнесийн ашигт ажиллагаанаас гадна Тогтвортой хөгжлийн чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ гэж олон шалгуур үзүүлэлт тавих болсон. Эдгээр шалгуурыг давж, олон удаагийн асуулга, шалгалтын эцэст гаднаас эх үүсвэр татдаг. Энэ татсан эх үүсвэрүүдээр бид ногоон санхүүжилт олгож, харилцагчаа дэмжиж ажиллаж байгааг маань үнэлэн “Шилдэг Тос банк”-аар шалгаруулсан болов уу. Нөгөөтэйгүүр, өмнө дурдсанчлан ажилтнууд руу болон харилцагч, нийгэм рүү чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлсэн, НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдсэний дагуу энэ чиглэлд хийсэн ажлуудаа тогтмол тайлагнах, банкуудаас анхлан үйл ажиллагааны жилийн тайлангаас тусдаа Тогтвортой хөгжлийн жилийн тайлан бэлтгэн гаргадаг зэрэг ажлууд нөлөөлсөн болов уу.
-Монголын хамгийн том банкны хувьд байгууллагын стратеги, бодлогоороо дамжуулан харилцагчид, цаашлаад нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах бүрэн боломж бий гэж санагддаг. Тэгвэл танай банкны цаашдын алсын хараа, стратегид жендэр, хүртээмжтэй холбоотой асуудал хэрхэн тусах вэ?
– Бид олон улсын банкуудтай хөл нийлүүлэх, ялангуяа технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө цагт цахим банкны сувгуудаа улам сайжруулах олон ажлыг хийж байгаа. Үүний хүрээнд бид өнгөрсөн жил банкны дунд хугацааны стратеги болон цахим стратегиа тодорхойлон баталсан. Энэ хүрээнд өмнө хэлсэнчлэн брэндийн шинэчлэл хийсэн. Харилцагч, түншүүдийнхээ өнөөгийн хүсэл хэрэгцээнд нийцүүлэн зайнаас буюу хүссэн газраасаа банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх нь ч хүртээмжийн асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. Бидний хувьд жендэрт суурилсан санхүүгийн үйлчилгээ гэдгийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэдэг хүйсийн ялгаатай байдлаас харахаас илүү хүн бүхэнд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарах болно. Ер нь бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд сайн туслагч, зөвлөгч байж, хамтдаа өсөж хөгжихийг эрмэлзэн ажиллаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч Тогтвортой хөгжил тэр тусмаа Санхүүгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нээлттэй мэдээлэл өгч, цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
– Баярлалаа.
Холбоотой мэдээ