Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Хөгжлийн банкны дээрэмтэй ёс суртахуунаар манлайлж тэмцэхээ, авлигын хэрэгтэй хатуу чангаар үзэлцэхээ амлаж, Д.Амарбаясгалан даргын эхлүүлсэн МАН-ын ариун дайн өмнө нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл хүлээсэн нэр бүхий таван гишүүний “шарыг шувталсан”-аар дуусгавар болж байх шиг. Намаас хөөх нь МАН-ынхны хувьд шүүхээс ял авахаас ч хүнд шийтгэл болдог бололтой дог. Намгүй бол бараг амьдралгүй гэсэн үг аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Засгийн газрын хуралдааны мэдээллийг хүргэхдээ Б.Энхбаяр гишүүний тавьсан саналын дагуу 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгож, 130 хуудас материалыг төрийн нууцаас гаргаж байгааг дуулгасан нь нэг ёсондоо Ардчилсан намыг захын хар овоохой болгохоор шийдсэн гэлтэй.

Тиймгүй бол Ардын намын дарга нар намынхныхаа идсэн уусныг ил болголгүй яагаад заавал АН-ын үед Хөгжлийн банкнаас олгосон зээлийг олон нийтэд ил болгох гэж. Тэгж ярих юм бол 2016-2019 онд МАН засгийн эрх барьснаас хойш Хөгжлийн банкнаас 50 зээл гаргасны 35 нь чанаргүйд тооцогдож байгаа. Бараг тал хагас нь зээлээ төлөөгүй гэсэн үг. Харин АН засгийн эрх барьж байхдаа буюу Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар нь ажиллахдаа 800 зээл гаргасны 13 нь чанаргүй болсон гэх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкийг тонож идсэн дээрэмчид нь Ардын намынхан болохыг тоо хүртэл хэлээд байгаа л даа. Гээд МАН ба иргэд гэсэн дабль стандарт хэдийнэ тогтчихсон, хэзээ байтлаа Монголын хууль тэдэнд үйлчилдэг байлаа…

Үнэхээр л Хөгжлийн банкийг тоногчидтой нам харгалзахгүй тэмцэх гээд байгаа юм бол Б.Баттөмөрийн ахалсан, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхнийхээ шалгалтын дүнг ч улсын нууцаас гаргах ёстой юм биш үү.  Х.Нямбаатар өөрөө  хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН, МАН-гүй нийлж, Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа” гэж хүлээн зөвшөөрсөн л байна лээ.

Нөгөө талаасаа МАН зөвхөн өөрсдөдөө ашигтай мэдээллийг гадагшаагаа цацдаг, төрийн нууцаас гаргадаг нь бодит үнэн. Жишээ нь, жилийн өмнө Х.Нямбаатар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргалаа, барилаа гээд жиргээд байсан яалаа.  Ердөө өмгөөлөгчдийн тэмдэглэлийг л ил болгосон байсан шүү дээ.

Хэрэвзээ, С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргавал Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр буруудна. Цаашлаад МАН сүйрч мэднэ. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхэд нөлөөлж суллуулсан хүмүүс нь Ц.Нямдорж Х.Нямбаатар нар. Урьд өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрээ Улсын дээд шүүх хүчингүй болгохдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан юм биш, хэргийг прокурорт буцаахдаа эрүүдэн шүүлгүйгээр эдгээр хүмүүсийн гэм бурууг нотлоод ир гэсэн, одоо ажлын хэсэг нь тарж, өнөө сэжигтнүүд нь хэвлэл, мэдээллээр гэмт хэргийн хохирогчийн дүрд тоглоод явж байна.

Х.Нямбаатар “…эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй” гэсэн нь үнэн, үнэн. Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан гэмт этгээдүүдийг “эрүүдэн шүүсэн байна” гээд суллаад, “мартчихаж” болохгүй биз дээ. Гэм буруугүй юм бол үүнийг нь шүүхээс тогтоох, үгүй бол гэмт хэрэгтнүүдийг олж шийтгэх нь Ардын намынхны яриад байгаа шударга ёс нь юм биш үү.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаас хойш Ц.Нямдорж хүртэл чимээгүй болчихсон. Өмнө нь өдөр болгон шахуу л хэвлэлийн хурал зарлаж, төрийн сайд биш хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг л ажилладаг байсан даа.

Үндсэндээ МАН зөвхөн өөрсдөдөө, намдаа ашигтай мэдээллийг задруулдаг, бусдыг нь хав дараад байж болохгүй. Өөрсдийгөө ял, зэмээс чимээгүйхэн мулталж, өрөөлийг барьж, хорьж хэлмэгдүүлдэг байж бүр ч боломгүй. Үндсэндээ Ардын намын авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх “шударга ёсны” тэмцэл нь хүртэл ялгавартайгаар үйлчилж байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёрыг барьж хорьчхоод, Г.Амартүвшин нь хуулийн хамгаалалтад гэм зэмгүй үлдэж байгааг авлигатай тэмцэж буй “ариун дайн” гэж хэлэхэд хэцүүхэн.

Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ бас нэгэн хэргийн нууцыг дэлгэсэн. Бас нэгэн гэдэг нь өмнө ч мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан. Тэрбээр ХААН банкны хувьчлалтай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигч Хидео Савадагийн гаргасан гомдлын дагуу Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт АТГ эрүүгийн хэрэг үүсгэснийг “Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ХЗДХЯ шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллага нь шалгана. Тиймээс АТГ-т уламжилсан" гэх үгээр хэргийн нууцаас хуваалцана лээ. Уг нь Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа хууль, цагдаагийнхан шалгаж байгаа хүнийхээ хувийн нууцыг дэлгэдэг байж болохгүй тухай өөрөө яриад байсан. Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Эрүүгийн хуулийн 13.11-д зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гээд заачихсан бий. Авчиг Ардын намынханд хууль хамаагүй л дээ.

Тэрбээр өмнө нь “Жапан таун”-ы газрыг булааж авсан хүмүүсийн булхай удахгүй дэлгэгдэх талаар ч бас жиргэж байсан. Удаа дараагийн энэ үйлдлээрээ санаатай болон санамсаргүйгээр мөрдөн шалгах ажиллагааны нууц дэлгэж буй нь нэг бол бусдыг шантаажилсан, нөгөө бол бусдад санаа сэдэл өгсөн мэт харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, "Чамайг шалгаж байна шүү" гэж анхааруулсан, эсвэл айлгасан тактик байх.

Өмнө нь Ц.Нямдорж улсын нууцыг задруулдаг байсан бол өдгөө Х.Нямбаатар хэргийн нууцыг дэлгэдэг болж дээ. Хуулийн салбарын томчууд нь өөрсдөө хуулиа гууль болгохоор яалтай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж