Covid-19 дэгдсэнээс хойш хэдийнэ хоёр жил өнгөрсөн ч эрдэмтэд цар тахлын дараа үүсч болох эмгэгүүдийн учрыг бүрэн олж чадаагүй байна. Зарим хүмүүст Covid-19-ийг харьцангуй хөнгөн хэлбэрээр туссан ч эдгэрсний дараах хүндрэлүүд нь урт хугацаанд үргэлжилсээр байна. Түүнчлэн эдгэрсний дараа эмэгтэйчүүдэд илүү хор уршигтай байгаа нь нууц биш. Толгой, үе мөч өвдөх, маш их ядрах зэрэг шинж тэмдгүүд дийлэнх хүмүүст нийтлэг илэрч байна. Covid-19-ийн дараах эмгэгийг урт хугацааны Covid-19 гэж нэрлэх нь ч бий.
“Nature” сэтгүүлд гуравдугаар сарын 7-нд нийтлэгдсэн судалгаанаас харахад Covid-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тархийг гэмтээж болзошгүй гэжээ. Тодруулбал, урт хугацаандаа үнэрлэх мэдрэмж алдагдах, мэдрэлийн систем үрэвсэх зэрэг сөрөг үр дагавартай юм байна. Covid-19 тусаад, эдгэсэн 350 гаруй өвчтөн дээр судалгаа хийхэд 66 хувь нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, хоол боловсруулах эрхтэн хямрах зэрэг шинж тэмдэгтэй үлджээ.
Тархины гэмтлээс гадна судлаачдын анхаарлыг татсан өөр нэг зүйл нь судасны систем юм. “Biochemical Journal” сэтгүүлд хоёрдугаар сард нийтлэгдсэн судалгаанаас харахад цусан дахь бичил бөөгнөрөл нь хүчилтөрөгчийг биеийн эд эсэд хүргэх замд саад болж, урт хугацааны Covid-19-ийн олон шинж тэмдэг үүсгэх шалтгаан болдог ажээ.
Судлаачид Covid-19-ийн дараах эмгэгтэй холбоотой дөрвөн гол хүчин зүйлийг олж тогтоосон байна. Үүнд:
- Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин
- Цусан дахь SARS-CoV-2 вирусийн генетик үлдэгдэл
- Цусан дахь Эпштейн-Барр вирус
- Вирус гэх мэт гадны эмгэг үүсгэгчийн оронд бие махбодын өөрийн эд эсэд халддаг молекулууд байгаа эсэх багтжээ.
Эдгээрээс бие махбодын өөрийн эд эсэд халддаг молекулууд байгаа эсэхийг илрүүлэх нь хамгийн чухал гэж Сиэтлийн Биологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Жеймс Хит хэлсэн байна. Covid-19 тусаад, эдгэрсэн хүмүүсийн хувьд дээрх хүчин зүйлс өөрт нь байгаа эсэхэд анхаарал хандуулж, тохирсон эмчилгээгээ хийлгэх шаардлагатай ажээ.
Эх сурвалж: TIME
Холбоотой мэдээ