PISA-д Монголын 196 сургуулийн 7300 орчим сурагч сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

PISA-д Монголын 196 сургуулийн 7300 орчим сурагч сонгогджээ

PISA-д Монголын 196 сургуулийн 7300 орчим сурагч сонгогджээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2022.03.10) Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд дөрөвдүгээр сард анх удаа хамрагдахаар бэлтгэл хангаж байгаа талаар мэдээллээ. Салбар яам Covid-19-ийн улмаас үүссэн хоёр жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөх бодлогоо зөв тодорхойлоход энэхүү үнэлгээ маш том луужин болно гэж үзжээ.

Сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "PISA нь ямар нэгэн шалгалт биш юм. Энэхүү үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцоно. Хүүхэд сурах сургуулийн орчин бүрдүүлсэн үү, багш нар хичээлээ сонирхолтой зааж чадаж байна уу, гэр бүл, асран хамгаалагчдын дэмжлэг хүүхдийн сурах амжилтад хэрхэн нөлөөлж байна, Covid-19 ямар нөлөөлfл үзүүлэв гэхчлэн том үнэлгээ хийх юм. Суурь боловсрол эзэмшсэн хүүхэд амьдралд бэлэн байна уу гэсэн үнэлгээ учир чухал ач холбогдолтой” гэж онцлов.

PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд дэлхийн 88 улс орон оролцож буй юм байна. Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогджээ.

Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгавар хийж гүйцэтгэх юм. Дүнг 2023 оны арванхоёрдугаар сард зарлах ажээ.

Хүүхэд суурь боловсрол эзэмшээд, дараагийн шатны боловсрол руу шилждэг учраас 15 настай сурагчдыг сонгон авч, үнэлгээнд хамруулдгийг албаныхан тодотгов.

PISA үнэлгээнд Монгол Улс оролцсоноор:

-15 настай сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх

-Өөрийн орны боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох,

-Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-Дагалдах асуудлын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж