Хятад улс 2030 он гэхэд говьд 450 гигаватт салхи болон нарны эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна гэж Хятадын засгийн газрын төлөвлөгч Хэ Лифэн Бямба гаригт мэдэгдэв. Энэ нь АНУ-д суурилуулсан нар, салхины эрчим хүчний станцаас нийт хэмжээгээр хоёр дахин их аж. “Client Earth”-ийн Хятад дахь төлөөлөгч Димтри Де Боер хэлэхдээ "450 ГВт гэдэг үнэхээр асар том. Энэ нь 2030 он хүртэл хийгдсэн нар, салхины эрчим хүчний хамгийн том ажил байх болно" гэжээ.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь "Хятадын хөгжил буурай баруун бүс нутгийн эдийн засгийн томоохон түлхэц" байх ёстой гэж Димтри Де Боер хэлэв. “Greenpeace” Зүүн Азийн төлөөлөгч Ли Шуо хэлэхдээ "Энэ бол Хятадын цаг уурын түүхийн эерэг тал юм. Хүмүүс их тоонд дасах хэрэгтэй… Хятадад тулгамдаж буй асуудал бол нүүрсний хэрэглээг бууруулах явдал юм” гэжээ.
Тус мэдээг бэлтгэсэн сайт дээр говийн талаар тодотгохдоо, Хятад, Монголын хойд хил дээр байдгийг зааж, эрчим хүчний салбарт тохирсон буюу “газар хямд, нар, салхитай” гэсэн байна. Мөн Өвөр Монголын газар нутгийн ихэн хувийг говь цөл эзэлдэгийг онцолжээ. Өвөр Монгол нь Хятадын нүүрсний үйлдвэрлэгч муж гэж нэрлэгддэг байна. Хятад улс нарны зайн хавтан үйлдвэрлэх зардлыг бууруулж, дотоодын хямд төсөр хавтангуудыг ийм төслүүдэд ашиглах боломжтой болсон ажээ.
“Greenpeace” Зүүн Азийн төлөөлөгч Ли “Уур амьсгалын үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахын тулд дотооддоо үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг өргөн хүрээнд ашиглах нь чухал” гэж онцолжээ.
Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Саймон Николас ч мөн санал нэг байна. Тэрбээр “Climate Home”-д хэлэхдээ "Хятад улс бол алсын зайн дамжуулалтаараа дэлхийд тэргүүлэгч, хэт өндөр хүчдэлийн шууд гүйдлийн дамжуулах шугамыг олон жилийн турш барьж байна. Тиймээс хэн нэгэн үүнийг хийж чадах вэ гэвэл Хятад л чадна" гэв.
Де Бурын хувьд дамжуулалт өндөр өртөгтэй хэвээр байх болно гэдгийг анхааруулаад, цөлөөс алс хол зайд, Хятадын хүн ам ихтэй бүс нутгуудад цахилгаан дамжуулах явцад цахилгаан алдагдах болно гэж онцолжээ.
Эх сурвалж: CLIMATE CHANGE NEWS
Холбоотой мэдээ