Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т) мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л (29 настай, эрэгтэй), Б (27 настай, эрэгтэй) нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон байжээ.
Алба хаагчид Эгийн голын мөсөнд гурван цооног гаргаж, гурван удаа гүний шумбалт хийн, эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр (2022.03.10) 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Б.ЖАРГАЛ