"Э.Бат-Үүл хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэх нотлох баримт байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

"Э.Бат-Үүл хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэх нотлох баримт байхгүй"

"Э.Бат-Үүл хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэх нотлох баримт байхгүй"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхонтой ярилцлаа.


-Э.Бат-Үүл давж заалдах шүүхийн гомдлоо гаргасан гэсэн. Шүүхээс албажсан шийдвэрээ өгөх гэж бас багагүй цаг авсан. Яагаад тэгж удсан юм бол?

-Бид давж заалдах гомдол гаргасан. Одоо тухайн гомдлын дагуу давж заалдах шатны шүүхэд хэргийг шилжүүлж, шүүх хурлаа зарлах ёстой. Шүүхийн шийдвэр гарах гэж хоёр сар орчим хугацаа болсон. Хуулийн хугацаа нь хоёр долоо хоног байдаг атал хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтрүүлэх нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх тул бид шүүхэд зохих журмаар шаардлага хүсэлтээ гаргасан. Харамсалтай нь, хугацаа нь хэтэрч, битүүний орой /2022.02.01/ шүүхийн шийдвэрийг гардуулсан.

-Биеийнх нь байдал хэр байна вэ?

-Цагдан хорих байрны орчин биеийнх нь байдалд сөргөөр нөлөөлж байна. Бидэнд өөрөө ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр “Миний хувьд энд бие муудлаа гэж гоншигнохгүй. Тийм учраас ийм асуудал битгий тавь” гэсэн.

Гэр бүлийнхэн нь Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Тэднийгээ аль болох зоригжуулж байсан. Би 2017 оноос хойш хэрэг дээр нь ажиллаж байгаа юм. Өөрөө сэтгэл санааны хувьд хатуужилтай, итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсдог хүн гэдэг нь мэдрэгддэг.

-Танай үйлчлүүлэгчийн хэвлэн нийтлэх эрхийг хаасан гэж сонссон. Ямар шалтгаанаар хаасан юм бэ?

-Хэвлэн нийтлэх эрхийг нь яагаад хаасан шалтгааныг тайлбарлаагүй. Э.Бат-Үүл baabar.mn сайт болон бусад мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэл тогтмол гаргах үүрэг хүлээсэн хүн. Тийм учраас 409 дүгээр ангид хоригдсоноос хойш нийтлэлээ бичсэн. Тэрбээр нэг нийтлэлээрээ прокурорын байгууллагын үйл ажиллагааг биеэрээ мэдэрч, сургамж авсны хувьд социализмын үеийн арга барилаасаа салаагүй байна, Ардчилсан Үндсэн хуулийг баталсаны утга учир болсон хүний эрх, шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна гэж шүүмжилсэн. Хачирхалтай нь, үүний дараахан 409 дүгээр хорих ангиас Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, материал гаргахыг хорьсон.

Хүний оюун санаа, үзэл бодлыг хорьж болохгүй шүү дээ. Ийм зарчим, үзэл санаа аль ч хуульд байхгүй. Тэгэхэд оюуны бүтээлийг нь гаргахгүй хорьж, цагдана гэдэг бол ардчилсан, эрх зүйт төртэй улс оронд байх ёсгүй бүдүүлэг үзэгдэл.

-Э.Бат-Үүлийг хилс хэргээр яллачихлаа гэж журмын нөхөд нь хэлж байгаа. Яг үнэндээ хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэдэг нотлох баримт байгаа юу?

-Хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэдэг битүү хатуу мэдээлэл олон нийтийн дунд яваад байна. Харамсалтай нь, олон нийтийн тархи угаах энэ ажиллагаа хэрэг дөнгөж мөрдөн байцаалтын шатад явж байхад зохион байгуулалттайгаар цацагдсан. Одоогийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаарх мэдээллийг задруулах ёсгүй. Тэгэхэд Э.Бат-Үүлийн хэргийн талаарх мэдээллийг мөрдөн байцаалтын шатнаас нь зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн сайтуудаар цацаж эхэлсэн.

Хүнийг зохион байгуулалттайгаар олон нийтэд муухайгаар харагдуулж, хэлмэгдүүлдэг бохир технологи Монголд нутагшчээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.

Иргэд тархи угаах бохир технологид автаж, хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэсэн баримжаа, таамаг мэдээлэлтэй байна. Хэргийн материалтай танилцсан өмгөөлөгч хүний хувьд хэлэхэд Э.Бат-Үүл хүүгийнхээ компанид давуу эрх олгосон гэх нотлох баримт байхгүй. Хүүгийнхээ компанид ямар давуу эрх олгосон бэ гэдэг нь тодорхойгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд ганцхан Б.Чулуудайн эзэмшиж байсан “Грандлайн” гэдэг компани оролцоогүй. Бусад 14 байршил дээр зэрэг хэрэгжсэн. Бусад байрлал дээр төсөл хэрэгжүүлсэн олон компани нэг л ижил дүрэм журам, процессоор шалгарч, адил нөхцөлийн дагуу төсөл хэрэгжүүлсэн. Хэнд нь ч давуу эрх үүсгээгүй. Гэтэл зөвхөн Б.Чулуудайн компанитай холбоотой асуудлыг цохож, аав нь Засаг дарга байсан учраас хүүтэйгээ хуйвалдсан байх ёстой гэж яллаж байна.

Харамсалтай нь, бусад 14 компанитай огт харьцуулж хэн нэгнээс нь илүү давуу эрх олгосон эсэхийг шалгаагүй. Тэгэхээр энэ хэргийг нэг хүн рүү чиглүүлж, буруутгах ажиллагаа явж байна гэж бодохоос өөр аргагүй.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас яг хэчнээн хүн хохирсныг шүүх олж тогтоосон юм уу?

-Нэг ч иргэнийг хохироосон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, прокурор, АТГ, шүүх Э.Бат-Үүлийг хилсээр буруутгасан.  Э.Бат-Үүлийн гэх хавтаст хэрэгт ганц ч иргэнийг хохироосон гэж буруутгасан зүйл байхгүй. Тэгж буруутгаж чадаагүй. Гэсэн мөртлөө олон нийтэд баахан хүмүүсийг хохироосон юм байна гэсэн ташаа ойлголт төрүүлчихсэн.

-Хуулийг буруу хэрэглэж, ялласан гэдгийг хуульчид хэлж байгаа. Тэгэхээр Э.Бат-Үүл санааны хоригдол болчихсон юм биш үү?

-Ер нь хөөн хэлэлцэх хугацаа нь эрүүгийн эрх зүйн онол, эрүүгийн хуульд зайлшгүй байдаг ойлголт ба үүнийг би нуршиж тайлбарлах нь илүүц байх. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны тухай зохицуулалт Дорж, Дулмаа, Бат-Үүлд ялгаварлалгүй адилхан үйлчлэх ёстой.  Э.Бат-Үүлийн хэргийг эргээд харвал, 2015 онд хамааралтай үйл явдлаар түүнийг буруутгасан. Яллагдагчаар татаж, хэрэг үүсгэсэн хугацааны хувьд 2018, 2019 он.  Улсын дээд шүүхийн холбогдох хуулийг хэрэглэсэн практикаас харахад Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож, суллах ёстой байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй гээд ял өгөөд явуулсан нь шүүх хуулийг ялгавартайгаар хэрэглэж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.  Шүүх хуулийг хэн нэг хүнд зориулж тухайлан ялгамжтайгаар хэрэглэж болохгүй. Э.Бат-Үүлийг хорихын тулд хуулиа өмнөх практикаас өөрөөр тайлбарлаж болохгүй шүү дээ.

-Давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан уу?

-Хуулиараа давж заалдах шатны шүүх хэргийг хүлээж авснаас хойш нэг сарын дотор гомдлыг шийдэх ёстой. Гэтэл одоогоор тодорхойгүй байна. Аливаа хэрэг шалгах процесс явж болно. Албан тушаалтай байсан хүнийг шалгаж болно. Гэхдээ энэ процесс хуулийн дагуу шударга шүүх ёстой.

Давуу эрх олгосон гэх үйлдэл, улсад учруулсан хохирол огт нотлогдохгүй байхад нийтээр нь буруутай гэх ойлголт төрүүлж байгаад хүн намнадаг тогтолцоотой болчихвол хэн ч Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх баталгаа байхгүй болно.

Хэрэг шалгаж байхад хэргийн материал задруулж байгаа бол хэргийг хянаж байгаа прокурор болон мөрдөн шалгах байгууллагаас гарч байгаа гэсэн үг. Аливаа хэргийн талаар, мөрдөн байцаалтын шатнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой хавтаст хэргийн мэдээллүүд цацагдаж эхэлбэл ард нь хүн намнах ажиллагаа явж байна гэдэг автомат хардлага үүсч байна. Бохир, тархи угаах ажиллагааны эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугарч байхыг уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
239
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж