Хөшигийн хөндий үлгэрийн хот болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндий үлгэрийн хот болж чадах уу?

Хөшигийн хөндий үлгэрийн хот болж чадах уу?

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд зах болон их, дээд сургууль, хотын захиргааг хотоос нүүлгэх асуудлыг үе үеийн хотын дарга нар улиг болтлоо  ярьсан. Бодлогоо цаасан дээр зурагласнаас хойших хугацаанд “Хотоос нүүлгэнэ” гэх ярианд монголчууд бид ээнэгшин дассан гэхэд болно. Ямартай ч 2013 онд яригдаж байсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын “Хангарьд” ордныг Яармаг руу нүүлгэх асуудал жигдрэх шатандаа орсон. 

“Урт настай, удаан жаргалтай” нүүдэл суудлыг өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс хэсэгчлэн эхлүүлсэн байдаг. Гэвч 2012 онд Нарантуул", "Хархорин", "Бөмбөгөр" худалдааны төв, 100 айл, "Барс" захыг нүүлгэх, 2016 онд "Нарантуул", "Да" хүрээ зэрэг захуудыг нүүлгэх асуудал өнөөдөр Д.Сумъяабазарын үед ч үргэлжилсээр. 

Засгийн газар Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг шилжүүлэх шийдвэр гаргажээ. Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Майдар, Шинэ Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд  Засгийн газар батласан. Дээрх хотуудад нийтдээ 150 мянга орчим хүн амьдрах гэнэ. 

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай хотоос гаргана. Энэ бол төрийн шийдвэр. Хөшигийн хөндийд эдийн засгийн болон төрийн захиргааны таталцал бий болгосноор хүн амын төвлөрөл бий болгоно. Таталцлыг бий болгохын тулд тэнд дэд бүтэц, хүн амьдрах орчин, ажлын байр бий болох ёстой. Энэ ажил нь мэдээж өнөө маргаашдаа хийгдчих ажил биш. Ямартай ч төрийн шийдвэр гарснаар Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг Засгийн газраар батлуулна” гэж онцлов.

Сонсоход сайхан хэдий ч итгэхэд бас хэцүү юм. Учир нь зах, худалдааны төвүүдийг өнөөдрийг хүртэл нүүлгэж чадаагүй, 10 жил ярьсан ч бахь байдгаараа. Зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарсан байдаг. Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147 мянга 293 оюутан сурдгаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141 мянга 391 оюутан буюу 96 хувь нь бий. Их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудал сураг алдарсан. Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ

Ёстой л сэрэхгүй бол сайхан зүүд шүү гэдэг шиг хийж чадаж байвал хэдэн үеэр нь эрх баригчдыг сонгомоор. Хөшигийн хөндийн нисэх буудлаа барих гэж долоон жил болсон. Одоо дагуул хотуудаа түүнээс ч олон жил болж байж барих биз. Хэзээ баригдаж дуусах талаар салбарын сайд нь "Дагуул хотууд өнөө маргаашдаа, нэг жилийн дотор монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй. Хөшигийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. Газар доор маш олон ажил хийгдэж байж байшин босно. Яриад л маргааш нь байшин барьдаггүй. 30 гаруй мянган хүн амтай хот байгуулахын тулд доод тал нь 10-30 жил бүтээн байгуулалт хийгдэнэ" гэжээ. 

Амьдрал дээр дагуул хотууд үлгэрийн хот болж чадах эсэх нь эргэлзээтэй. Үндсэндээ утаа, түгжрэл, стресстэй ч гэлээ Улаанбаатарт жил бүр хөдөө орон нутгаас 10 мянган хүн шилжиж ирдэг шалтгаан нь ердөө зах зээл, ажлын байр. Мэдээж цэвэрхэн, шинэ, дагуул хотод амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч ажлын байр, зах зээл байхгүй бол дагуул хот үлгэрийн орон байлаа ч хүн тоохгүй биз. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж