Сурвалжлага: Хүүхдүүд 3-4 цаг дугаарлаж эмчид үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдүүд 3-4 цаг дугаарлаж эмчид үзүүлж байна

Сурвалжлага: Хүүхдүүд 3-4 цаг дугаарлаж эмчид үзүүлж байна

Урин хавар айлчилж, ханиад томуу, халдварт өвчин дэгдсэнээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Өнгөрсөн хоёр жил Covid-19, карантин гээд гэртээ "бүгсэн" монголчууд хаврын ханиад томууг мартах дөхөж. Харамсалтай нь, хүүхдийн гэх тодотголтой хэдэн эмнэлэг өдгөө ханиалгасан, нус нь гоожсон, уйлсан нялхас, багачуудаар дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрчээ.

2022.03.09-ний өдөр, 18:00 цаг

Дотогшоо орсон хүүхдүүдээ хүлээж буй асран хамгаалагчид

Хүүхдийн 25 чиглэл, эх барихын есөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээн дэх ганц эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ буюу "Эх нялхасын амьсгалын замын эмгэг" гэж цагаан дээр улаанаар бичсэн хаалгаар оров. Ажлын цаг дууссан болоод ч тэр үү хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг эхчүүд энд тэндгүй үзэгдэнэ. Эмч, сувилагч нар нь ч хүн бүрт хүрч ажиллахыг хичээж байгаа нь илт.

Энэ өдрийн ээлжийн ахлах, хүүхдийн их эмч Б.Батцэцэгтэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэсэн боловч үнэхээр завгүй, үзэх хүүхэд их учир боломж олдсонгүй. “За, миний хүү одоохон” гэх, шалан дээр, сандал дээр суусан эцэг, эхчүүдийн үг, харц хоёр эмнэлгийн коридорт аврал эрэх шиг. Хүүхдүүдэд тухгүй байгаа нь тэдний царайны хувирал, хоолойн өнгөнөөс илхэн. “За аавууд нь гадагшаа гараад, ээжүүд нь хүүхдээ аваад үлдээрэй” гэж сувилагч аминчлан гуйна. Учир нь эмнэлгийн жижиг, нарийнхан коридорт олон хүн дугаарлан зогсох нь орчны хэмийг улам л нэмэгдүүлэх агаад үүнээс болж нялхас хөлс, нулимс, нусандаа “баригдана”.

Хоногт 200 гаруй хүүхэд үзүүлж байна

Эх нялхасын яаралтай тусламжийн тасгийн ачаалал 25 хувийн нэмэгдэлтэй байгаа аж. Хоногтоо яаралтай тусламжийн тасагт хандаж,  200 гаруй хүүхэд томуу, томуу төст эмгэгийн шинжтэй, халуурсан, амьсгаадсан, амьсгал шуугдсан байдалтай ирж үзүүлж байгаа гэнэ.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Болормаа ярихдаа “Өнөөдрийн байдлаар амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасагт 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлэгт хавсарсан, хүнд тохиолдлуудыг авч эмчилдэг. Бид өнөөдрөөс ачаалал ихэсч байгаатай холбогдуулан амьсгалын эмгэгтэй хүүхдүүдийг хэвтүүлэх 25 ор нэмж байна” гэв.

Тус эмнэлэг нь нийт 273 ортой бөгөөд үүнээс 45 нь амьсгалын эмгэг судлалынх аж.

Эмнэлгийн коридорт охиноо тэврэн ээлжээ хүлээж буй ээж

Д.Болормаа эмч цааш ярихдаа “Covid-19-ийн дөрөв дэх давалгаа намжиж байна. Сүүлийн дөрөвдүгээр давалгаан дээр хатгалгаагаар хүндрэх тохиолдол дельтатай харьцуулахад цөөн байсан. Харин одоо томуу, томуу төст өвчний үед амьсгалын дээд замын шуугисан, халуурсан шинжтэй хүүхдүүд ирж байна. Хатгалгаагаар хүндрэх хувь өмнөх томуугийн үеийнхтэй яг л адил 30-40 хувьтай байна. Оношилгоо, эмнэлзүйн шинж тэмдэг нь төстэй учир ялгахад төвөгтэй. Тиймээс бид хүүхдүүдээ эхлээд Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар оношилж байна. Covid-19 биш бол томуу, томуу төст өвчний сорил авч байна” гэлээ.

Мөн тэрбээр сургууль, цэцэрлэг гээд хүүхдүүд олноор бөөгнөрч байгаа газарт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байлаа.

Эх нялхасын эргэн тойронд байрлах эмийн сангуудаар ч эмчийн бичиж өгсөн эмийг хайсан аав, ээжүүд, эмээ өвөө нар ганц нэгээр тогтохгүй. Харамсалтай нь, сурагласан эм нь дууссан байх аж. Эмийн сангийн эмч амьсгалын тогтолцоо, ханиад томуу, харшлын эсрэг эм эрэлттэй байгааг гэлээ.

2022.03.09-ний өдөр, 19:30 цаг

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламж

Эх нялхасаас гараад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийг зорив. 21 дүгээр хороололд байрлах уг эмнэлэг дээр ч нөхцөл байдал ялгаагүй. Яаралтай тусламжийн хаалга руу хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн цуваа тасрахгүй. Дотор нь ч эмчид үзүүлэх гэж уртаас урт цуваа хүлээнэ. Эмч, сувилагч нарын зүгээс эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд дугаар тараажээ. Гэхдээ энэ нь оновчтой шийдэл байгаагүйг томчууд хэлж байлаа.

Тус эмнэлэгт нэг зүйл анзаарагдсан нь яаралтай тусламжийн насанд хүрэгчдийн тасаг ачаалал тун багатай, бараг өвчтөн, үйлчлүүлэгчгүй гэж хэлж болохоор байв. Гэтэл яг эсрэг талд нь байрлах хүүхдийн тасагт түм түжигнэж, бум бужигнаж, ганц байгаа эмчээ хүлээх.

"Ийм том эмнэлэг байж ганцхан эмчтэй байх гэж"

Н.Мөнхөөгийн бэр хоёр хүүтэйгээ хэвтэн эмчлүүлж байгаа бол энэ өдөр өөр нэг ач хүүгээ эмнэлэгт үзүүлэх гэж өдөржин болсон аж. Тэрбээр ярихдаа “Энд зохион байгуулалт алга. Манай бэр дөрвөн цаг гаруй оочерлож байж хэвтсэн. Өнөөдөр бас миний гурван ойтой ачийн хоолой өвдчихсөн. Дахиад л эмнэлэг бараадаж байна. Өглөө хувийн эмнэлэгт үзүүлэхэд хатгаатай байна гэсэн. Өрхийн эмнэлгээсээ хэвтэх бичгээ авч ирж оочерлоод 3-4 цаг болж байна. Боломжтой бол хүүхдийнхээ тасаг дээр хүн хүч нэмэх хэрэгтэй. Энэ олон хүүхдийг зовоож байна шүү дээ. Шинэ эмнэлэг 200 хүүхдийн багтаамжтай гэсэн. Гэтэл шалан дээр, сандал дээр ч хэвтэж байна. Болохгүй бол урд талын хуучин эмнэлэгт ор гаргана гэж байна. Сая дугаар тараагаад, бүр бужигнуулаад хаячихлаа” гэлээ.

Харин н.Энхбаатарын охин цэцэрлэгээсээ ханиад авсан бололтой. Ажлаа тараад "амьхандаа" эрт ирсэн боловч 43 хүний ард дугаар таарчээ. Тэрбээр “43 хүний ард байна. Эхнэр, охин хоёроо машинд оруулж, хооллох санаатай. Цэцэрлэгээс нь аваад л шууд ирсэн. Ангиасаа халдвар авсан юм шиг байна. Уг нь манай эхнэр цэцэрлэгийн багш болохоор хаширлаад охиноо явуулахгүй байсан юм. Гэтэл яваад удаагүй ханиад хүрчихсэн юм шиг байна. Ядаж байхад бид хоёрын зав олдохгүй байсан. Эм өгөөд л байсан, ханиад нь зүгээр болсонгүй. Тэгээд өнөөдөр үзүүлэхээр ирсэн чинь оочер үнэхээр их байна. Нэг л эмч байна. Ийм том эмнэлэг байж ганцхан эмчтэй байх гэж. Энэ хүүхдүүд ядарч байгаа шүү дээ. Бас маш бүгчим байна” гэж ярив.

О.Нэргүйн хувьд жирэмсэн хэдий ч есөн настай том хүүгээ үзүүлэхээр иржээ. Тэрбээр “Хүндрэлтэй, жирэгдэлтэй байна. Ирээд хоёр цаг болж байна. Дугаараараа бол 20 хүний дараа байна. Уг нь есөн настай хүүгээ үзүүлэх гэсэн юм. Ханиалгаад бараг хоёр сар болж байна. Эмч нар нь “Ийшээ оч, тийшээ оч” гэсээр л байна. Ханиад нь их хүнд байгаа. Би одоо гурав дахь удаагаа ирж байна. Ирэх болгондоо 3-4 цаг оочерлож үзүүлдэг. Энэ хугацаанд жаахан хүүхдүүд их ядарч байна. Хэл амтай, хэрүүл тэмцэлтэй л байна шүү дээ” гэв.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр бага насны хүүхдүүдийн дунд менингококкт буюу менингит өвчний халдвар бүртгэгдэж байгааг анхааруулж, эцэг эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхааруулсан. Энэхүү өвчин маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй бөгөөд агаар дуслын зам болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг гэнэ.

Хамгийн ноцтой нь, бага насын хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг ажээ. Эрүүл мэндийн яамны дараах мэдэгдлийн төгсгөлд "0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандаарай" гэжээ. Гэвч эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхэд бүрт хүрч ажиллахад учир дутагдалтай байгаа нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж