“Амьдрахуй”-н ухааныг заасан алдарт Үй Хуа

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

“Амьдрахуй”-н ухааныг заасан алдарт Үй Хуа

“Амьдрахуй”-н ухааныг заасан алдарт Үй Хуа

Монголчуудад “Амьдрахуй” хэмээх зохиолоороо танигдсан Үй Хуа 1960 онд Хятадын Жэжян мужид төржээ. Эцэг, эх нь эмч байсан учир түүний бага залуу нас шарил хадгалах газрын эсрэг талын эмнэлгийн хашаанд өнгөрсөн байна. Ийн хар багаасаа үхэлтэй ойр байсан нь түүнийг уран бүтээлээ туурвихад нөлөөлсөн ч гэж хэлж болно. Эмч эцэг, эхийн нөлөөллөөр ч тэр үү тэрбээр зургаан жил шүдний эмчээр ажиллаж, өдөржингөө хүний ам шагайх сонирхолгүй байсан учир уран зохиолын гараагаа эхэлжээ. Энэ бол 1983 он юм. Бид энэ удаа "ХҮМҮҮС" буландаа Үй Хуа-гийн амьдрал, уран бүтээлийн талаар онцоллоо.


ТАЙВАН ЦАГТ СУУТ БҮТЭЭЛ ТУУРВИХ БОЛОМЖГҮЙ

Түүнийг ухаан орох цагт Хятад оронд соёлын хувьсгал ид өрнөж байсан тул зохиол бүтээлүүдэд нь эмх замбараагүй нийгэм, хүчирхийллийн тухай гарах нь олонтаа. Зохиолчдын дунд “60-аад оныхон” гэсэн тусдаа хэллэг бий. Энэ нь ид хүүхэд, залуу насаа соёлын хувьсгалын далбаан дор өнгөрөөж, төлөвшсөн үеийнхнийг хэлдэг аж.

“Тайван, эмх цэгцтэй нийгэмд агуу бүтээл туурвих боломжгүй” гэж Үй Хуа нэгэнтээ хэлсэн байдаг.


Тэрбээр Ханжоу хотод төрж, Хайян дахь Вуяань тосгонд өсч торнижээ. Тиймдээ ч түүний зохиол бүтээлүүдэд ихэвчлэн Хайян дүрслэгддэг байна. Бичих үйл нь түүнийг хүүхэд нас руу нь хөтлөн аваачдаг тухай тэрбээр хэлж байжээ.

Хамгийн анхны амжилт олсон бүтээл нь “Арван найман насны зам дээр” нэртэй богино өгүүллэг байж. Энэ бол 1987 он юм. Дараа нь 1993 онд “Амьдрахуй”, 1995 онд “Цусаа худалдсан тэмдэглэл” нэртэй алдартай зохиолуудаа туурвижээ. Дээрх хоёр зохиол монгол уншигчдад хэдийнэ танил болсон билээ.

Үй Хуа нийтдээ таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, гурван эссэний түүвэр бичжээ.

Түүний зохиолууд монгол, англи, испани, португал, франц, герман, орос, итали гээд 20 гаруй хэлээр орчуулагдсан. Шүүмжлэгчид түүнийг "Хятадын постмодернист зохиолын хаан" гэж үздэг. Түүнийг зохиол бүтээлээ бичихэд Франц Кафка, Ясунари Кавабата нар ихээхэн нөлөөлсөн гэдэг. "Тэдний бүтээлээс л ‘Бичихийн гол зорилго бол хүмүүний мэдрэмжийг дэлгэх явдал юм’ гэдгийг ойлгосон” гэж Үй Хуа хэлж байв.

Нэгэнтээ Нью-Йоркер сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Үй Хуа “Миний зохиол үргэлж өөрчлөгдөж байдаг, учир нь манай улс үргэлж өөрчлөгддөг” гэж хэлжээ. Үнэхээр ч түүний хүүхэд ахуйд "Соёлын хувьсгал" ид хүчээ авч байсан бол араас нь 90-ээд оны эдийн засгийн тэсрэлт болон гайхамшигт XXI зуун залгасан билээ. Үүнийг дагаад түүний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлс ч орвонгоороо эргэсэн гэдэг.

"Үй Хуагийн зохиолуудад хэтэрхий их хүчирхийлэл гардаг" гэж уншигчид шүүмжилдэг ч “Бодит байдал дээр харсан, үзсэн минь тэр билээ. Хүчирхийлэл миний далд ухамсарт эртнээс бий болсон” гэж тэр хариулдаг байна.


Сүүлийн жилүүдэд Үй Хуа зохиолч Хятад болон Зүүн Ази, цаашлаад барууны ертөнцөд чиглэсэн Хятадын тухай бүтээлүүд туурвих болжээ. Түүнчлэн сар бүр "Нью-Йорк таймс" сонинд Хятадын тухай нийтлэл бичдэг аж.

БҮТЭЭЛ ТУУРВИХУЙ

Түүний зохиолуудад Хятадын түүхэн цаг үеийн сэдэв зонхилдог. Мао даргын засаглалын үеийн жижиг тосгоны амьдралыг түүний зохиолоос бэлээхэн харж болно. Тухайлбал, “Цусаа худалдсан тэмдэглэл” романд Хятадын доод давхрагынхны зовлон зүдгүүрийг дүрсэлсэн байдаг бол “Ах дүүс” дээр эмгэнэл, инээдэм хоёрыг хослуулан бичжээ.

Түүний зохиолуудыг шидэт реализм төрлийнх гэж нэрлэсэн ч болох. Мөн тэрбээр бүтээлүүддээ эртний Хятадын уран зохиолын элементүүдээс тодорхой хэмжээгээр шингээсэн байдаг. Тэрбээр зохиолдоо хар бараан хошигнол түлхүү ашигладаг. Мөн хөгжмийн сонирхолтойгоо уялдуулаад уран зохиолын хэлээ хөгжмийн хэмнэлээр баяжуулдаг. Жишээлбэл, нэг үгийг олон давтах хэв маяг нь хөгжмийн зохиолуудаас санаа авсан хэлбэр юм.

АМЬДРАХУЙ

Энэ зохиолыг хэтрүүлэгтэй реализмын төрөл гэж нэрлэдэг. Зохиолын гол дүр Фү Гуй иргэний дайн болон соёлын хувьсгалын золиос болж, насан туршдаа зовж зүдэрдэг. Тэрбээр эхнэр, хүүхэд, эцэг эх бүгдээ алдаж, цор ганцаараа үлддэг бөгөөд амьдрахын гол утга учир нь эдэлж хэрэглэхдээ биш, эрүүл энх, элэг бүтэн байхад л оршино гэдгийг уншигчдад ойлгуулсан билээ. Уг зохиолыг анх хэтрүүлсэн реализм гэх үндэслэлээр Хятадад хориглож байсан ч хожим нь тус улсын хамгийн нөлөө бүхий номоор нэрлэгджээ.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

"Нью-Йорк таймс"-т "Мао дарга нас барсныг ёслол төгөлдөр зарласан өглөө түүнийг асуудалд оруулах шахсан зүйл нь түүний чанга инээд" гэж бичжээ.

Хятад улс болон хятад зохиолчдын талаар сөрөг дүр төрхийг барууныханд сурталчилж байна гэж түүнийг буруутгадаг.

Хүүхэд насандаа зуны халуун өдрүүдэд шарил хадгалах газарт унтаж, сэрүүцдэг байжээ.
Бээжингийн Утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа эхнэртэйгээ танилцсан аж. Эхнэр Чен Хун нь яруу найрагч юм.

Түүний өсвөр насанд Хятадад гадаадын зохиол уншихыг хориглодог байжээ. Гэвч тэр найзтайгаа А.Дюмагийн нэгэн зохиолын орчуулгыг олж авсан ба 24 цагийн дотор буцааж өгөх ёстой байсан тул шөнөжин хуулж бичжээ. Сүүлд нь бие биенийхээ бичгийг ойлгож уншиж чадахгүй байсан учир гудамжны гэрэлд хамтдаа чанга дуугаар номоо уншдаг байж.

Анх 1973 онд аав нь түүнд номын сангийн карт нээж өгснөөр уран зохиолд улам дурлаж, Хятадын олон алдартай зохиолтой танилцжээ.


Эх сурвалж: WIKIPEDIA, FACTS AND DETAILS, SAPOREDICINA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж