Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани Сангийн яамыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна. АМНАТ-ыг 15 ам.доллараар худалдаалж байгаагаас шүүхэд өгсөн үү?
-Тийм. Сангийн яамыг шүүхэд өгсөн. Энэ бол дан ганц Сангийн яам ч хариуцахгүй зүйл. Уул уурхайн АМНАТ-ын татварыг яамтай хамтарч гаргадаг. Уул уурхайн төрийн компаниуд газар доорх ард түмний баялгийг үнэ хүрэх бодлого баримтлах ёстой. Ялангуяа "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани АМНАТ зарж ирсэн бодлогыг өөрчилж, ядаж хилийн үнээр зарах, борлуулах шийдвэр дээр хатуу байр суурьтай байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүйгээс шүүхэд өгсөн асуудал үүссэн. УУХҮЯ-ны бодлогын хувьд зарим өөрчлөлтийг хийж магадгүй. Гэрээний үнэ буюу худалдааны бодлого буруу явж байгаа. Тиймээс газар доорх баялгийг өндөр үнээр буюу биржийн үнээр л зарах ёстой.
-ОХУ, Украины асуудлаас үүдэж ам.доллар олдохгүй байгаа асуудал үүссэн. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?
-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр үүнийг хэлэлцсэн. Үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор нөөцийг барих бодлого баримтлах нь тодорхой. Төв банкнаас өгсөн мэдээллээр гадаад валютын 2-3 сарын импортыг санхүүжүүлэх нөөцийг хэвийн нөөц гэж үздэг. Одоогийн байдлаар нөөц хангалттай бий. Төв банкнаас ямар ч чиглэл өгч, хязгаарлалт хийх мэдэгдэл гаргаагүй. Арилжааны банкуудад чиглэл өгөхдөө гадаад худалдааны гэрээ, төлбөр төлөх гэрээтэй тохиолдолд арилжааг чөлөөтэй явуулна.
Харин бусад тохиолдолд хязгаарлах зүйл арилжааны банкуудад гарч байна. Иргэд долларжих хүсэлтэй байгаа учраас арилжааны банкууд хязгаарлаж байгааг үгүйсгэхгүй. Төв банк гадаад худалдааны санхүүжилт, алтны худалдаа зэргээс нөөц бүрдүүлдэг.
-Дампуурсан компанийн эрх эзэмшигчид одоог хүртэл цалинжиж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй, Монголбанкнаас асуух нь зөв байх. Хуулиар бол банк дампуурсан тохиолдолд хувь эзэмшигчдийн эрх цуцлагдана.
Холбоотой мэдээ