Казахстан улс ОХУ-д "өр"-өө төлөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Казахстан улс ОХУ-д "өр"-өө төлөх үү?

Казахстан улс ОХУ-д "өр"-өө төлөх үү?

Казахстанд нэгдүгээр сард болсон иргэдийн жагсаалын үеэр ОХУ тусламж илгээж, хурцадмал байдлыг намжаасан. Үүгээрээ ч Токаевын Ерөнхийлөгчийн суудал "нурж унаагүй" тул Казахстан ОХУ-д өртэй гэж яригдах болжээ. Орос, Украины энэ ширүүн нөхцөл байдалд Казахстан цэргийн хүчээ нэмэлт тусламжаар илгээж, өрөө цайруулах уу гэдэг асуулт дэлхий дахины сонирхлыг татаж байна.

Дөнгөж хоёрхон сарын өмнө, Казахстаны тусгаар тогтнолоо олж авсан 30 жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй үймээн самуун дэгдсэн. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалаар эхэлж, удалгүй улс төрийн агуулгатай хурцадмал шаардлага болон өргөжсөн. Гэвч байдал улам дордож, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл дэгдсэн билээ.

Хэдийгээр асар том, чадварлаг армитай, “Global Firepower” рейтингээр дэлхийд 64-т жагсдаг, 19 сая хүн амтай ч Казахстанд бүх зүйл замбараагүй болоход Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-д хандан уриалга гаргажээ. Улмаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас тусламж хүссэн юм.

Казахстан даяар гурван өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа нэгдүгээр сарын 5-нд уг хүсэлтийг ХАБГБ-д илгээсэн байна. Хүсэлт илгээсний маргааш Оросын цэргүүд Казахстанд очиход хэдийнэ бэлэн болжээ. Орос тэргүүтэй байгууллага шуурхай хариу өгч, зөвшөөрөл авсан нь барууны орнууд төдийгүй ХАБГБ-ын бүс нутаг даяар шуугиан дэгдээв. Учир нь бусад гишүүн орнуудаас ОХУ шиг хурдан хариу өгсөн нь үгүй аж.

Казахстаны хувьд хямралын тодорхойгүй ээдрээг үл тоомсорлож, ХАБГБ түүхэндээ анх удаа энхийг сахиулах цэргээ дайчлах шийдвэр гаргасан. ХАБГБ-ын цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаагаа дуусгаад, нэгдүгээр сарын 13-нд нутаг буцсан юм. Гэхдээ олон сарын турш Украины хил дээр цэргийн сургуулилалт хийсэн цэргүүд маш хурдан Казахстанд очсон нь сонин. Учир нь Путин анхнаасаа бүх зүйлийг төлөвлөж байсантай холбоотой гэж зарим ажиглагчид үзэж буй юм.

Орос улс Токаевын засаг захиргаанд сайнаар хандахаасаа илүү өөрсдийгөө хамгаалахын тулд Казахстанд туслахаар шийдсэн гэж таамаглаж болох. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

Нэгд, хямралаас өмнө Казахстан улс Оросын хамгийн тогтвортой, найдвартай түншүүдийн нэг байсаар ирсэн. ОХУ-ын бусад олон түнш болох Беларусь, Армен, Азербайжан, Киргиз, Тажикстан улсууд сүүлийн жилүүдэд янз бүрийн төрлийн мөргөлдөөн, үймээн самуунд автсан. Украин, Гүрж зэрэг хуучин ЗХУ-ын бусад улсууд Оростой найрсаг бус харилцаатай хэдэн жилийн нүүр үзэж буй. Тиймээс Казахстан эмх замбараагүй, тогтворгүй байдалтай болох нь Оросын хүссэн зүйл биш.

Хоёрт, Казахстаны өсч буй эдийн засаг Оросын сонирхлыг маш их татдаг. Тус улсын эдийн засаг ганхсанаар Оросын бизнес, эдийн засгийн үйл ажиллагаанд саад учруулах юм.

Гуравдугаарт, Токаевыг дэмжих нь Кремлийн хувьд зүй ёсны шийдвэр байсан. Путин 2019 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, мөн Сенатын даргаар ажиллаж байсан Токаевтай эртнээс танилцаж, хамтран ажиллаж ирсэн юм. Мөн Путин улс төрийн шинэ зүтгэлтнүүдэд тийм ч дуртай биш ажээ.

Эцэст нь, орос үндэстний нэлээд хэсэг нь Казахстанд оршин суудаг бөгөөд тэд Путиныг ихээхэн дэмждэг. Албан бус мэдээллээс харахад Казахстаны ихэнх иргэд Оросын паспорт эзэмшигчид байдаг. Казахстанд болсон асуудалд Путин гар бие оролцсоноор казах иргэдийн итгэлийг олж авсан ба Зөвлөлтийн бусад орнуудын хүндэтгэлийг олж авсан гэж ажиглагчид үздэг. Одоо Украины нөхцөл байдлыг харахад Орос нэгдүгээр сард сайн санаат, шударга байдал харуулж, шинэ дүр төрх олж авсан гэж хэлж болохоор.

Дээр дурдсанаас харахад, Орос улс нэгдүгээр сард Казахстанд туслах өөрийн гэсэн шалтгаантай байсан. Иймд Казахстанаас ОХУ-д төлөх “өр” огт байхгүй. Гэвч өнөөгийн нөхцөл байдлын хувьд хэрэв "өр" байгаа бол Нур-Султан төлөхгүй юм.

Казахстан Украины дайныг дэмжихгүй байгаа нь тодорхой байна. Учир нь Казахстан Оросын хүсэлтээр Украин руу цэргээ оруулахаас татгалзсан тухай “NBC” телевиз АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн юм.

Үүний зэрэгцээ Казахстан Бүгд найрамдах Донецк ард улс (БНАСАУ) болон Бүгд найрамдах Луганск ард улс (БНМАУ)-ыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөхгүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Учир нь 2014 оноос хойш үймээн самуунтай байгаа хоёр бүс нутаг Оросын түрэмгийллийн, олон гэмгүй иргэдийн амиа алдсан шалтгаан билээ.

Казахстан улс НҮБ-д байдаг олон улсын санал хураалтаас өнөөг хүртэл түдгэлзэж, Орост чиглэсэн арга хэмжээг дэмжээгүй, мөн эсэргүүцээгүй, төвийг сахисан байр суурьтай байгаа юм.

Ерөнхийлөгч Токаев болон Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди нар Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор НҮБ-ын зарчим, хэм хэмжээг баримтлахаа удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Беларусь улсынхаас ялгаатай. Казахстаны нэгэн адил Беларусь улс нь Оростой олон эвслийн гишүүн бөгөөд дотоод хямралын үед Путинд хандсан. Гэвч Беларусь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Оросыг шууд дэмжсэн дэлхийн таван орны нэг юм. Харин Казахстан дэмжилгүй, санал хураалтаас татгалзсан.

Дайн болон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дүнд Казахстаны эдийн засаг ч хүнд байдалд орсон. Казахстан нь Оростой эдийн засгийн харилцаатай, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоонд (ЕАЭБ) гишүүнээр элссэн юм. Казахстаны мөнгөн тэмдэгт тенге Оросын рублийн эсрэг унаж, Казахстаны эдийн засаг урьд өмнө байгаагүй хүндрэлтэй тулгарав.

Казахстан В.Путин болон түүний бодлоготой ерөнхийдөө санал нийлэх эсэхээс үл хамааран тус улс Оросыг илт дэмжих, буруутгах ямар ч боломжгүй. Улс төр, газарзүйн хувьд Орос, Хятад, барууны дунд оршдог Казахстан улс “олон секторт” гадаад бодлого явуулж, бүгдтэй сайн харилцаатай байхыг үргэлж хичээсээр ирсэн. Хэдийгээр Хятад болон барууны орнууд тус улсад ихээхэн нөлөөтэй ч Казахстан Оросын нөлөөнд үргэлж өртөмтгий байсаар ирсэн. Түүх, эдийн засаг, эрчим хүчний ээдрээ, Казахстаны хойд хилийн хотуудад орос үндэстний оршин суугчид нэлээдгүй байгаа зэрэг олон шалтгаан бий.

Үе үе Оросын албаны хүмүүс эдгээр хот, нутаг дэвсгэрийг түүхийн хувьд "Оросынх" гэж нэрлэдэг. Энэ далд санааг авч үзвэл, Казахстаны хувьд Украины асуудал нь барууны, эсвэл Путинтэй нэгдэхийг сонгох асуудал биш юм. Энэ нь тухайн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын тухай шууд асуудал болж хувирна.

Казахстан одоо улс төр, эдийн засгийн хувьд хэцүү байдалд байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг үл харгалзан төвийг сахисан байр суурь нь Казахстанд байгаа хамгийн зөв сонголт.

Эцэст нь хэлэхэд, Казахстан улс ОХУ-д "өргүй" байж болох ч нөхцөл байдал нь төвөгтэй юм. Оросыг шууд дэмжихээс татгалзаж байгаа нь Казахстаны засгийн газар Кремлийн сонгосон чиглэлээс зөрөөд байгааг илтгэх хангалттай дохио болно. Хэрэв Казахстан төвийг сахисан байр суурьтай, Орос болон барууны орнуудтай сайн харилцаатай байж чадвал энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх боломжтой.

Токаев гуравдугаар сарын 2-нд Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай утсаар ярьж, хоёр улсыг энхийн замаар асуудлаа шийдвэрлэхийн төлөө ажиллахыг уриалсан юм. Хэдэн өдрийн дараа Казахстаны эрх баригчид ОХУ-ын Украин руу довтлохыг эсэргүүцсэн томоохон жагсаалыг Алматы хотод саадгүй үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: DIPLOMAT, ECONOMY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж