УОК-ын Шуурхай штабын албан хаагчдыг цомхотгохгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

УОК-ын Шуурхай штабын албан хаагчдыг цомхотгохгүй

УОК-ын Шуурхай штабын албан хаагчдыг цомхотгохгүй

Цар тахлын үед монголчууд энгийн амьдралдаа эргэн шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 500-аас буусан бол Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж шар түвшинд шилжээд буй. Улмаар Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабыг цомхон хэлбэрт шилжүүлэхийг энэ сарын 3-нд үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар тус штабыг цомхотгох шийдвэр гараагүй болохыг тус штабын дарга бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв.

Тэрбээр “УОК-ын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэр гарсан үед үйл ажиллагааны чиглэл бүрийг нарийвчлан тусгах зохион байгуулалт хийнэ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй, хэвийн үргэлжилж байна. Харин шийдвэр гарвал өөрчлөгдөнө. Ерөнхийдөө цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ хяналтад орсон” гэлээ. Харин албан хаагчдыг цомхотгох эсэх талаар хариулахдаа “УОК-ын Шуурхай штабын албан хаагчдаас цомхотгол хийхгүй. Харин ч ажлын чиг үүрэг өргөн цар хүрээтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй албан хаагч албан ажиллаж байна” гэв.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгосноор цар тахлын эсрэг хариу арга хэмжээ хэрэгжүүлэхээс илүүтэй Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах, малын вакцинжуулалтын ажилд тусалж, хяналт тавих аж.

Энэ үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн билээ. Тус штабыг өмнө нь УОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэн байгуулж байв. Ингэхдээ тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэй шинэчлэгдсэн. Мөн Covid-19-ийн мутацлагдсан хувилбар омикроны давлагаа бүртгэгдэхтэй зэрэгцэн тусгаарлах байрны үйл ажиллагааг хариуцаж байв. Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн байгуулагдсан Нэгдсэн шуурхай штабын тухайд өмнө нь /2020-2021 он/ гадаадаас иргэдийг татан авах, тусгаарлах байр, иргэдийн маршрутыг тогтоох зэрэг чиглэлд анхаарч ажиллаж байсан билээ. Тухайлбал, гадаадын улс орнуудаас иргэдийг татан авахдаа нийт 644 удаагийн чартер нислэгээр 81.161 хүн эх орондоо ирж  байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж