Банзан хашааны дунд хүртэл овойж хөлдсөн мөс захаасаа хайлж, хог шороотойгоо хутгалдан урсана. Усанд автсан айлуудын зарим нь тэр газраасаа холгүйхэн нүүсэн бол зарим нь байр түрээслэх, үлдсэн нь мөсөө хагалж шуудуу татсаар хавартай золгожээ. Иргэд шороо хайрга зэргийг хашаагаараа тойруулан асгаж гэрээ үерээс хамгаалжээ. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо буюу Дарь эх, Долоон буудлын дунд байрлах хэсэг айлыг зорилоо. Айлууд хашаандаа тогтсон зузаан мөсийг сэтэлж хэрдээ л шуудуу гаргах боловч нэмэргүй. Урь орохоос ч өмнө жавар тачигнасан хүйтэнд хөрсний ус нэвчиж, Н.Болдсайханы байшинг нь усанд автуулжээ. Тиймдээ ч Н.Болдсайхан шуудуу татахаар мөсөө хагалж байв. Тэднийх хашаандаа хоёр гэр, нэг байшинтай.
Тэрбээр“Би энд арав гаруй жил амьдарч байна. Олон жил амьдарч, гал голомтоо бадраасан газраасаа нүүмээргүй байна. Чаддаг зүйл минь гэр орноо усанд алдахгүйн тулд өдрийг мөс сэтэлж, өнгөрүүлж байна. Онцгой байдлын газраас тусламж хүссэн ч сар гаруйн хугацаанд ирсэнгүй. Хорооноос ч бас бидний асуудлыг тоож хэлэлцдэггүй. Ийм байтал нүү гэж шаардаж байгааг ойлгохгүй байна” гэлээ. Тэд хэзээ гэр орныг нь ус хамах бол гэсэн битүүхэн айдастай, унтаж ч чадахгүй өдөр хоногийг өнгөрүүлж байна. Өвлийн хүйтэн, хаврын хавсарга цас, бороог ажралгүй усны гутал, чийгтэй хувцастай амьдрах болсон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаагаа хэлж байсан юм.
Хавар болохтой зэрэгцэн эндэхийн бүх мөс хайлж, айлуудын хашаа руу түрж ороход гэрийн хаяагаар орж ирсэн усыг шавхаж гаргадаг тухай айлын хүн бидэнд хэлэв. Гэвч тэд эндээс нүүхгүй гэнэ. 15 жил энд ингээд амьдраад ирсэн гэх ч айл ч байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд шар усны үерт өртөх магадлалтай 310 гаруй айл бий. Энэ байдлаас харахад голын эрэг даган суурьшсан айлууд хаврын урь орж, цас ханзарсан энэ үед усанд гэрээ “алдахад” ойрхон байна. Учир нь энд зөвшөөрөлтэй айлуудаас гадна зөвшөөрөлгүй айлууд ч нэмэгдсээр байгаа аж. Бараг өвөл нь мөстөж, хавар нь урсдаг энэ аж амьдралдаа дасчихсан гэлтэй. Уг нь зөвшөөрөлтэйгээр газар авсан айлуудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээр хүсэлт тавьсан ч хэн нь ч хөдөлддөггүй “Хотын төвдөө ойр амар байдаг” гэх шалтаг хэлдэг байна.
ИРГЭДЭД ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЭХЭЭР “ОЧИХ ГАЗАР БАЙХГҮЙ” ГЭДЭГ
Энэ талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт шар усны үер их буудаг. Иргэдэд шаардах бичиг хүргүүлэхээр “Очих газар байхгүй” гэдэг. Зарим нь усанд автсан гэрээ хаяаад явчихсан тохиолдлууд гардаг. Ерөнхийдөө айлууд голын эргээр шороо асгаж өндөрлөж байгаад гэрээ барьчихдаг. Голын гольдролыг хааснаас үүдэн энд тэндээс нь ус гарч ирээд тэр хавийн айлууд бүхэлдээ усанд автдаг. Тэр айл бууснаас болж манайх усанд автлаа. 10-20 жил энд амьдрахдаа зүгээр байсан гэж ярьдаг. Тиймээс эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн далан шуудууг цэвэрлэх, уруйн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.Үүнтэй холбоотой нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар болон Засаг даргын захирамж гарсан. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэрэгжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцлов.
Үер хэлж хэрэхгүй, нэг л өдөр айлууд усанд автахад төр “Хэлээд байхад хохь нь” гээд орхичихгүй нь лавтай, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулаад, хэдэн иргэндээ туслах нь дамжиггүй. Гэхдээ “сайн дураараа” үерт автаад байгаа айлуудад жил бүр улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарлагадах нь хайран юм. Мэдэгдэх хуудас тараах, анхааруулга өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг сурталчилгаа явуулах, дадлага сургуулилт явуулах, нүүлгэн шилжүүлэх, ус соруулах гээд бүх зардлыг л татварын мөнгөөс төлнө. Иргэний хариуцлагаас цэвэр шалтгаалах ийм зүйлд мөнгө төгрөг үрмээргүй байдаг. Хотын захиргаанаас ч хурдхан газар зааж албадаад ч хамаагүй айл өрхүүдийг аюулгүй газар руу нүүлгэх нь ч зөв гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил