Путины түрэмгийллийг эсэргүүцсэн Польшийн идэвхитнүүд өнгөрсөн Даваа гаригт Оросын Элчин сайдын яамны үүдэнд бэлэг үлдээжээ. Тэд барууны орнууд Оросын эрчим хүчийг үргэлжлүүлэн хэрэглэж байгааг эсэргүүцэж, жижиг ачааны машин дүүрэн нүүрсийг Оросын элчингийн төв хаалганы өмнө асгасан байна. Энэхүү үйл явдлын бичлэгийг идэвхитнүүдийн нэг болох Гидриус Сакалаускас цахим сүлжээндээ нийтэлжээ.
Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, идэвхитнүүд цагдаа нарын эсэргүүцлийг үл тоон машиныг Элчин сайдын яамны үүдэнд хүргэсэн байна. Жагсагчдын нэг нь “Хүргэлтийн захиалга биелүүлж байна, төлбөрийн баримтыг нь үзүүлж болно” гэж цагдаад тайлбарлажээ.
Дэлхийн хаа сайгүй Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн жагсаал болж буй хэдий ч нүүрс асгаж эсэргүүцлээ илэрхийлсэн нь анхны удаа юм. Энэхүү үйл явдал нь Оросын эрчим хүчний хараат байдлын эсрэг уриалга дэлхий дахинд улам нэмэгдсээр буйг харууллаа. Оросын Элчин сайдын яам эсэргүүцэгчдийн бай болсон нь ганц энэ тохиолдлоор зогсохгүй.
Тухайлбал, мөн л өнгөрсөн Даваа гаригт Ирланд дахь Оросын элчингийн хаалгыг том оврын ачааны машинтай жагсагчид мөргөж, нураасан байна. Энэ үед Ирландын цагдаа нар юу ч хийхгүй зүгээр зогссон гэж Элчин сайдын яамныхан твиттертээ бичжээ. “Энэ бол тайван дипломат төлөөлөгчийн газрын эсрэг чиглэсэн галзуурал. Эрүүл ухаантай ямар ч хүн ийм утгагүй, зэрлэг үйлдлийг дэмжихгүй.” гэжээ.
Эх сурвалж: THE JERUSALEM POST
Холбоотой мэдээ