Хурдацтай хөгжиж буй цахим эрэн зуунд олны анхааралд өртөх хандлага нь улам нэмэгдэж буй. Олон нийтийн сүлжээнд од болохын тулд залуус юу ч хийхээс буцахгүй этгээд, хөгжилтэй гээд өөрсдийн явдлыг дэлгэж байна. Хоёр жилийн өмнө Хятадын "Weibo" нийгмийн сүлжээнд олон мянган дагагчтай ямар ч хамгаалалтгүйгээр өндөр барилгын дээвэр рүү авирдаг Вү Ёонинг гэх залуу Чанша хотын 62 давхар барилгын дээврээс гар алдан унаж амиа алдсан. Хувь хүн нийгэмд өөрийн байр суурийг тогтоох гэж олон саад бэрхшээлийг даван туулж тогтсон нэг статуст хүрдэгтэй адил цахим орчинд өөрийн хүрээлэлтэй болох нь мөн хэцүү зүйл аж.
Харин Монголд хүний амь эрсэдсэн тохиолдол байхгүй ч залуусын дунд өргөнөөр яригддаг “Хэлбэрдэх” үзэгдэл олшров. Мөн “инстаграм дагагчийн тоо буурахаараа охид биеийн аль нэг хэсгээ ил гаргасан зургаа оруулдаг /нүцгэлдэг/” гэх мэт яриа залуусын дунд яригддаг. Тэр дундаа өсвөр насны хүүхэд олны анхааралд өртөх хүсэл өндөр байдаг аж. Японы аниме хувцаслалтыг дуурайх, гангстер болно гэх мэт тухайн сэдвийн талаар өнгөц мэдлэг дээрээ дөрөөлөн өөрийгөө тодорхойлж байна.
Хоёр сарын өмнө залуус өөрсдийн бэлгийн чиг хандлага болон хайр сэтгэлийнхээ талаар цахим сүлжээнд дэлгэх болов. Бэлгийн чиг хандлага эсвэл бэлгийн чиг баримжаа нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болон бэлгийн харилцаанд орох татагдах нь хүний үндсэн шинж чанарын нэг юм.
Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд зүгээр байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм. Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддаггүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.
Залуу үеийн ондооших үзлийн талаар Техник технологийн дээд сургуулийн сэтгэл зүйч Л.Нарангоо тайлбарлахдаа "Сүүлийн үед нийгэм болоод цахим орчинд залуус өөрсдийн бэлгийн чиг баримжааны талаар ярилцах, өөрсдийгөө илэрхийлэх нь элбэгшлээ. ЛГБТ хүмүүс огцом нэмэгдэж буй нь хоёр талтай асуудал юм. Орчин үед өөрсдийн мэдрэмжийг маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрч, үзэл бодолдоо үнэнч байж үүнийгээ бусдад илэрхийлж чадаж байна. Өөрөөр хэлбэл өөрийн хүн байх эрхийг эдэлж чадаж байна гэсэн үг. Тиймээс ЛГБТ хүмүүс бусдаас санаа зоволгүй зоригтойгоор өөрсдийгөө илэрхийлж таниулж буй. Бусад нуугдаж байсан хүмүүс өөртэйгөө адил хүмүүстэй нэгдэн тэднээс өөрсдийгөө илэрхийлэх өөрийгөө ойлгох бусдын юу гэж бодох бол гэх айдсаасаа санаа зовохгүй байх хэрэгтэй юм байна гэх зэрэг зүйлсээс суралцаж итгэл үнэмшилтэйгээр өөрийгөө нээж байна. Энэ нь буруу зүйл биш" гэв.
Тэрбээр "Хүйсээ ижилсүүлэх, хүйсээ солих зэрэг нь сэтгэцийн эмгэг биш гэдгийг дэлхийн ихэнх улсад үүнийг хувь хүний онцлог гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн бэлгийн чиг баримжаа гэлтгүй хүмүүс бие биенээ даган дуурайж байдаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдийн хөгжлийн үе шатад бусадтай адилтгаж эргэцүүлэх үе байдаг. Өсвөр насанд өөрийг нь тодорхойлох маш олон хүчин зүйлс бий болдог. Тухайлбал, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа, мэргэжил сонголт, нэр хүнд, амьдралын төв байхыг хүсдэг. Мөн дуртай дуучин, жүжигчнээ даган дуурайх адилхан болохыг эрмэлздэг. Өсвөр үеийнхэнд үе тэнгийнхнийх нь нөлөөлөл их байдаг. Тэд бусдын үйлдэл ямар нэг үр дагавар дагуулдаг бөгөөд заримдаа сөргөөр нөлөөлж болохыг ойлгодог. Тэд үе тэнгийнхэндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд ёс суртахууны буруу арга хэрэглэж болно. Энэ үзэлдээ хэт автах нь өөрийгөө олж чадахгүй, жинхэнэ өөрөөрөө байж чадахгүй нэгэн болох эрсдэлтэй. Залуус хэн нэгэнтэй ярилцаж, өөрийгөө илэрхийлэхээс илүүтэй цахим хэн болохоо тодорхойлж болжээ. Өсвөр насны хүүхдэд илэрч буй бусадтай адилтгаж зүйрлэх үзэгдэл нь амьдралын явцад аль нэг хувь хүний статуст тогтож байдаг тул энэ нь буруу зүйл биш" гэдгийг хэлсэн юм.
Ц.Хонгор
Холбоотой мэдээ