"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Дэлхийн зах зээлд коксжих нүүрс тонн тутамдаа 400 ам.доллар давчихлаа. Харамсалтай нь, монголчууд энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Энэ нь гадаад хүчин зүйлстэй холбоотой юу, аль эсвэл дотоодын хүчин зүйлсээс болов уу?
-Нүүрсний эрэлт өндөр байна. Гадаад хүчин зүйлсийг Австрали улс БНХАУ-тай худалдааны хоригтой, дээр нь үер боллоо. Энэ нь олон улсын нүүрсний зах зээлд нөлөөлж байна. Мөн ОХУ нүүрсний хориг арга хэмжээнд орж, Монголын нүүрсний экспортын хэмжээ буурсан зэргээс шалтгаалан эрэлтээ дагаж үнэ өсөхөд нөлөөлж байна.
Харамсалтай нь үнийн өсөлтөөс Монгол Улс ямар нэгэн ашиг хүртэж чадахгүй. Үр ашгийг нь хүртэх ч боломжгүй. Шалтгаан нь хилээр нүүрсээ нэвтрүүлж буй хэмжээ нь хязгаарлагдмал.
Хятадын тал цар тахал, цагаан сар, өвлийн олимп, пара-олимп, Хятадын коммунист намын хурал зэрэг шил дараалсан арга хэмжээнээс үүдэн хилийн хяналтыг чангаруулсантай холбоотой. Улмаар нүүрсний эрэлт өсч байна. Учир нь, Хятадын талд нүүрсний нөөц буюу худалдан авсан бэлэн овоолго багассантай холбоотой. Хэдийгээр тус улсын зүгээс аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авахад бэлэн байгаа ч Монголын талаас цар тахлын үед зохион байгуулалт хангалтгүй, шуурхай биш байгаа нь нүүрс гарахгүй байгаа нэг шалтгаан.
Монгол Улсын хувьд Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр гол том боомт “тэг” зогсч, нүүрсийг маш бага хэмжээгээр экспортолж байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 1000-2000 автомашин гарах боломжтой атал 150 автомашин болж буурсан. Мөн Шивээ хүрэн боомт 2021 оны аравдугаар сараас хойш зогссон.
Нүүрсний 40 хувийг экспортолдог эл боомт хагас жил гаруйн хугацаанд ажиллахгүй байна гэдэг хэвийн бус үзэгдэл. Үүнийг анхаарч, Хятадын талтай тохиролцох ёстой. Ерөнхийдөө монголчууд нүүрсний эрэлт, үнэ өссөн алтан боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь гадаад болон дотоод хүчин зүйлийн аль аль нь нөлөөлж байна.
Хэрэв төмөр замаа аль хэдийнэ барьсан бол экспортоос их орлого төвлөрүүлэх байсан. Гэхдээ төмөр замгүй ч хил гаалийн зохион байгуулалт сайн байсан бол сүүлийн хоёр жил өчнөөн тэрбум ам.доллар нэмж олох байсан гэдгийг хэлье. Бүгдийг төмөр замтай холбох нь өрөөсгөл. Өөрсдөө хийх ажил зөндөө байна шүү дээ.
-Цаашид нүүрсний үнэ буурах уу өсөх үү. Төлөв ямар байна?
-Нүүрсний үнэ буурна гэж харахгүй байна. Үнэ буурахад их хэмжээгээр савлах үзэгдэл гарахгүй болов уу. Бага зэргийн бууралт гарах байх. Хилийн хязгаарлалт, нүүрс олборлолтын овоолгын хэмжээ буурсантай холбоотой үнэ богино хугацаанд өсдөг ч эргээд буурна. Мөн сезоны үе буюу ирэх долдугаар сар хүртэл нүүрсний эрэлт нэмэгдэх учраас үнийн өсөлт буурахгүй болов уу.
"УУЛ УУРХАЙГААС АШИГ ОЛЖ ЧАДАХГҮЙ, АГААРТ МӨНГӨ ХИЙСГЭЖ БАЙНА"
-Нүүрсээ тээвэрлэх төмөр nзамын асуудлаас болж монголчууд багагүй хугацаа алдсан. Алдагдсан боломжийг мөнгөөр үнэлбэл, бид өнгөрсөн 10 жил хэр их хэмжээний хохирол амссан бол?
-Өнгөрсөн 10 гаруй жил алдагдсан боломжийг ам.доллараар үнэлбэл маш их дүн гарна. Зөвхөн өнгөрсөн онд 42 сая тонн нүүрс экспортлохоос 16 тонныг нь хилээр гаргасан. Гэтэл 26 сая тоннын зөрүү 2.4 тэрбумын борлуулалт байхгүй. Монгол Улс том эдийн засагтай улс биш атал ийм их хэмжээний борлуулалтын орлогоо жил бүр алдаж байна. Мэдээж төмөр замтай байсан бол өнөөдрийн зураг шал өөр харагдана. Гэхдээ ганцхан төмөр замаас шалтгаалахгүй. Бид төмөр замгүй ч цар тахлаас өмнө 36 сая тонныг экспортолж байсан. Одоогийн дэд бүтцээр 50 хүртэл сая тонн нүүрс экспортлох боломжтой. Гагцхүү цар тахлаас шалтгаалсан зохион байгуулалтын асуудлаас үүдэн хоёр жил алдлаа. Нөгөөтэйгүүр, төмөр замын огтлолцох цэгийг тохирсон нь цаг үеэ олсон ч багагүй хугацаа зарцуулна. Үүнийг хүлээлгүй хүн хоорондын контактгүй Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод терминалтай болсон.
Гашуунсухайт боомт дахь терминал ашиглалтад орсон ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн автомашин л өдөрт гарч байна. Үүнийг Хятадын талаас “Ямар шалтгаанаар чингэлэгт тээврийн ийм бага машин гарч байгааг хэлж мэдэхгүй. Монголын талаас зохион байгуулалт хангалтгүй байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Иймд бэлэн хөрөнгө оруулж байгуулсан чингэлэгт тээврийн терминалыг ажиллуулмаар байна. Жолооч, уурхайчдыг ажиллуулмаар байна. Үүнийг төрийн байгууллагууд анхаарахыг хүсч байна. Мөн Шивээхүрэнгийн боомтод терминал байгуулсан ч тэг зогсоод байна. Энэ нь хилийн цаана жин гацсан, оруулж ирж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс тоног төхөөрөмжүүдээ татан авч, нүүрсээ гаргах асуудлыг Хятадын талтай Засгийн газрын түвшинд хэлэлцэх хэрэгтэй. Боомт тэг зогссноос болж хэд хэдэн уурхай, өчнөөн мянган жолооч нар хийх ажилгүй зогсч, мөнгө дэмий урсч байна. Нүүрс олборлогч компаниуд нөөц ашигласны төлбөрийн өрөндөө баригдсан хүндхэн байдалтай байна.
-Зүүнбаянгийн төмөр зам энэ сарын 15-нд ашиглалтад орно. Үүний эдийн засгийн ач холбогдол, эрсдэлийг нь та хэрхэн харж байна?
-Монгол Улс газарзүйн байрлалын хувьд хаалттай тул төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Зүүнбаянгийн төмөр замыг барьж байгаа нь зөв алхам болсон гэж бодож байгаа. Уг төмөр зам ашиглалтад орвол Ханги-Мандал боомтоор гарах нүүрсний хэмжээ өснө. Зөвхөн нүүрс биш уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн боломж нэмэгдэнэ. Гэхдээ ач холбогдлын тухайд эхний ээлжинд Гашуунсухайтын төмөр замыг холбосон бол сүүлийн хоёр жил экспортоос багагүй орлого төвлөрүүлэх байсан болов уу. Даан ч нэгэнт өнгөрсөн асуудал. Одоо бол алдагдсан боломжийг нөхөх аргагүй.
"ТӨМӨР ЗАМАА Л ЯАРАЛТАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ"
-Нарийн цариг биш өргөн царигтай төмөр зам тавьсны сөрөг болон эерэг үр дагавар нь юу вэ?
-Үүнийг геополитиктой холбон тайлбарладаг юм билээ. Үүнээс өөр эерэг талыг нь олж харахгүй байгаа. Нэгэнт өргөн царигтай болсноос хойш аль болох хурдан ашигламаар байна. Тиймээс биш өргөн, нарийн царигийн ялгаа нь чухал биш. Төмөр замтай л болох хэрэгтэй.
-Монголчууд гуравдагч оронд нүүрсээ зарах боломж ер нь харагдаж байна уу. Хятад хилээ хаахад бид таг зогсч байна?
-Гуравдагч улс руу нүүрс экспортлох шиг сайхан зүйл алга. Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсад нүүрс хэрэгтэй байгаа. Гэвч бизнес эрхлэгчид нүүрсээ зарах нөхцөл бүрдээгүй, бодитой болоогүй байна. Хэрэв гуравдагч улс руу нүүрс экспортлох боломжтой байсан бол аль хэдийнэ нүүрсээ худалдаж эхэлсэн байгаа шүү дээ. Нүүрсээ зарахын тулд бид тээврийн хэлэлцээр хийх ёстой.
Бид гуравдагч улс руу нүүрсээ экспортлохын тулд ОХУ, БНХАУ-ын далайн боомтуудад өөрсдийн талбайтай болох, хамтарч ажиллах асуудлыг шийдэх ёстой. Хэрэв тээврийн хөнгөлөлт, далайн боомттой байвал гуравдагч улс руу нүүрс экспортлох боломжтой.
-Оросоос Хятад руу 100 сая тонн нүүрс экспортлохоор болчихлоо. Энэ нь манай зах зээлд хэр сөргөөр нөлөөлөх бол?
-Гадаадаас Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх тусам тодорхой хэмжээнд нийлүүлэлт хасагдана. Гэхдээ урд хөрш газар зүйн хувьд ч тэр зах зээл нь ч том. Монголын зах зээл хойд хэсэгт нь байрладаг тул үнийн хувьд давуу талтай. Тиймээс ОХУ-ын нийлүүлэлт өслөө, Австралид үер боллоо, үнэ өслөө гэж том зүйл ярихаас илүү хил гаалийн асуудлаа зохицуул.
Хилийн хязгаарлалтыг сулруулж, зохион байгуулалттай байж чадвал ОХУ, Австрали улсаас үл хамаарч зах зээл нь бидэнд байна. Үнэ ч өндөр байна. Нүүрсний зах зээлд эрэлт өсч үнэ нэмэгдээд байхад Монгол Улс хожихгүй байна.
Төр, аж ахуйн нэгжийн аль аль нь бүгд алдаж байна. Өнгөрсөн жил бас л нүүрсний үнэ 400 ам.долларт хүрч өссөн ч 30 гаруйхан километр тээврийн зардал 300 ам.доллар болсон. Гэхэд уурхайн үнэ өсдөггүй ийм байдалд орсон. Хэдий тээврийн зардал 150 орчим ам.доллар болж буурсан ч хилээр гарч олон мянган машин чихэлдсэн учраас зардлаа нөхөхийн тулд үнээ өсгөөд байдаг. Үүнээс харахад, хилийн цаана үнэ өсдөг ч Монголд уурхайн үнэ өсдөггүй, уул уурхайгаас олж буй орлого нь ч нэмэгддэггүй. Яагаад гэвэл тээвэр нь дэмий сул зогсч хэнд ч ашиггүй агаарт мөнгө хийсч байна. Нөгөөтээгүүр, хилийн цаана үнэ өссөн ч Монголын компаниуд 2019 онд зарсан нүүрсээ хилээр гаргаж дуусдаггүй. Өчнөөн сая тонн нүүрсний өрөнд орсон, мөнгийг нь үрсэн байтал нүүрсээ гаргаж чадахгүй хил дээр гацдаг. Тиймээс шинэ гэрээ байгуулж чаддаггүй. Тиймээс зах зээлийн таатай боломжийг бид ашиглаж чадахгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд олон тэрбумын борлуулалтаа алдсан. Үүний гол шалтгаан нь хилийн гацаа.
-Орос-Украины дайнаас болж түүхий эдийн үнэ улам өсч байна. Энэ боломжийг манай улс ашиглаж чадах болов уу?
-Энэ боломжийг бид ашиглаж чадахгүй. Гурав дахь жилдээ хилийн хориг, гацааны асуудал яригдаж байна. Зах зээлд таатай боломж үүссэн ч Монголд нөлөөлөхгүй байна. Шалтгаан нь, тээвэр ложистик. Хилийн гацаанаас үүдэн Хятадын зах зээлд нүүрс өндөр үнэд хүрсэн ч Монголд нөлөөлөхгүй зах зээлээс тусгаарлачихаад байна. Даанч хоёр он дамнаж хагас ажилласан, алдагдалд орсон компаниуд дампуурахын ирмэгт байхад энд зарж буй татвар, нөөцийн төлбөрийг Хятад дахь өндөр үнээр тооцож акт тавьчхаад байна . Хэрэв үүнийг төлж хүлээн зөвшөөрвөл зарим компани шууд зогсоно. Зарим төрлийн нүүрсийг олборлохоо больсон. Тиймээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн журам нь амьдралд нийцэхгүй, хууль бус тогтоол гэсэн үндэслэлээр Монголын нүүрс ассоциацын зүгээс шүүхэд хандаад байна.
"ЦАХИЛГААН СТАНЦ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ ЧАДНА"
-Эрчим хүчний нүүрс хог боллоо гэсэн шүүмжлэл сонсогдох болсон. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна. Яагаад эрчим хүчний нүүрс хог болно гэж?
-Уг нь зах зээлд хэрэглэх нүүрс байгаа ч зарж чадахгүй байна. Сангийн яам өндөр үнэ тогтоохоор борлуулж буй үнээсээ өндөр татвар төлбөл аж ахуйн нэгжүүд олборлолтоо зогсооно. Мөн зөвхөн сайн чанарын коксжих нүүрсээ гаргаж, эрчим хүчний нүүрсний олборлолт нь зогсчхоод өчнөөн сая тонноор овоорсон байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар заасан бүх нийтийн өмч ард түмний мэдлийн газрын хэвлийн байгалийн баялгийг үнэгүйдүүлж буй татварын орчин, эрхзүйн бичиг баримтын алдаатай үзэгдэл. Энэ нь Үндсэн хуулийн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, ашигт малтмалыг иж бүрнээр нь ашиглана гэдэг зарчмыг үгүйсгэж буй буруу үр дагаварт хүрч байна. Иймд холбогдох тогтоол журмыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Монголын нүүрс ассоциаци захиргааны хэргийн шүүхэд хандсан.
-Үнэгүйдэж, овоорсон эрчим хүчний нүүрсийг зах зээлийн эргэлтэд оруулах боломж байна уу?
-Хоёр боломж бий. Нэгдүгээрт тээвэр ложистикоо сайжруулж эрчим хүчний нүүрсийг зарах. Хоёрдугаарт цахилгаан станц барих, нүүрс химийн үйлдвэртэй болох. Угаасаа бид нүүрсэн дээр амьдардаг тул нүүрсээ өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Нүүрсийг химийн бүтээгдэхүүн болгож чадвал гуравдагч улс руу экспортлоход нэг тонны үнийг 1000, 2000 ам.долларт хүргэхэд ямар ч асуудалгүй. Ийм хэмжээний зүйлийг монголчууд бодох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эл асуудал орхигдчихоод байна.
-Монгол Улс арван хувийн АМНАТ авдаг. Уул уурхайн олборлогч компаниуд АМНАТ-ын жишиг үнийг буулгах ёстой гэдэг ч үнэ өндөр байх тусам Монгол ашигтай биш үү?
-Жишиг үнийг өндөр байх тусам Монгол Улсад ашигтай. Улсын төсвийг бүрдүүлэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ бодит байх ёстой. Хэрэв хилийн цаана байгаа үнэ өндөр, дотоодын уурхайн аманд борлуулж буй үнэ бага байгаа нь хилийн гацаанаас шалтгаалж байвал хариуцлагыг төр хүлээх ёстой. Төр тээвэр ложистик, хилийн асуудлаа зохицуулж чадаагүй байж ачааг нь компаниудад үүрүүлж зөрүү үнийн хэт өндөр татвар авбал аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсоно. Дээр нь монгол хүний мэдэлд байгаа газрын хэвлийн баялаг үнэгүйднэ. Зүгээр үнэгүй хаяхад хүргэж байна. Төрийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь байгалийн баялгийг үнэгүйдүүлэхэд чиглэж байвал буруу. Тиймээс холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах ёстой. Нэгэнт алдаатай бодлого байгаа нь өнгөрсөн хоёр жил харагдлаа. Тиймээс Монгол Улсын ашиг сонирхлын үүднээс журам тогтоолыг сайжруулах хэрэгтэй.
Гэрэл зургийг: Б.Мөнхтулга
Холбоотой мэдээ