"Барилгын фасадны дулаалгыг зөв сонгоогүйгээс гал алддаг"

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

"Барилгын фасадны дулаалгыг зөв сонгоогүйгээс гал алддаг"

"Барилгын фасадны дулаалгыг зөв сонгоогүйгээс гал алддаг"

Дулааны улиралтай зэрэгцэн барилга байгууламжийн ажил эхэлдэг. Энэ үед орон сууц, нийтийн эзэмшлийн барилгад галын эрсдэл гарах нь нэмэгдэж буй. Тухайлбал, гурав хоногийн өмнө Нисэхийн тойрогт орон сууцны барилга шатсан. Энэ барилгыг дахин ашиглаж болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ шатсан барилгын талаар онцгой байдлын албанаас өгсөн мэдээллээр “Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу барьсан барилга байсан. Урьдчилсан байдлаар ямар нэгэн дүгнэлт гараагүй” гэсэн юм. Тэгвэл стандартын дагуу баригдаж байгаа өндөр үнэтэй орон сууцнууд яагаад галд өртөж байгаа талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ГАЛЫН ДҮГНЭЛТ, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАЖ БОЛНО

Стандартын дагуу баригдаж байсан бол шалтгаан нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаа, нэг бол барилгын материалын чанартай холбоотой болж таарна. Галын хувьд урьдчилсан байдлаар шилэн хөөснөөс болсон байх магадлалтай аж. Гэхдээ дүгнэлт хэрхэн гарахаас хохирлын хэмжээ хамаарна гэдгийг албаны хүмүүс онцолсон. Тэгвэл жил бүр бүртгэгддэг энэ төрлийн осол буурахгүй шалтгааныг барилгын салбарын мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж байгааг сонирхов. Барилгын инженерүүдийн хэлснээр энэ удаагийн тохиолдлоос гадна өнгөрсөн жилүүдийн эрсдэлтэй харьцуулан хувь хувийн дүгнэлтээ илэрхийлсэн байна. 2020 оны зургадугаар сард Зайсанд дээрх барилгатай ижил гал гарсан. Мөн 2021 онд ч Хан-Уул дүүрэгт баригдаж байсан орон сууцны барилгад үүнтэй ижил эрсдэл учирсан.

Жилд орон сууцны барилгад санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан 200 гаруй дуудлага ОБЕГ-т бүртгэгддэг байна. Шалтгаан нөхцөл тодорхой болсны дараа эдгээрийн ихэнх барилгын ажил үргэлжилдэг аж.

Гал алдах эрсдэл ихэвчлэн дулаалгын материал буруу сонгох, шаардлага хангаагүй хөөс, хөөсөнцөр ашигласнаас болдог гэдгийг инженерүүд хэллээ. Фасадны дулаалгын материалаас болж гарсан галын тохиолдлуудын тухайд зураг төсөлд тусгасан дулаан тусгаарлагчийн хөвөн бодит ажил дээр өөрчлөгдөх нь гол шалтгаан болдог байна. Барилгын компани үнэ өртгийн хувьд бага зэрэг ялгаатай, хямд хөөсийг ашиглах нь санамсаргүй байдлаар гарсан гал богино хугацаанд тархах нөхцөл үүсгэдэг гэв. Ийм шийдлийг хянах байгууллага ажлын явцад байдаггүй, чанартай хяналт тавьж чадахгүй байгаагаас стандарт бус барилгуудын ажил хэвийн үргэлжилж буй. Харин зарим барилгад оршин суугчид орохоос өмнө энэ мэт эрсдэл учрах нь нэг талаар аз. Хэрэв оршин суугчид орчихсон бол учрах хохирлын хэмжээ хүний эд хөрөнгө төдийгүй амь насаар хэмжигдэнэ.

Барилгад гарсан галын улмаас бетон доторх арматурууд уярах, хайлах зэрэг нөлөөнд өртөж газар хөдлөлтийн үед тэсвэрлэх чадвар мууддаг байна. Олон улсын жишигт бол энэ эрсдэлээс үүсэх хохирлыг харгалзаж баригдах явцад гал гарсан бол үйл ажиллагааг нь зогсоож, обьектыг нураадаг.

Монгол Улсад ОБЕГ болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тулгуурлаж барилгын ажил үргэлжлэх эсэх нь тодорхой болдог. Гэхдээ өмнөх тохиолдлуудыг авч үзвэл арматурт өөрчлөлт өгөөгүй бол барилгын ажлыг үргэлжлүүлсэн байгаа юм.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ КОМПАНИ ХАРИУЦАХ ХУУЛЬТАЙ

Барилга, орон сууц барьж буй компани тухайн эзэмшлийн обьектын эрсдэл, галын аюулгүй байдлыг бүрэн хариуцах хуультай. Гэсэн ч аж ахуй нэгжүүд стандартын хувьд тогтмол хяналт тавих ажлыг хийдэг ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг төдийлөн анзаарахгүй өнгөрөөх нь их байна. Үүнээс болж ажилтан барилгад санамсаргүй байдлаар гал алдах эрсдэл их аж. Мөн чанаргүй материал, зориулалтын бус, уур амьсгалд тохироогүй материал ашиглах зэргээс ч гал гардаг байна.

Галын аюулд өртөж байсан ч орон сууц ашиглалтад орсон хоёр компанитай холбогдоход мэдээлэл өгсөнгүй. Харин МХЕГ-аас тухайн барилга их хэмжээний галд өртсөн байхад үйл ажиллагаа нь үргэлжилсэн талаар тодруулахад Улсын комисс хүлээж авах шийдвэр гаргасан бол түүний дагуу ажиллана. Хэрэв үнэхээрийн барилгын ажил үргэлжлэх боломжгүй тохиолдолд эрсдэлийн үнэлгээгээр баталгаажвал барилгын ажлыг зогсооно гэж заасан гэсэн юм.

БАРИЛГЫН ФАСАДНЫ ХӨӨСНӨӨС ГАЛ ГАРЛАА ГЭХ ДУУДЛАГА НЭМЭГДСЭН

Барилгын хийц, хөөсөн дулаалгын шинж чанараас шалтгаалж шатлагын хурд, тархалт өөр, өөр байдаг. Тиймээс стандартад нийцсэн дулаалгыг ашиглах хэрэгтэй аж. Онцгой байдлын албанаас асуухад “Сүүлийн үед өндөр барилгууд ихээр нэмэгдэж, үүнд хүрэх галын механик шатгүйгээс болж гал сөнөөгчид тухайн барилгын дотуур усан хангамжийг ашиглах шаардлага гардаг. Галын машин өндөр даралтаар их хэмжээний усыг богино хугацаанд цацаж дуусдаг учраас ус унтрааж хүрэхгүй үед дахин цэнэглэх хэрэгтэй болдог. Ийм үед барилгын дотоод усан хангамжийг холбоно. Гэтэл үүнийг норм, стандартын дагуу төлөвлөсөн барилга бараг байдаггүй. Хоолой, хошууг нь төлөвлөсөн ч ус нь даралтгүй байдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн галын аюулын үед аврах шат, гарцыг түгжчихсэн байх, аюулгүйн дохиолол байрлуулаагүй гэх мэт алдаа зөрчлүүд олон байна.

Барилга дээр гарч байгаа галын ихэнх нь иргэдийн буруутай үйлдэл буюу тамхины цогтой ишээ хийснээс болж үүсдэг.

Гэхдээ зөвхөн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал гарна гэж байхгүй. Шалтгаан нөхцөлийг шалгалтаар л мэргэжлийн байгууллагууд тодорхойлно. Ямартай ч өнгөрсөн жилүүдээс барилгын фасадны хөөснөөс болж гал гарах дуудлага их бүртгэгдэх болсон гэлээ. Тиймээс иргэд байрны урьдчилсан захиалга өгөх тохиолдолд эрсдэлийг тооцоолж хариуцлагатай компанид захиалга өгөх нь зүйтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж