Орос улс Украин руу довтолсон нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн хор хөнөөлтэй үйл явдал боллоо. Ажиглагчид дайны талаар өргөн цар хүрээтэйгээр байр сууриа илэрхийлж буй. Тэр дундаас Украины эсрэг Оросын үйл ажиллагааг Хятадын Тайваньд хандах хандлагатай зүйрлэж буй өнцөг анхаарал татсан сэдэв болов. Украин, Тайвань аль аль нь энхийг эрхэмлэгч байхын зэрэгцээ батлан хамгаалахын хувьд илүү хүчирхэг хөрш орныхоо заналхийллийн объект болоод буй ажээ.
ХЯТАД БОЛ ОРОС БИШ
Орос улс өөрийн зэвсэгт хүчнээ Гүрж, Сири, Украин зэрэг олон улс оронд байлдааны ажиллагаа явуулахаар удаа дараа илгээж байсан. Мөн бусад улсуудад цэргийн интервенц буюу хөндлөнгөөс цэргээ оруулах ажиллагаа явуулж байсан. Жишээлбэл, хамгийн сүүлийн Казахстаны жишээг энд дурдаж болно. Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнээ хилийн чанадад ашиглах тал дээр идэвхийлэн ажиллаж байгаа ч томоохон хэмжээний мөргөлдөөнөөс зайлсхийсээр байна. Хятадын эргэн тойронд янз бүрийн өдөөн хатгалга, мөргөлдөөн маш олон гарсаар байгаа ч тэд Оросоос ялгаатай нь 1979 онд Вьетнам руу цөмрөн орсноос хойш түрэмгийллээс татгалзах болжээ. Орос улс хилийн чанадад 20 гаруй цэргийн байгууламжтай бол Хятадад гадаадын нутаг дэвсгэр дээрх албан ёсны ганц л цэргийн бааз бий. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй цөөн хэдэн байгууламж мөн байдаг аж. Хүлээн зөвшөөрөгдсөн бааз нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Африкт Бүгд найрамдах Жибути улсын нутаг дэвсгэрт байдаг. Гадаад улсад зэвсэгт хүчнээ илгээгээгүй хэдий ч дотооддоо улс төрийн тэрс үзэлтнүүд болон цөөнхийн эсрэг цэрэг ашиглаж байсан. Тухайлбал, Бээжин, Түвд, Шинжаан, Хонгконг орно.
Орос улс Украин руу довтолсон нь Хятадыг маш эвгүй байдалд оруулав. Тэд Оросыг эсэргүүцмээргүй байгаа ч АНУ болон Европтой харилцаагаа эвдэхийг хүсэхгүй байна. Гадаад хэргийн сайд Ван И энх тайвныг уриалсан хэдий ч Оросыг буруушаасангүй. Бээжингийн өвлийн олимпийн өмнөхөн Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргахдаа Украины талаар огт дурдаагүй. Түүнчлэн Ши Путинаас Украины эсрэг явуулах аливаа цэргийн ажиллагаагаа олимп дуустал түр азнаач гэж хүссэн гэх.
ТАЙВАНЬ БОЛ УКРАИН БИШ
Украин улс НАТО-гийн гишүүн биш гэдэг нь Путины довтолгоонд шийдвэрлэх хүчин зүйл болсон нь гарцаагүй. Гэсэн хэдий ч Байдены засгийн газар Зүүн Европ дахь НАТО-гийн холбоотнуудыг бэхжүүлж, Украинд цэргийн тусламж үзүүлэх алхам хийсэн. Тэгвэл АНУ болон Тайванийн харилцаа албан бус хэдий ч “Нэг Хятад” бодлогын улмаас сүүлийн жилүүдэд улам бэхжиж байна. Хэрвээ Хятадын Ардын чөлөөлөх арми Тайваньд довтлох юм бол АНУ хөндлөнгөөс шийдэмгий оролцож болзошгүй юм. Өнгөрсөн сард л гэхэд АНУ-ын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын албаны хүмүүсээс бүрдсэн албан бус төлөөлөгчид Тайваньд айлчилсан. Эндээс дүгнэхэд Тайваньтай хийх дайн нь АНУ-тай хийх дайн болно гэсэн Хятадын таамаглал үнэн ч байж мэднэ.
Нөгөө талаас харвал, АНУ болон Тайванийн Батлан хамгаалах гэрээ аль 1979 онд албан ёсоор цуцлагдсан. Тэгвэл Хятадууд яагаад энэ таамаглалдаа тийм итгэлтэй байна вэ? АНУ-ын үе үеийн засаг захиргаа Хятадын түрэмгийллийн эсрэг Тайванийг дэмжинэ гэдгээ амлаж, тэдэнд зэвсэг хэрэгсэл тогтмол худалдсаар ирсэн. 1979 оны Батлан хамгаалахын гэрээнд АНУ нь Тайванийг хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн үг өгүүлбэр байхгүй ч Вашингтонд ийм амлалт байгаа гэж үзэж буй юм.
Тайвань НҮБ-ын гишүүн биш гэдгээрээ Украинаас ялгарна. Украин улсын хувьд Хятад, АНУ зэрэг 180 гаруй улстай элчин сайдын зэрэглэлийн дипломат харилцаатай байхад Тайвань ердөө 10 орчим улстай бүрэн дипломат харилцаатай. Тэгээд тэдний аль нь ч том гүрэн биш юм. Эндээс харвал, Украины дипломат байр суурь Тайваниас хамаагүй дээгүүр байгаа ч Европын орнуудын дунд цэргийн статусаараа төдийлөн илүү гарахгүй. Нөгөөтэйгүүр Тайвань нь цэргийн албан ёсны холбоотонгүй ч АНУ тэргүүтэй аюулгүй байдлын хэд хэдэн түнштэй.
ШИ ЖИНЬПИНИЙ ТОЛГОЙН ӨВЧИН
Ши Жиньпин Оросын түрэмгийллээс үлгэр дуурайлал авч, Тайвань юм уу Өмнөд Хятадын тэнгист дайсагналцах болов уу гэж эргэлзэж буй хүн олон. Путин, Ши хоёрын нөхөрлөлийн шалгуур нь энэ удаагийн Украины дайн болж байна. Бээжингийн өвлийн олимпийн өмнө хийсэн хамтарсан мэдэгдлийн үеэр Ши Жиньпин хэлэхдээ “Бидний нөхөрлөлд хэмжээ хязгаар үгүй” гэсэн. Тэгвэл Оросын довтолгоо бүх дэлхийг доргиож буй энэ цаг үед Ши энэ мэдэгдлээ эргэн харахыг хүсч байж ч болзошгүй юм. Хятад, АНУ хоёрын харилцаа улам муудахтай зэрэгцээд Ши Жиньпин Оросыг чухал стратегийн түншээ гэж харах болсон. Гэтэл Путин баруун хөрш рүүгээ дайрсан нь Ши Жиньпиний хувьд толгойн өвчин болов.
Хятад улс Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авах, төрийн хяналттай бодлогын зээлдүүлэгчдээр дамжуулан оросуудад зээл олгох замаар барууныхны хориг арга хэмжээг зөөлрүүлж магадгүй юм. Түүнчлэн НҮБ зэрэг олон улсын форумд Оросыг хамгаалж магадгүй. Гэвч ингэх нь Хятад улсын Европтой угаас муудсан харилцааг нь улам даамжруулах эрсдэлтэй.
ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ПУТИНД НӨЛӨӨЛЖ ЧАДАХ ГАНЦ Л ХҮН БИЙ
АНУ-ын эдийн засагч Стефен Роач “CNBC”-ийн “Squawk Box Asia”-д Оросын түрэмгийллийн талаар байр сууриа илэрхийлсэн. “Энэ дэлхий дээр Путинд нөлөөлж чадах ганц л хүн бий. Тэр нь Хятадын удирдагч Ши Жиньпин юм. Шүгэл үлээх боломж зөвхөн Ши Жиньпинд л байна” гэж тэр хэлжээ. Мөн дэлхий нийт Орост шахалт үзүүлж байхад Бээжин Москватай түншлэлийн харилцаагаа бууруулвал Ши Жиньпиний хувьд энэ нь түүхэн алдаа болно гэж онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: USIP, FORTUNE, CNBC
Холбоотой мэдээ