"Март-8"-ны түүх ба монгол эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

"Март-8"-ны түүх ба монгол эмэгтэйчүүд

"Март-8"-ны түүх ба монгол эмэгтэйчүүд

"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байв.

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсч, 15 мянга гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.

Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Харин Монгол Улсад 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зургадугаар сарын 8-ны хуралдаанаар, Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарчээ. Үүнээс хойш монголчууд албан ёсоор эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байна. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй  нэгтгэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байв. Хожим  2003 онд  Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэж эхэлсэн байна.

Өдгөө Монгол Улсын хүн амын 50.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний сарын дундаж орлого 775.5 мянган төгрөг. Эмэгтэйчүүд өрхийн орлогын 44 хувийг бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие дааж гаргаж чаддаггүй гэж "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгаанд дурджээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх, улс төр, нийгмийн оролцоо нэмэгдсэн боловч цалин хөлсний тэгш бус байдал хэвээр байсаар байгааг хүний эрхийн идэвхтнүүд онцолдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж