Зохиолч Б.Шүүдэрцэцэг, жүжигчин Г.Ундармаа нар шагнуулав

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Зохиолч Б.Шүүдэрцэцэг, жүжигчин Г.Ундармаа нар шагнуулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулав


ЗОХИОЛЧ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭВ

Зохиолч Б.Шүүдэрцэцэг бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдлийг хөнддөг байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр илүү бичих болсон. Тэрээр саяхан “Хотулун гүнж” тулаант уран сайхны кино төслөө амжилттай хэрэгжүүлэн нээлтээ хийгээд байгаа. Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

ЖҮЖИГЧИН Г.УНДАРМААД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭВ

Түүнчлэн Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж