Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Хуучирсан мэдээ: 2022.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эрчүүдийг…

Ерөнхий сайдаасаа эхлээд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухай дэмийрэн доошоо орох шалтгаан юу вэ? Мэдээж тэд буруутай, гэхдээ…

Эцгээс илүү ээжийгээ амьд бурхантай зүйрлэдэг. Хөөрхөн бүсгүйд хөл алдан, хөгшин эхээ умартсан тухай ухааран дуулагч эрчүүд яагаад эмэгтэйчүүдэд эр бяраа гаргах болов?! Бас нэгэн бараан мэдээ нь өнгөрсөн оны эцсээр 68,993 монгол эмэгтэй өрх толгойлон амьдарч байгааг статистикчид тэмдэглэжээ. 2021 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн талаар цагдаагийнхан тайлан гаргажээ. Тэднийг яллахаас өмнө өөр нэг тоог харууштай.

Өнөөдөр Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж байна. Их, дээд сургуульд 117,037 суралцагч байгаагийн 69,803 нь буюу 60 орчим хувь нь охид байна.  Монголын эмэгтэйчүүдийн өнгөрсөн хийгээд өнөө цагийн боловсролын үзүүлэлтийг одоо харъя.

  • 1940 онд их дээд сургуулийн оюутны 38 хувь нь эмэгтэйчүүд болсон.
  • 1980 онд их дээд сургуулийн оюутны 56.4 хувь нь эмэгтэйчүүд болж өсчээ.
  • 1965 онд хүний их эмч нарын 42.2 хувь нь эмэгтэйчүүд байв.
  • 1980 онд хүний их эмч нарын 61.2 хувь нь эмэгтэйчүүд болж өссөн байна.
  • 2020 оны байдлаар их, дээд сургуульд төгсөгчдийн 60 илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор охид тэргүүлж байна. Эмэгтэй гишүүд ариун цэврийн хэрэглэл ерөнхий боловсролын сургуульд тараах тухай ярьж, эмэгтэйчүүдээр овголсон төрийн бус байгууллагууд өөр өөрсдийнхөөрөө уламж дуу хоолойгоо өчигдөр дэвшүүлж, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар бишгүй эмзэглүүлэв.

НОГООН ДЭЭЛТ НОРЖМАА

Түүхэнд Алунгоогоос эхлээд Бөртэ хатан, Мандухай гэгчилэн суу, алдараа суулгаж өгсөн эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэйчүүдийн байгууллага Монголд 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсролуулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Д.Пагмадулам буюу Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий, гадаадад академик боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй сэхээтэн гэж хэлж болохуйц нэгэн өрсөлдөгчгүйгээр ажиллажээ.

Монголын эмэгтэйчүүдийн анхны их хурал 1931 оны долдугаар сард болжээ. Харц угсааг бусдаас дээгүүрт тавьсан эл хуралд мэдээж хувцас хунар тарчиг, угийн ядуу зүдүү эмэгтэйчүүд оролцов. Иймийн тул улсаас хурлын төлөөлөгчдөд ногоон дээл оёулан өмсгөж, савхин гутлаар гоёжээ. Эндээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны хуралд оролцогчдын анхны дресс код тогтож, “Ногоон дээлт Норжмаа” гэх зүйрлэл гарсныг үгүйсгэхгүй.

Гэхдээ үүнээс дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн дугуйлан байгуулагдсан нь 20 хүнтэй эмэгтэйчүүдэд бичиг үсэг заах дугуйлан байлаа.

Ардын хувьсгалын үед уншиж чадах эмэгтэй, эрэгтэй хүний харьцаа газар тэнгэр шиг ялгаатай байжээ. Тэгвэл арван жилийн дараа даруй 2000 бичиг үсэг тайлагдсан эмэгтэй бүртгэгдэж, яван явсаар 1963 онд гэхэд Монголын 509 мянган эмэгтэйчүүдийн 90 хувь нь уншиж бичиж сурчээ.

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд эрх нь зөрчигдөөд, эр нь дарлаад байна гэдгийг ойлгуулах явдал. Ойлгуулахын тулд өөрсдийг
нь боловсруулан гэгээрүүлж эрх нь зөрчигдөж буйг батлах ёстой. Эл ажил эрчимтэй хэрэгжив.

Ийнхүү дарлагдсан эмэгтэйчүүдэд дарлагдсаныг нь ойлгуулахаар олгож эхэлсэн зорилго амжилттай биелж, боловсролын хувьд дэлхийд цахиур хагалах хэмжээнд хүрэв. Эмэгтэйчүүдийн боловсролд хэтэрхий анхаарснаас эрчүүд орхигдов. Эмэгтэйчүүдийг боловсролтой болгосноор асуудлыг шийднэ гэсэн коммунист томьёолол батлагдсангүй. Хамтад нь анхаараагүйгээс эрчүүд мунхаглал, мунаглалын харанхуйд “живжээ”. Өндөр боловсролтой, гоо зүйн өргөн мэдлэгтэй бүсгүйчүүдэд бүдүүн бараг, боловсрол нимгэн, сав хийвэл сархад хүртдэг харчуултай тостой аяганд хошуу холбохыг хүсэхгүй байна.

Хүчирхийлэл байгаад барахгүй, жилээс жилд нэмэгдсээр буйг хүүхдүүдийн зурсан зураг, хөршийн өгсөн дуудлага, эмэгтэйчүүдийн өртсөн байдал гээд бүхий л зүйлсээс бид харах болов. Энэ л эмзэглэл дээр эмэгтэйчүүдийн гэх тодотгол төрийн бус байгууллагууд намын дэргэд олноороо “ургажээ”.

НАМЫН ЭМЭГТЭЙЧҮҮД

Монголд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэж ёс юм шиг бий. Олон намын тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүдийн санал авахын тулд нам бүхэн холбоодтой болжээ.

Тэр нь эмэгтэйчүүдэд “эмэгтэйчүүдийн”, эрчүүдэд “залуусын”, залууст “оюутны” гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаа явуулна. Эдгээр төрийн бус байгууллага байсаар буй атал эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байдаг нь үйл ажиллагаа нь өөр чиглэлтэй гэдгийг нотолно. Энэ холбооныхон эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв дээр дөрөөлөн өөрсдийн байр сууриа батжуулахыг зорьдог гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй. “Эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой холбоод ер нь юу хийж, ядсан зүдсэн, эмэгтэйчүүдийн төлөө яаж ажиллав гэвэл ямар нэгэн тайлан гаргах л байх. Гэхдээ таны амьдралд тус нэмэр, зүг чиг болсон болов уу, бодоорой. Эмэгтэйчүүдийн эмзэг сэдэвт дөрөөлөгч, улстөрчдийн оноо авах хэрэгсэл нь, бүтэц нь болсон энэ мэт байгууллага эмэгтэй танд хэрэг байна уу? Намын эмэгтэйчүүд сонгогчдын сонголтоос өөр юу хийдэг вэ гэдгийг нэг бодоход буруудахгүй.  Тэднийг татан буулгаад чиг баримжаагаа өөрчлөн эрчүүдийг овоо хараандаа тусгавал яасан юм бэ?

БОЛОВСРОЛЫН ЯЛГАА

Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэж, хоолоо хийн, үр хүүхдээ асран хүмүүжүүлж, эр нөхрөө хайрлан халамжилна. Эр хүн хог хаяж болохгүй, хоймортоо залран том хэрэг явдалд оролцох агаад жижиг сажиг гэрийн асуудалд оролцохгүй гэсэн уламжлалт хуучинсаг, хэвшмэл ойлголт үеэ элээсэн ч босоо хиймортой эрчүүдийн үзсэн харсан, боловсорсон байдал улам бүр нимгэрч байгаа болохоор сэтгэл байгаад л таарамж тарамдах болов. Хариуд нь, угаас бэлэн цэцэн үгтэй, боловсрол өндөртэй, өөрийгөө аваад явчих “төмс”-өөр нь дуудаад тарьсан талбайд нь хөлдөөхийг илүүд үзэж байна. Хамгийн гол нь, Монголын эрчүүд, эмэгтэйчүүдийн ертөнцийг үзэх үзэл, хөгжилтэй хөл нийлүүлэх алхах явдал улам бүр холдсоор байнам.

ЭРЧҮҮДИЙГ АНХААР

2018 онд Статистикийн хорооны гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан тухай өнөөгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв. Дөрвөн жилийн дараа буюу өчигдөр ч МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны судалгаа энэ тоо төдийлөн өөрчлөгдөөгүйг хэлнэ лээ.

Өөр нэгэн анхаарал татсан үзүүлэлт гэвэл амиа хорлолтын статистик. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 438 хүн амиа хорложээ. Цагт шилжүүлж үзвэл 20 цаг тутамд нэг монгол хорвоотой сайн дураараа салах ёс хийж буй аж. Тэдний 85 хувь нь эрчүүд, тэр дундаа 25-35 насныхан дийлэнх хувийг нь эзэлж байна Энэ нь ДЭМБ-ын гаргасан мэдээллээр амиа хорлолтоороо гуравдугаарт жагсахад хүргэсэн байна. Хөвгүүдийн ачаалал даах чадвар ч охидынхоос сул, доожоогүй болжээ. Насанд хүрэгчдийн хувьд ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байгааг ажиллах хүчний хүйсийн харьцаанаас харж болно. Энэ бүхэн эмэгтэйчүүдийн эрхийг хангая гэвэл эрчүүдэд анхаарлаа хандуулах нь хэрэгтэй болохыг хэлээд өгөх шиг.

ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭН ЮМ БЭ?

Тийм ээ, мэдээж эрчүүд. Гэхдээ түр азнаарай. Бичвэрийн эхэнд дурдсан статистик мэдээллийг эргээд нэг харья.

Харсан бол одоо боловсролгүй, ажилгүй нь хэн болсныг та эргэн саналаа. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, архичин, тамхичин нь хэн юм бэ? Эрчүүд. Нэгэнтээ Марс руу, аль эсвэл Ангараг руу илгээгээд асуудлыг шийдэж болохгүйгээс хойш ухамсарт нь суулгаж, эрчүүдээ балчираас нь хүчирхийллийн орчноос хол байлгаж, боловсролд нь анхаарч гэмээнэ хүчирхийлэлтэй бодитой тэмцэх болжээ. Зуун жилийн өмнө эхлүүлсэн эмэгтэйчүүдийн соён гэгээрүүлэх бодлого 200 хувь зорилгодоо хүрчээ. Одоо харин эргээд эрчүүдээ гэгээрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх хэрэг гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж