“Mongolian wool boots” брэнд: Экологид ээлтэй урланд саатаарай

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

“Mongolian wool boots” брэнд: Экологид ээлтэй урланд саатаарай

“Mongolian wool boots” брэнд: Экологид ээлтэй урланд саатаарай

Улирлаас үл хамаарч өдөр тутамд өмсөх боломжтой, загварлаг, хээнцэр төдийгүй Монгол Улсыг, монгол гар урлалыг илэрхийлэх нэг бүтээл бол эсгий гутал. Чамин хэрнээ ур хийц их шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Mongolian wool boots” брэндийг бид энэ удаа онцоллоо. Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэгч болж, экспортод бүтээгдэхүүнээ гаргана гэдэг урт хугацаа шаардах нь гарцаагүй.

“Mongolian wool boots” брэндийн захирал Л.Энхчимэг ээж Ц.Хандхүүгийнхээ эхлүүлсэн ажлыг өвлөн авч, ийнхүү үргэлжлүүлж буй аж. Тэдний гэр бүл, үйлдвэрийн ажилчдын хувьд өнөөдөр /2022.03.07/ бол мартагдахааргүй өдөр.

Учир нь тус брэнд анхны нэрийн дэлгүүрээ хэрэглэгчдэдээ зориулан нээсэн юм. Таван жилийн турш тууштай хөдөлмөрлөсөн тус хамт олон анхны нэрийн дэлгүүрээ “Гурван гал” худалдааны төвийн хоёрдугаар давхарт нээлээ.

БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, ЭРҮҮЛ, ЭКО ЭСГИЙ ГУТЛЫН ДАВУУ ТАЛ ИХ

Сүүлийн жилүүдэд эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн тус бүтээгдэхүүнийг яагаад үйлдвэрлэх болсон, цаашид дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болгохын тулд хэрхэн хөгжүүлж буй талаар сонирхов. Үүсгэн байгуулагч Л.Энхчимэгийн ээж “Ноосон ертөнц” холбоонд элсч, 15 жилийн турш эсгий бойтог, углааш, гутал үйлдвэрлэжээ. Тэрбээр ээжээсээ өвлөсөн уг бизнесээ үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийн тулд подвалиас подваль дамжиж, тууштай зүтгэсэн байна.

Түүний хувьд БНХАУ-ын Харбины технологийн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч бизнесээ өргөжүүлж, олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох нь түүний хэтийн зорилго.

“Mongolian wool boots” брэндийн худалдан авагчдын хувьд 60 хувь нь гадаадаас, 30 хувь нь орон нутгаас, 10 орчим хувь нь нийслэлээс зорин ирж, бүтээгдэхүүн захиалж авдаг байна. Захиалагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь гутлын чанар хийцтэй нягт холбоотой. Тиймээс брэнд бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг талаар хуваалцлаа.

-Эсгий урлалыг хүмүүс их сонирхох болсон. Танай брэндийн хувьд ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндээс юугаар онцлог вэ?

-Эрт цагаас хэрэглэж заншсан эсгий цагаан гуталд шинэчлэл хийж, өнгө загварын өргөн сонголттой гадуур өмсөхөд тохиромжтой загвар гаргасан нь давуу тал. Ижил, төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон байдаг ч технологи, хийц, туршлагын хувьд харьцуулахгүй гэж бодож байна. Бид нэг зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас хэрэглэгч л дүн тавина. Манай брэндийн хувьд 100 хувь гар аргаар урладаг.

Нэг гутал үйлдвэрлэхэд 5-10 хүний бага багадаа гурав хоног зарцуулдаг. Ноосоо авна, будна, хэвлэнэ гээд их ажиллагаатай. Түүний дараагаар хаталт, улалгаа хийх гээд бүх зүйлийг сэтгэл гаргаж детальчилж, гар аргаар хийдэг давуу талтай. Тиймээс хүмүүсийн сэтгэгдэлд хүрдэг гэдэгт итгэл төгс байдаг.

-Чанарын хувьд монгол эсгий хятад бэлэн эсгийгээр хийсэн гутлаас ялгаатай юу?

-Ялгаа их бий. Чанарын хувьд нягтаршил, хэлбэр хийц, уллагаа гээд бүгд стандартад нийцсэн чанартай. Түүнийг худалдан авагчид мэддэг учраас хэрэглэгчид ам их сайтай. Дотоодын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь иргэдийн эрэлт их байгаатай холбоотой. Тиймээс борлуулалт нэмэгдэж, өнөөдөр нэрийн дэлгүүрээ нээж байна. Сэтгэгдэл их өндөр байна.

Нэрийн дэлгүүртэй болохын тулд өнгөрүүлсэн цаг хугацаа нүдэнд урсаад л өнгөрч байна. Эсгий гутлыг жаргалтай үйлдвэрлэх чухал. Хэрэв баяр жаргалтай үйлдвэрлэж чадвал эсгийний нягтаршил ч сайн болдог. Бид амьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа үргэлж жаргалтай байдаг.

-Загварын хувьд хэрэглэгчид өөрсдөө сонгож, захиалах боломжтой юу?

-Бид зөвхөн бэлэн бүтээгдэхүүн худалдаалдаггүй. Хэрэглэгчийн захиалсан загвараар урладаг онцлогтой. Тиймээс дахин давтагдашгүй бүтээгдэхүүнийг хүссэн хүн бүр урлуулж болно.

Одоо манай компани Хятад, Канад руу бүтээгдэхүүнээ экспортлож байна. Цаашид бусад улс орон руу гаргах тал дээр анхаарч байна.

Үйлдвэрлэл явуулахад нэгдүгээрт, зах зээл дээрх үнийн өсөлт их нөлөөлж байна. Нэг утас, зүү авахад үнэ нь өнгөрсөн жилээс 2-3 дахин нэмэгдсэн. Бидний хувьд үнийг тогтвортой барихад хэцүү. Тэглээ гээд үнээ үргэлж нэмээд байж болохгүй. Энэ бол тулгамдаж байгаа гол асуудал. Дараагийн зүйл бол ажиллах хүч. Өдөрт олон цагаар зогсч, гар аргаар гутал хийх хэцүү. Тиймээс ажиллах хүний нөөцийн хувьд анхаарал их хандуулах шаардлагатай болдог. Бусдаар бол загвар, технологийн хувьд бидэнд хоцорсон зүйл байхгүй.

ИТГЭЖ, НАЙДАЖ ЗАХИАЛГА ӨГСӨН ХҮН БҮРИЙН ГУТЛЫГ СЭТГЭЛД ХҮРТЭЛ УРЛАХЫГ ЗОРЬДОГ

“Mongolian wool boots” брэндийн захирал Л.Энхчимэгийн хэлснээр, 100 хувь гар урлал гэдэг амар зүйл биш. Тухайлбал, үйлдвэрийн шат дамжлагын хувьд ноосоо эхэлж евро стандартын будгаар будаж, зориулалтын аргаар хатаадаг байна. Үүний дараа ноосоо граммлаж самнаад, загвараа гаргадаг аж.

Улмаар гутлын эсгүүрээ хийж, илж, агшааж, хээ тавьж, хатаадаг байна. Энэ бүх дамжлагын дараа эцсийн дамжлага руу шилжинэ. 10 гаруй хүмүүс гурав хоногийн турш нэг л гутал үйлдвэрлэнэ. Сард ойролцоогоор 60-70 хос гутал үйлдвэрлэдэг ажээ.

Үүсгэн байгуулагчийн хэлснээр итгэж, найдаж захиалга өгсөн хүн бүрийн гутлыг сэтгэлд хүртэл урлахыг зорьдог байна. Тиймээс тус брэндийн бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэл болтлоо өргөжиж, нэрийн дэлгүүрээ нээв. Захиалга өгөхийг хүссэн хүмүүс цахим хаягаар болон тус хуудас дээрх утсаар холбогдох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж