"Үйлдвэрлэгч нарт дарамт их байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Үйлдвэрлэгч нарт дарамт их байна"

"Үйлдвэрлэгч нарт дарамт их байна"

Жил бүр зохион байгуулагддаг “Их хотын бүсгүйчүүд 2022” арга хэмжээ өнөөдөр /2022.03.07/ боллоо. Тус арга хэмжээний үеэр нийслэлийн шилдэг есөн эмэгтэйд шагнал гардуулсны зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарав.

Нийт 10 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж “Их хотын бүсгүйчүүд 2022” арга хэмжээнд оролцлоо. Тус үзэсгэлэн дээр арьс шир, байгалийн гаралтай цай, ургамал, хүүхдийн хувцас гэх мэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулав.

“AGNI LEATHER COLLECTION” арьсан бүтээгдэхүүний үйлдвэрийн менежер:

-Манайх 20 гаруй жил арьсан бүтээгдэхүүн дотооддоо борлуулж байна. Нэг цүнх бэлэн болоход маш олон шат дамжлага дамждаг. Одоогоор манайд арав гаруй оёдолчин ажиллаж байна. Төрөөс тусламж төдийлөн сайн үзүүлдэггүй. Тэр тусмаа үйлдвэрлэгч нарт дарамт их байдаг. Оёдлын салбарт эмэгтэй хүмүүс их бий. Зарим нь өрх толгойлсон эхчүүд байдаг. Тэднийг цалинжуулах, нийгмийн даатгалыг төлөх гээд аж ахуйн нэгжид маш олон хариуцлага оногддог. Төр ер нь дэмждэггүй.

Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалт хариуцсан менежер Б.Ариунзаяа:

-Налайх дүүргийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалтад ихэвчлэн гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд хамрагддаг. Сард хоёр удаа хөгжүүлэх сургалтад 40 эхийг хамруулдаг. Манай дүүргийн хэмжээнд үйлчилгээ, худалдаа эрхэлж буй газрууд их байдаг. Гол төлөв ааруул, ээзгийний шүүс, цай гэх мэт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.

"Амина" хүүхдийн хувцас урлаач Б. Пүрэвсүрэн:

-Би гэр бүлийн хүнийхээ хамт 0-12 настай хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Хувиараа ямар нэг бизнес эрхэлж болж байна. Гол нь борлуулах, худалдах хэцүү байдаг. Одоогоор дотооддоо хувцсаа борлуулж байна. 2021 онд МҮХАҮТ-аас зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээнд оролцсон. Энэ жилийн анхны үзэсгэлэн худалдаа “Их хотын бүсгүйчүүд 2022” арга хэмжээний үзэсгэлэн болж байна.

"Хүннү сэрэхүй" ТББ-ын тэргүүн Бүрэнбаатартан:

-Цар тахлын хоёр жилийн хугацаанд орлого бага байлаа. Чамлахаар чангаа атга гэдэг шүү дээ. Их, бага гэлтгүй орлого орж, бүсээ чангалах үедээ чангалж байлаа. Хувиараа бизнес эрхлэгч нарт зээл олгож байгаа нь тэднийг дэмжиж байгаа нэг хэлбэр мөн. Гэхдээ олон улсын үзэсгэлэн, худалдаанд Монгол байгууллагуудыг өргөнөөр хамруулдаг баймаар байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж