Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ОХУ-ын "Аэрофлот" компанийн онгоц газардсан нь нийгмийн сүлжээнд өчигдөр /2022.03.06/ хардлага дагуулав. Иргэдийн дунд “ОХУ-ын онгоц Монголд газардсан нь ам.доллар нөөцлөх зорилготой” гэх таамаглал дэвшүүлээд байсан юм.
Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Аэрофлот"-ын хуваарьт нислэгийн онгоц газардсан. Тиймээс зөвшөөрөлтэй. "Аэрофлот" маргааш буюу гуравдугаар сарын 8-наас эхлэн Минскээс бусад чиглэлийн олон улсын нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна” гэсэн тайлбар өгсөн юм.
АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул "Аэрофлот" компани 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Мөн "Аэро Монголиа" компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд, түүнээс хойш зогсоохоор болжээ.
Монголбанк ОХУ-ын дээрх онгоц валют нөөцлөх зорилготой гэх иргэдийн хардлагыг үгүйсгээд, энэ талаар албан ёсны тайлбар өгөх боломжгүйгээ хэлэв.
Тус банк өнгөрсөн долоо хоногт “Төв банкинд ханшийн огцом савлагаанаас сэргийлэхэд оролцох валютын нөөц хангалттай бий” гэж мэдэгдсэн. Энэхүү байр суурь нь өөрчлөгдөхгүй аж.
Ханшийн бодлого, валютын нөөцийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Валютын нөөц оны эхэнд 4.3 тэрбум ам.доллар байсан. Covid-19-ийн хүнд үед ч валютын нөөцийг 2019 он буюу энгийн үеийн түвшинд хадгалж чадсан. Эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрэлт өндөр байна. Ханшийг тогтвортой, нөөцийг өндөр түвшинд байлгах хамгийн гол зүйл нь төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл дээр худалдааны тэнцэл чухал байр суурь эзэлдэг. Экспортыг нэмэгдүүлэх шаардлага бий. Экспорт хумигдаж байгаа үед нөөцөд тодорхой дарамт ирж байна. Гэхдээ 4.3 тэрбум ам.доллар нь импортын 8-9 сарын нөөцийг хангах хэмжээ учраас энэ нь ханшин дээр тийм их дарамт учруулахгүй гэж үзэж байна” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2873 төгрөгтэй тэнцээд байна. Харин долоо хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар ам.доллар 2864 төгрөгтэй тэнцэж байв. Мөн валют арилжааны “Найман шарга” төв дээр ам.долларын ханш 2900 төгрөгтэй тэнцжээ.
Ханш савлаж, ам.доллар чангарсныг ченжүүд валютын нөөц багассантай холбон тайлбарлаж байгаа бол Монголбанкнаас эдийн засгийн сэргэлттэй холбоотой гэж үзэж байгаа юм. Төв банк “Валютын нөөц хангалттай” гэсэн тайлбар өгч буй. Гэвч эдийн засагчдын зүгээс ханш савлах нь үнэ хөөрөгдөж, инфляцийн дарамт эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурь илэрхийлэв.
МОНГОЛБАНК ИНТЕРВЕНЦ ХИЙЖ, ИНФЛЯЦЫГ 8 ХУВЬД ХҮРГЭХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ
Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН:
-Экспортын орлого валютын нөөцийг бүрдүүлэх гол хүчин зүйл. Хэрэв экспорт хэвийн үргэлжилж байгаа тохиолдолд валютын нөөц хангалттай байх боломжтой. Монголбанкнаас валютын нөөцийг хангалттай гэж үзэж байна. Иймд ханш огцом савлах эрсдэл бага болов уу.
Гэхдээ нэг хэсэг тогтвортой байсан валют 2840 төгрөгтэй тэнцэж байсан ч гадаад худалдаа идэвхжиж, эдийн засаг сэргэж эхэлснээр валютын ханшийн эрэлт нэмэгдсэн. Үүнийг дагаад ханш өсч байна.
Одоогоор төв банкнаас ханшийн савлагаанд хяналт тавих байдлаар ажиглаж байгаа болов уу. Ерөнхийдөө эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор ам.доллар чангарч байна. Ханш савлаж, ам.доллар чангарах нь инфляцыг хөөрөгдөх механизм болно. Ам.долларын ханш өсөхийн хэрээр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр худалдан авах асуудал ч гарна. Энэ бүгд инфляцад нөлөөлнө. Иймд Монголбанкнаас интервенц хийх, инфляцыг зах зээлд 8 хувьд барих зэргээр хоорондын уялдаа холбоог хангах, зохицуулалт хийх шаардлагатай.
ТОМ ЗУРГААР ВАЛЮТЫН НӨӨЦ БАГАССАН
Эдийн засагч С.БАТБУЯН:
-Ам.долларын ханш өсөх нь бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортолдог Монгол Улсад маш аюултай үзэгдэл. Валютын ханш савлаж, ам.доллар чангарснаар импортын зардал өснө. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх өндөр магадлалтай. Хэдийгээр Монголбанкнаас валютын нөөц хангалттай гэж мэдээлж байгаа ч том зургаар нь харвал багассан. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан эдийн засгийн эргэлтэд валютын нөөц багасахтай зэрэгцэн чангарч байгаа юм. Тиймээс гадаад худалдааны бодлогоо тэлэх ёстой.
Бид импортлохоос илүүтэй экспортыг нэмэгдүүлж, ам.доллар олдог байх хэрэгтэй. Гадаадаас ам.долларын орлого нэмэгдэхийн хэрээр валютын нөөц бүрдүүлж, багасч буй нөөцийг нөхөх боломжтой. Ер нь Монгол Улс руу орж ирэх ам.долларын бодлогыг маш сайн барих нь чухал.
Ам.долларын ханш чангарах тусам Монголд сөргөөр нөлөөлдөг. Учир нь ам.доллар гадаадын мөнгөн дэвсгэрт учраас бараа, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэнэ гэсэн үг. Үнийн өсөлт худалдан авах чадварыг бууруулах тул эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.