Хөгжлийн банкийг тонож идсэн гэж анх 26 компанийн нэрийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул зарлаж, төд удалгүй АТГ-аас 73 зээлдэгчийг мөрдөн шалгаж эхэлснээ мэдээлж, араас нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн найруулгатай нийгмийн хамарсан хэлэлцүүлэг зохиогдсоны гол шалтгаан нь эрх баригчид авлига, албан тушаалын хэргүүдтэй тэмцэхдээ ч байсангүй. Ам алдаж, ичсэн нэрэндээ МАН өнчин ишигний гарзгүй, угаас улс төрийн карьер нь хэдийнэ дууссан хэдэн гишүүндээ хариуцлага тооцсон нэртэй, тэдний бай нь ерөнхийдөө ХХБ-ны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг байсан нь тодорхой боллоо.
Анх ХХБ-ны хувьцаа эзэмшигч гэхээс өөрөөр монголчуудын дунд төдийлөн танил биш байсан Д.Эрдэнэбилэгийг захын нохой ч андахааргүй болсны учир нь Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчирсан биш Монголын хамгийн адгийн хулгайч, луйварчин болчихсон.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин Оросын “Ростех”-ийн эзэмшиж байсан 49 хувийг сахал хочит Д.Эрдэнэбилэг 2016 онд 400 сая ам.доллараар оросуудаас худалдаж авсан байдаг. Гадаадад эдийн засгийн хоригт орсон, дотоодод нь хямрал нүүрлэсэн тул ОХУ хилийн гадаа эзэмшиж байсан орд, уурхайнуудынхаа хувьцааг ид зарж борлуулж байсан үе нь. Тиймээс тэд гэрээнд зааснаар “…аль нэг тал өөрийн талын хувьцааг гуравдагч этгээдэд бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах тохиолдолд нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, энэ тохиолдолд худалдан авах давуу эрх нөгөө талд хадгалагдана. Аль нэг тал өөрийн хувийг хэсэгчлэн буюу бүхлээр нь худалдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэсний дагуу Монголын Засгийн газарт “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэж байгаагаа мэдэгдсэн байдаг.
Мэдээж, оросуудаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах мөнгө Монголын Засгийн газарт байгаагүй. Хэрэв монголчууд өөрсдөө авч чадахгүй бол Хятад, Казакстануудын өмч болох байсан тул Д.Эрдэнэбилэг мөнгө “босгоод” “Эрдэнэт”-ийн 49 хувийг олоод ирсний дараа феодалын хөрөнгийг хураах үйл ажиллагааг МАН эхлүүлсэн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь оросууддаа байсан бол МАН-ынхан ил цагаан дээрэмдэж чадах байсан нь эргэлзээтэй.
М.Энхболдын парламент “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцээд зуун хувь төрийн өмч болгох шийдвэр гаргав. Төр өөрөө хөрөнгө мөнгө гаргаж худалдан авч чадаагүйгээс хойш хүний хохирлыг барагдуулах ёстой. Бүтэн таван жил энэ асуудлаар Д.Эрдэнэбилэг, Засгийн газар хоёр шүүхдэлцэж байна.
Хөгжлийн банкны чанаргүй активт бичигдэх болсон 800 тэрбумын 500 тэрбумыг нь Д.Эрдэнэбилэг хоёр компаниараа дамжуулан аваад өгөөгүй тул Засгийн газар шүүхдэж, ялалт байгуулсан гэх мэдээ өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулалттай цацагдсан. Авсан зээлээ цаг тухайд нь төлөх нь Д.Эрдэнэбилэгийн үүрэг. Гэхдээ яагаад төлж чадаагүй учир шалтгааныг нь тодруулах ёстой. Эрх баригчдын үгийг сонсохоос гадна Д.Эрдэнэбилэгийн үгийг ч сонсох нь тэнцвэртэй мэдээлэл болно.
Тэр тусмаа төрийн бүх эрх мэдэл нэг намын гарт орсон нөхцөлд Монголын хамгийн том “луйварчнаараа” цоллогдож байгаа бизнес эрхлэгчид хэлэх үг байж таараа.
Энэ үйл явдал “Кью эс си” компаниараа дамжуулан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард 71.3 сая ам.доллар авснаас хойшхи үйл явдал. Бас “Хөтөл”компаниараа дамжуулсан 103.7 сая ам.доллар авчхаад төлөөгүйн цаад шалтгаан нь бас учир шалтгаантай аж. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг хамаг байдгаа шавхаад оросуудад байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг олоод иртэл төр сохор зоос ч төлөлгүй дээрэмдэж аваад, онц байдал нэрийн дор хулгай луйвраа хийцгээсэн.
Онц дэглэмийн цаана Хөгжлийн банкнаас ч дор луйвар илэрч магадгүй. Ямар ч байсан МАН-ын Засгийн газар Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд тавьсан өрнөөс 40 сая ам.долларыг нь “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлчихсэн юм даг.
Тэрчлэн өнгөрсөн хоёр жил хувь, хувьсгалгүй, иргэн, албан газар гэлтгүй бүгд цахилгаан, дулааны төлбөрөө “Эрдэнэт”-ээр даалгуулсан. Үнэндээ, “Эрдэнэт”-ийн 49 хувь оросуудын мэдэлд байсан бол цар тахал, дайн тулаантай энэ үед монголчууд юугаараа цалингаа тавьж, хэнээрээ цахилгаан дулааны төлүүлэх вэ дээ. Орос ах нар минь гээд л алга хавсраад ашгаа хуваах байсан нь ойлгомжтой биш үү.
Нөгөөтэйгүүр, Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт”-ийг эрх баригчид дээрэмдэж аваагүй бол энэ мөнгийг тэд хэдийнэ төлчихсөн байх байж. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны өр зээл бол Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсных нь “өгөө, аваа” гэхэд болно.
Үнэхээр л Хөгжлийн банкинд тавьсан өрийг нь Д.Эрдэнэбилэгээр төлүүлэх гэсэн юм бол Монголын Засгийн газар түүний авлагыг барагдуулах ёстой. Хөгжлийн банкны ч, хүний мөнгөөр ч “хүүдэгнэж” болохгүй.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд АТГ-аас том баг /есөн хүний бүрэлдэхүүнтэй/ очиж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийг үйл ажиллагааг зогсоож битүүмжилсэн. Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй гэж. Зээлийг нь төлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа юм бол үйлдвэрийнх нь үйл ажиллагааг битүүмжилдэг нь бас ямар зорилготой ч юм.
Шүүхээс “Кью эс си” болон “Хөтөл” компанийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх ёстой гэсэн шийдвэр гарчхаад байхад АТГ-ынхан гэнэт очиж, үйлдвэрийг нь битүүмжлээд эздэд нь Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн зорилготой болж харагдаж байна.
Угаасаа Д.Эрдэнэбилэгийн оросуудаас олж ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгийг нь төлөхгүй гэсэндээ улс новшроод байгаа юм биш үү. Улсаараа тэгээд МАН-ын урхинд орчихсон байдаг. Энэ бүгдийг эрүүл нүдээр харахад ямбыг нь МАН эдлээд, ялыг нь Д.Эрдэнэбилэгт тохох гэсэн зорилготой улс төр яваад л байна даа.
Б.БАТ
Холбоотой мэдээ