Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Араар нуугдагч…

Араар нуугдагч…

Амаа мэдэхгүй, айлын хүүхдүүдийг элдвээр хэлчээд асуудал болохоор ах, эгчийнхээ араар ордог хүүхдүүд байдаг даа… "Numbur one” хөдөлгөөнийг зохион байгуулагч залуу өөрөө намын нэгдүгээр хүн болжээ. Албан тушаалын хувьд тэргүүн эгнээнд очсон ч арга барил нь арын эгнээний хэвээрээ. Ах нарынхаа ард нуугддаг янзаараа.

Н.Энхбаярыг хаан шиг байхад хажууд нь байж, М.Энхболдыг засаглаж ахуйд алга ташин сууснаа хаврын хавсарга шиг хавсарч унагаан, У.Хүрэлсүхийн замыг зассаны хүчинд тэр гал тогоог нь барьсан. Болохгүй бүтэхгүй, бугшсан, ялзарсан улс төрийг цэвэрлэхийн тулд энэ бүхнийг хийсэн гэдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Албан тушаалын төлөө ах нараа түлхээгүй гэсэн нь амьдрал яасныг нь харуулаад өгнө.

У.Хүрэлсүх өөрийн халаагаа түүнд шилжүүлсэн нь хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэхээс илүү намын эрх мэдлээ хадгалж үлдэх чин хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг. Гэхдээ арын эгнээнээс ах нартаа алга ташиж, адгаж явсан хүн өөрөө суудалд нь суучихаар хэцүү бөгөөд урагшаа биш, арагшаа харах хэрэг гарна.

Хөгжлийн банкны сүр дуулиантай баривчилгаа зэрэгт хашир огт үзэгдсэнгүй. Авлигатай тэмцэхийн тулд намын нөхөдтэйгөө тэмцэнэ гээд сүр дуулиантай мэдэгдэл хийсэн хүн нь Ерөнхий сайд бус, Шадар сайд нь ч биш, Хууль зүйн сайд нь бүр ч биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хөгжлийн банкны асуудлаар хариуцлага тооцохоор гарч ирэв. Арын хаалгаар хэн орох, орохгүйг зохицуулдаг хүн ил гарч ирж, намын биш төрийн өмчийг намын нөхдүүдээсээ хамгаалах талаар яриад байхад Ерөнхий сайд таг.

Хөгжлийн банкны дуулианаар намынхаа болохгүй бүтэхгүй нөхдийг зольж авлигатай тэмцсэн алдар хүртэх гэсэн боловч зургаан жилийн хугацаанд энэ банкнаас хэн нь хэнийгээ хэлэлтгүй зоолжээ. Тиймээс баривчилгаа явуулахын өмнө МАН-ын Хяналтын хороо хуралдаж, хөөхөө хөөв. Түүний цаана хэнийг нь баривчилж, хэнд нь хэрэг үүсгэж, алийг нь аятайхан үлдээхээ ярьсан нь тодорхой болов. Нэрс гарч ирмэгц хуулийнхан баривчилгаа явуулав.

Намын гишүүнээс хөөнө гэдгээс үнхэлцгээ хагартал айгаад байсны цаад санаа нь энэ. Өнгөц бодвол Хөгжлийн банкнаас хүү багатай зээл авсан нөхрийг намаасаа хөөж, шударга ёс тогтоох тухай яриад байгаа юм шиг Д.Амарбаясгалангийн үгийг сайтар эргэцүүлбэл намаасаа хөөгдөөгүйг нь хэргээс мултална гэсэн санаа яваад байх шиг.

Тиймээс ч тэр асуудлыг гардан удирдаж байна.

Гэтэл Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ийм атал энэ хугацаанд Д.Амарбаясгалангийн ард нуугдсаар.

"Хэрээ хэрээнийхээ харыг гайхав" гэгчээр ийм ужиг болсон улстөрчдийн тоглолт явахаа байжээ. Нэг гэрт багтаж шингэхээ байсан тэд хоёр болон хуваагдаж, буцаад нийлсэн. Одоо хүчтэй нь хүчгүйгээ зайлуулах үйл явц л өрнөж байна. Н.Энхбаяр эргэн ирсэн шиг М.Энхболдынхон ч зүгээр суугаагүй.

Ийм хөгийн зодооноо хүртэл улс орны эрх ашиг ярьж байгаад иргэдийн дэмжлэгтэй шийддэг туршлага МАН-д бий. Гэхдээ энэ удаад тооцоо алдчихлаа. Хөгжлийн банкийг энэ нам зайдагнаж байсан нь нэгэнт тодорхой боллоо. Хөгжлийн банкны хэргээр хэн ял авах нь сонин биш. Харин хэн ялгүй үлдэв гэдэг сонин. Яагаад гэвэл тэдний талынхан намдаа хүчтэй байгаа хэрэг.

Худлаа гэвэл төрийн нэрийн өмнөөс хууль хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд нь яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ. Зөрүүлээд засгийг нь унагаах тухай асуудлыг сөхөх учраас намын ерөнхий нарийн бичгийн дарга командлаад байгаа хэрэг.

Л.Оюун-Эрдэнэ дээлтэй суулт хийж, М.Энхболдыг унагаасныг эс тооцвол ийм л байсан. Одоо ч ийм л байна.

Д.Амарбаясгалан бол М.Энхболд шиг бүлх залгисан мэт бүлтэлздэг, У.Хүрэлсүх шиг шуудхан шанаа өгөөд асуудлаа шийдчихдэг ил санаа бодолтой хүн биш. Түүний бодол, санааг тааварлахад тун бэрх гэдгийг өнгөрсөн хугацаанд намынхан нь төдийгүй иргэд ч харсан.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн ард нуугдах тусам өөрт нь халтай. Түрүүнд нь гараад гүйе гэхнээ хойноос нь хавирчих бүрэн магадлалтай. Яах бол гэсэн битүү айдастай болохоор араар нуугдаж байна.

"Андлалын хөшөө"-нөөс эхлээд асуудал босох болгонд анх ярьснаа мартаад, авгайнхаа араар нуугддаг айлын эзэн шиг хөгийн зангаа одоо болимоор.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон ч хүн нь хүчгүй болохоор Д.Амарбаясгалангийн араар нуугдаж, нам гээч төрийн дээр сандайлчихлаа. Овоо юм болж, орвонгоор нь эргүүлж байж л буулгах болов уу?

Ерөнхий нарийн бичгийнхээ даргын араар нуугдсан Л.Оюун-Эрдэнэ ичиг ч ийм даргатай нам, түүнийг нь Ерөнхий сайд болгосон УИХ, тэднийг сонгосон ард түмэн бүр ичиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж