“Бүх шийдэл хайр дээр үндэслэх ёстой” гэсэн тамгатай ариун цэврийн хэрэглэл анхаарал татна. Үүнийг эмэгтэй хүн бүр хэрэглэдэг. Энэ удаа урлагийн бүтээл болж, нийгмийн асуудлыг хөндөж буй нь энэ. Уран бүтээлч О.Одмаа энэ бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ эрхийг зөрчихгүй, өөр шигээ асуудалтай эмэгтэйг хамгаалж дэмжсэнээр хамтдаа асуудлаа шийдэж чадна гэдэг гүн утга санааг цагаан дээр улаанаар тод тамгалжээ.
Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу.. Бүгд дээлтэй. Бас утааны багтай. Монголчууд эрт үеэс нүүдэлчин соёл уламжлалтай ч өдгөө хүссэн ч эс хүссэн суурин соёл иргэншил рүү хөтлөгдөж буйг “Тоглоомын хайрцаг” бүтээл өгүүлнэ.
Үзэсгэлэнгийн хойморт залрах энэ бүтээл хүмүүсийн сонирхлыг ихэд татна. Харахад нэг тийм хоосон хөндий, бараан, айдас төрүүлэм хэдий ч үзэгчдэд өөрийн эрхгүй нэгийг бодогдуулах аж.
Бүтээлийнхээ талаар зураач Б.Номин тайлбарлахдаа “Би их сургуулиа төгссөний дараахан яг ийм зураг зурсан. Тэр зургаа 3D инстоляци буюу өрөг бүтээл болгохоор хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Бид нүүдэлчин соёлоос суурин соёл иргэншил рүү шилжиж буй ард түмэн. Гэтэл өнөөдөр бидний өмнө агаарын бохирдлын асуудал тулгарч байна. Энэ асуудлыг өөрийн уран бүтээлээрээ хөндөхийг хичээсэн” тухай ярьсан юм.
Өнгө өнгийн дээлтэй 108 хүүхэлдэйг нэхмэлийн аргаар сүлжин урласан бөгөөд бүгд өөр өөр утга санааг илэрхийлэх нь сонин.
Үзэсгэлэнгийн танхимын хананд өлгөөтэй торонд гинжлэгдсэн зүрх байх аж. “Ганцаардсан сэтгэл” нэртэй энэ бүтээлийн эзэн бол уран барималч Ж.Пүрэвсүрэн. Тэрбээр энэ бүтээлээрээ нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хөнджээ. Тэр дундаа эмэгтэй хүний сэтгэл өвдөх тусам улам хатуурч, ган мэт хатуу болдог гэдэг санааг илэрхийлж буй аж. Харин зураач М.Отгонтуул “Аз жаргалын индекс” бүтээлээрээ үр хөндөлт, төрөлтийн эндэгдлийг хөндөж, харуулсан байв.
Энэ мэт 150 эмэгтэй уран бүтээлч 200 орчим бүтээлээрээ нийгмийн асуудлыг хөндөж, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “хашгирав”. Тэдний үзэсгэлэн гуравдугаар сарын 7-ноос 18-ныг хүртэл олны хүртээл болох юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ