МоАХ-ны тавдугаар их хурал өнөөдөр /2022.03.07/ болж байна. Энэ үеэр МоАХ-ны дарга асан, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "МоАХ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг авчрах боломжийг нээж өгсөн. Үүгээрээ Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой байгууллага. Уг холбооны мянга, мянган гишүүн өнөөдөр түүхэн гавьяа байгуулсан. Гэвч МоАХ туйлын эмгэнэлтэй байдалд орчхоод байна. МоАХ-ны дарга байсан хүний хувьд өнөөдөр эргээд харахад миний мэддэг МоАХ байхгүй болсон. Өдөр бүр тордох ёстой ардчилал өнөөдөр хаана байна вэ? Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн энд алга. УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, МоАХ яагаад дуугарахгүй байгаа юм бэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ардчиллын тугийг атгуулаад босгож өгсөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дөрвөн жил дуугарсангүй вэ. Тэр яагаад МоАХ-ны амыг барив аа. МоАХ-ны дарга байсан, АН-ын даргын хувьд бусармаг, хариуцлагагүй этгээдийг Ерөнхийлөгчөөр сонгох үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр харамсч байна. Би үүндээ дахин уучлалт гуйя. Тиймээс МоАХ-ны тавдугаар их хурлаас тодорхой шийдвэрүүд гарах ёстой. МоАХ-ны аймаг, дүүргийн зохицуулагч гэх нэртэй бэлэг сэлт, одон тэмдгээр хахталаа цутгуулсан нөхдүүд өнөөдөр эрх баригчидтай тэмцэх ёстой. Тэдний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний хувь заяа, эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой хүмүүс МоАХ-ны гишүүдийг дарамтлаад сууж байна.
Бид өнөөдөр коммунистуудаас айгаагүй байж МоАХ-нд шургалж орсон бэртэгчнүүдээс айх хэрэг үү. Тийм зүйл байхгүй. МоАХ дотор үнэхээр шан харамж харж, үзэл санаагаа уландаа гишгэсэн Х.Баттулгыг дагасан бүхэл бүтэн хүн сүрэг бий болчхоод байна.
Тэд Монголын төлөө ганц ч үг дуугараагүй. 1990 онд бидэнтэй мөр зэрэгцэж явсан зарим нөхдүүд хүртэл урваж шарваад, тэдэн дунд явж байна. Хийсэн бүтээсэн гавьяаг төр нь өөрөө үнэлдэг юм. Түүнээс биш хэн нэгэн этгээд МоАХ-ноос шагнал өгсөн нэрээр хүн бүрийг шагнаад суудаг зүйл биш. МоАХ-ны шагнал бол бэртэгчнүүдэд тараадаг цаас биш. Үүнийг маш сайн ойлгоорой.
Өнөөдөр би энэ заалыг дүүрэх болов уу гэж найдаж байлаа. МоАХ-ны анхдугаар их хурал 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болоход энэ зааланд хүмүүс багтахгүй, гадаа хүртэл зогсч байлаа. Тэр түвшинд хүрдэггүй юмаа гэхэд олон хүн ирэх байх гэж бодож байсан. Харамсалтай нь, сүүлийн гурав хоног МоАХ-ны гишүүдийг байнга дарамталлаа. Бид ямар нийгэм рүү яваад байгаа юм бэ. МоАХ хэзээ ч Монголын хөрснөөс арилахгүй. Монголын ард түмний зүрх сэтгэлд шингэсэн ардчилал, эрх чөлөөний туг сүлд болсон байгууллага. МоАХ-г устгана гэж бодож байвал санасны гарз шүү" гэв.
Холбоотой мэдээ