Олимпийн алтан медальт тамирчин, 38 настай Алина Кабаеваг Путины нууц амраг гэлцдэг. Түүнийг Оросын хамгийн уян хатан эмэгтэй гэж нэрлэдэг бөгөөд дөрвөн хүүхэдтэй ажээ.
Алина Кабаева өдгөө Швейцарьт дөрвөн хүүхдийн хамт хувийн байшиндаа нуугдаж байна гэж “Daily mail” мэдээлэв. Долоон настай ихэр охид болон хоёр хүүг нь Оросын ерөнхийлөгч Путины хүүхдүүд гэж таамагладаг. Хүүхдүүд бүгдээрээ Швейцарийн паспорттой аж. Орос улс Украин руу дайрч, гэм зэмгүй иргэд хохирч, дүрвэгсдийн хямрал нүүрлэж буй энэ үед түүний гэр бүл Швейцарийн хаа нэгтээ аюулгүй, нууцлагдмал газарт байна” гэж эх сурвалж мэдээлжээ.
Ерөнхийлөгч Путин насанд хүрсэн хоёр охиныхоо ээж болох 62 настай экс тэргүүн хатагтай Людмилатай гэрлэлтээ цуцлуулсан шалтгаан нь Алина Кабаева гэж оросууд үздэг. Тэд 2013 оны долдугаар сард гэрлэлтээ цуцлуулжээ. Алинагийн ядам хуруундаа бөгжтэй зураг, баримтууд маш олон байдаг боловч тэд гэрлэлтээ батлуулсан гэх мэдээлэл байхгүй юм.
Алина Кабаева Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн компанийн захирлаар ажиллаж байхдаа жилд 7.5 сая фунт стерлингээс ч илүү цалин авч байсан нь татварын бүртгэлээр тодорхой болсон байна. Тэрбээр “Mercedes-Maybach” маркийн лимузинтэй бөгөөд гадуур явахдаа бие хамгаалагчаар хамгаалуулж явдаг гэсэн мэдээлэл бий.
Кабаева Олимпийн хоёр медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 медаль, Европын аварга шалгаруулах тэмцээний 25 медальтай бөгөөд уран сайхны гимнастикийн түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн тамирчдын нэг юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ