"Эх орон, эрх чөлөө бүтэн байх нь чухал"

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Эх орон, эрх чөлөө бүтэн байх нь чухал"

"Эх орон, эрх чөлөө бүтэн байх нь чухал"

МоАХ-ны тавдугаар их хурал өнөөдөр /2022.03.07/ болж байна. Энэ үеэр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч, МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдорж үг хэллээ.


Тэрбээр “Өнөөдөр МоАХ, Монголын ардчилал, эрх чөлөөний түүхэнд их чухал өдөр. Ер нь аливаа тэмцэл, ялангуяа хувьсгалын шинжтэй үйл ажиллагааны үеэр тавьсан шаардлага, цуглаан, алхам дандаа цаашаа өргөжиж байх ёстой. Өөр хэлбэр, өөр чиглэл рүү явна гэсэн үг. Ингэж явсаар 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдөртэй золгосон. Энэ үеэр эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж, коммунист дэглэмийг өөрчлөх гэж байгаа бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй боллоо гэх дүгнэлтэд бид хүрсэн.

Дэлхийн тал улаан байхад Монгол ардчиллын цэнхэр тугаа барин босч, энэхүү үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн өдөр бол 32 жилийн өмнөх энэ өдөр.

МоАХ анх үүсгэн байгуулагдахдаа яаж ажиллах талаар ярилцаж байсан. Үндсэн хуульд "Монгол Улс ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн улс болно" гэж бичсэн нь Монголын ардчиллын үр дүнг баталгаажуулсан сонголт байв. Тэр хугацаанд олсон бүх ололт амжилт, сайн зүйлүүдээ Үндсэн хуульд тусгасан. Эрх чөлөө, ардчилал гэдэг хэзээ ч төгс байдаггүйг бид харж байна. Өдөр бүр л эрх чөлөө, ардчиллынхаа тухай санаа зовж, бодож явахгүй бол болохгүй.

Ардчилалд наалдсан буруу зүйлийг арилгах хэрэгтэй. Тиймээс эрх чөлөө хэзээ ч насанд хүрдэггүй. Ардчилал хэзээ ч хөгширдөггүй. Үүний илэрхийлэл нь МоАХ байх ёстой.

Өнөөдөр эрх чөлөө, ардчиллын эсрэг явагдаж байгаа түрэмгийлэл, дайныг эсэргүүцэж, эх орноо, эрх чөлөөгөө хамгаалж байгаа тал нь хүчтэй байдаг юм байна гэдгийг харуулж байна. Тэдний талд дэлхийн улс орнууд орж байна. Учир нь хүн бүр эх орондоо хайртай, энх тайван, эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг. Явж явж эрх чөлөөг хамгаалдаг юм байна. Яагаад ардчилал, эрх чөлөө Монголын тусгаар тогтнолын баталгаа вэ гэхээр эрх чөлөөг хамгаалдаг учраас тэр. Хөгжил дэвшил, бүрэн бие дааж хөгжихийн баталгаа.

Өөрсдийн эрхээ хамгаалдаг шигээ ардчиллаа хамгаалах ёстой. Ардчилалтай байвал Монгол тусгаар, бие даасан байна. Энэ замаасаа бид ухарч болохгүй. Гэвч энэ замаас ухрах оролдлого үргэлж болдог. Би газрын зураг хараад үргэлж бахархдаг. Хоёр том улаан дунд ганц хөх, цагаан өнгө буюу Монголын ардчилал үргэлж ялгарч харагддаг. Ардчиллыг хадгалж явдаг МоАХ амьд байна. Залгамж халаа нь ч байна. Үеийн үед МоАХ байх болно. Монголын ардчилал, эрх чөлөө байх болно. Тиймдээ ч ардчилалд тулгамдаж буй  хүндрэлтэй асуудлуудыг байнга ярилцаж, шийдвэрлэх ёстой.

МоАХ ажиллахгүй байвал чи өөрөө ардчилал, эрх чөлөөний гал байх ёстой. Үүний үр дүнд Монголын ардчилал газар бүрт тархана. Төр засгаас гаргаж буй буруу шийдвэрүүдийг шүүмжилж гарч ирж байгаа хүмүүсийг би үргэлж дотроо дэмжинэ. Тиймдээ ч энэ хүний ард Ц.Элбэгдорж байна гэж харддаг байх. Эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа хүн бүрийн ард Ц.Элбэгдорж байх болно. Үүнийг цээжилж явах хэрэгтэй. Бид нэг л өдөр энэ орчлонгоос явлаа гэхэд эрх чөлөөний үзэл санаа болж үлдэх ёстой. 

Бид эрх чөлөө, ардчиллынхаа төлөө тэмцэж байгаа ард түмэнтэй сэтгэл санаа нэг байх ёстой. Орос, Украины дайныг эсэргүүцсэн хүнд 15 жилийн хорих ял оноож байна. "Хүнд сурталтны өөдөөс үнэн үг хэлээд босох дайны фронтод буу бариад босохоос хэцүү" гэх үг бий. Өнөөдөр ч Монголд ийм л байна. 

Эх орон, эрх чөлөө бүтэн байх нь чухал. Монголын ардчилал, эрх чөлөөний цэнхэр туг хазайсан байна. Үүнийг бид тэгшлэх хэрэгтэй. Хонхныхоо дууг дуулах шаардлагатай газар нь дахин дахин дуулах хэрэгтэй" гэлээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж